Sunday, December 16, 2012

Залуу цагийн тавилан хөгширсэн хойно заавал тойрч ирдэг


Алжаал тайлалт хөгжөөн цэнгээн зэрэг нь эрүүл мэндэд ч сайн тул түүнийг дэмжүүштэй. Гэхдээ
хэмжээ нь хэтэрвэл хүмүүн чанарыг бүхэлд нь эвдлэхүйн осол бий. "Сайн тоглож, сайн суралц" гэсэн
сургааль үг үе үе сонсогддог бөгөөд дандаа тоглоод огтхон ч хичээл ном хийхгүй бол хүн улам бүр дэмий
болдог.
Жаргал цэнгэлд хөл алдах шиг залуу хүнд хортой зүйл үгүй юм. Залуу хүний шилдэг чанар
сүйтгэгдэж, жирийн баяр хөөр уйтгартай санагдаж, өндөр дээд оюуны баясгаланг нэхэх сэтгэлээ алдаж
орхидог юм. Тэгээд ажил хөдөлмөр болон үүргээ гүйцэтгэх тал дээр эсрэг сэтгэл, дургүйлхэн муучлахаас
өөр зүйлийг сэрж санахгүй болчихдог гэмтэй.
Зугаа цэнгэлд живэх дуртай, завхай зайдан хүн амин чадлаа үргүй дэмий зарж, жинхэнэ аз жаргалын
эх ундаргаа хагсааж хатаадаг юм.Хүмүүст энэ хорвоогийн алив сайхныг хэчнээн магтан дууллаа ч, эцсийн
дүнд тэр нь хүний араншин хийгээд оюун ухааны эрүүл саруул хөгжилд хүрч очихгүй. Цэл залуу насаа
дэмий балай өнгөрөөж, үнэтэй чухал цагаа үргүй зарсан хүний дүр төрх нь дээгүүр толгойт хөвүүн,
бохирдсон охин, худалч хүүг харахаас илүү зэвүүн байдаг.
Францын хувьсгалыг удирдсан баатарлаг улс төрч Мирабо хүртэл өөрөө өөрийнхөө тухай ийн
өгүүлсэн байдаг юм.
"Залуу цагийн ужид завхай амьдрал,үлдсэн амьдралаас минь цорын ганц зүйлийг нь булаачихсан
юм. Миний амин хүчний ихэнх хэсэг залуу насанд минь үргүй зарагдсан юм даа" гэжээ.
Өнөөдөр хэн нэгэнд буруу мууг хийвэл маргааш тэрхүү тавилан өөрт нь эргээд ирдэг. Үүн лугаа адилаар,
бага залуу насандаа хэрэг үйлдвэл, нас бие гүйцээд заавал үйл лайг нь хүлээдэг юм. Бэкон "залуу цагийн
учир утгагүй хийгээд хэтрүүлсэн явдал нас ахиад ирэхээр нэвт шувт хүрээд ирдэг эд юм"гэжээ.
Энэ үг бие махбодийн талаас гадна оюун санааны тал дээр ч хамаатай байна. Италийн нэгэн яруу
найрагч найздаа бичсэн захидалдаа ийн өгүүлжээ. "Ний нуугүй хэлэхэд, би амьдарч явахын тулд хүндхэн
золиосыг үүрч байгаа юм. Хүний амьдрал өөрийн бодсон ёсоор болно энэ тэр гэж бодох нь буруу ажээ.
Хамгийн эхний үед миний амьдрал нэхээс төлөөсгүй мэт санагдаж байвч, тун удалгүй тэр хэсгийг минь
"нэхэмжилсэн бичиг" яг л хүрээд ирдэг юм байна" гэжээ.
Залуу цагийн буруу зөрүү явдлын хамгийн том гай бол эрүүл мэндээ сүйтгэх явдлаас илүү бүр хүн
чанараа сэв суулгахад байдаг. Хөнгөнцөр явдалд унасан залуу хүн, яс нь хүртэл үжирч өмхийрсөн том хүн
болдог. Нэгэнт л тийм болвол хэчнээн мөрөөдөөд ч өндөр дээд цэвэр хүнд барагтай л бол буцаж очдоггүй.
Хэрвээ ямар нэгэн эмчлэх арга байдаг гэвэл, тэр нь залуу хүнд хариуцлагын сэтгэлийг ургуулж, утга
чанартай ажилд чин сэтгэлээсээ шамдах явдал л юм даа.

Sunday, November 25, 2012

Оюун санаанд " уян хатан чанар" өгөх ном зохиол хэрэгтэй.


Эрдэм ухааныг зөвхөн оюуны алжаалаа тайлах, зугаацах хэрэглүүр болгон ашиглавал боловсролыг өөрийг нь няцаан гутаасан даллага л болж хувирах болно. Гэсэн хэдий ч өнөө үед боловсролоо худалддаг хүн олон болжээ. Бас хөнгөнцөр хялбар уран зохиол хүмүүсийн сэтгэл зүрхийг сандаан үймээж, хүмүүс ч түүнийг нь дөвийлгөн магтаж байх юм.Иймэрхүүгээр олон түмний таашаалд нийцэхийн тулд, бичиг ном, сонин сэтгүүлд эвгүйцэм илэрхийлэл багтаж ядан, "сонирхолтой" солиотой үгс өргөнөөр хэрэглэгдэж, нийтийн жаягийг эвдлэх
олиггүй зураглал нь миний юм шиг, бидний юм шиг царайгаар улам бүр газар авч байна. Жүжгийн зохиолч Даглас Жейлд энэхүү гажуудлыг дараах байдлаар шүүмжилсэн байдаг. "Юутай ч гэсэн, бүдүүлэг тэнэг,инээлгэх төдий өнөөгийн урсгалаас хүмүүс хэзээ нэгэн цагт уйдах нь дамжигтүй.Бага ч болов тэгээсэй гэж би хүсч байна. Эцсийн эцэст хүний амьдралд буурь суурьтай болохоос өөр аргагүй үе гэж байдаг. Хүний амьдрал бүхэлдээ хүний марзганалын түүх биш учраас тэр юм" гэжээ. Зохиолч Жон Сталлинг дээрхтэй адил санааг өгүүлсэн байдаг. "Өнөөгийн хүмүүс, тэр дундаа өсөлтийн насан дээрээ яваа залуучуудын хувьд тийм сэтгүүл, тууж гэдэг нь хижиг өвчнөөс ч илүү аюултай оюун санааны өвчин юм. Цэвэр сайхан усыг өмхийрүүлж, гэр орныг идэх гайт хорхой шиг зүйл юм" гэжээ.
Хүнд хөдөлмөрөөс амс хийгээд их зохиолчийн гайхамшигтай үлгэрийг унших нь мэдээж хэрэг өндөр дээд оюуны таашаал мөн билээ. Нэртэй бүтээл гэж зард гарсан зохиол бүтээл нь хөгшин, залуу, эр, эм аль ч бай ямар ч уншигчийн оюун санааг хүчтэй татахгүй орхидоггүй билээ. Тохирсон, уншлагын таашаалыг ерөөс алдаж болохгүй.
Харин унтах, идэхээ умартатлаа ном уншихад автагдахыг бодож үзүүштэй. Хэрэгтэй, хэрэггүй
номыг ангасан мэт уншиж, тэнд дүрслэгдэж буй нийтээс гажуу амьдралын хээ хуарт сэтгэл татагдаж, цаг завныхаа ихэнхийг өнгөрөөдөг хүн олон. Энэ бол цагийг үргүй зарж буй төдийгүй хүний сэтгэл санаанд ч гарз хохиролтой нөлөө үзүүлдэг.
Уран зохиолд алдарч, хуурмаг сэрэхүйд дарлагдвал, эрүүл чийрэг зүрх сэтгэл муруйж гажаад санаа сэтгэл самуурахын осол ихэснэ. Ном уншиж энэрэн нийгүүлсэхийн сэтгэлийг бадраавч, тэр нь бодит үйлдэлтэй холбогдохын учир үгүй юм. Номонд гарч байгаа хэрэг явдалд сэтгэл хөдөллөө ч гэсэн тэр нь бодитойгоор өөрөө зовох асуудал ч биш, өөрөө золиослогдох ч учир үгүй. Тиймээс адал явдалд дандаа сэтгэлээ хөдөлгөөд байвал бодитой зүйлийн талаар яваа яваандаа мэдрэмжгүй болж ирдэг. Тэгэхээр оюун санаа гэдэг болд төмөр чинь алгуур аажмаар илбэдүүлж, уян хатан чанар хэмээх хувиршгүй онцгой шинж чанараа хэзээ ч юм алдаж орхидог. Нэгэн санваартан ийн өгүүлж байна. " Сэтгэл зүрхэндээ хэчнээн сайн үйлийн зургийг зуравч, энэ нь бодит байдалд сайн үйлийн дадал хэвшил болж биед сууна гэсэн үг биш юм.
Түүгээр барахгүй санаа сэтгэл чигжүүрэн хатуурч, аажимдаа харшил болох бус уу".

Thursday, May 10, 2012

Өөрөө өөрийгөө өвчлүүлбэл эм олдохгүй


Өөрийгөө боловсруулахуйг эрх тушаал хөөцөлдөхийн хэрэглүүр гэж бодох нь үнэн чанартаа тун
бүтэлгүй үзэл юм. Ингэхэд өнөө үед өөрийгөө боловсруулах гэж хэчнээн хүчин зүтгээд ч санасанчлан
хурдан түргэн албан тушаал дэвшиж чадахгүй тул гутарч гунин, хийе гэсэн сэтгэлээ алдаж буй хүн олон
байдаг. Иймэрхүү нөхөд боргоцойн үрийг суулгавал нэгэн агшны дотор царсан шугуй болж өснө гээд
хүлээж суухтай адил сэтгэж байна. Тэд мэдлэгийг лавтайяа худалдах бараа гэж ойлгож ирсэн учраас
төсөөлөл нь амжилтгүй болмогц асар их гутарч буй нь тэрээ.
Дормен Хилл "Сурган хүмүүжүүлэх илтгэл" /1840-1841/-д ийн өгүүлсэн байдаг. Нэгэн сургуулийн
сурагчдын тоо гэнэт цөөрөх болжээ. Нэг багш үүний учир шалтгааныг олохоор болж судлатал ийм баримт
илрэв гэнэ. Хүүхдээ сургуулиас завсардуулсан эцэг эхчүүдийн олонхи нь "боловсролтой болвол миний
хүүхэд урьдахаасаа амар хялбар амьдарч чадах болов уу" гэж найдаж байсан бөгөөд тэгээд бодит байдалд
боловсрол нь "бага ч болов хэрэг болсонгүй" гэж үзээд, түүнээс хойш хүүхдийн боловсролд дэмий зовлогоо
зовоохоо болихоор шийдэцгээсэн ажээ.
Өөрийгөө боловсруулахтай холбоотой иймэрхүү бүтэл муутай бодол нийгмийн газар бүрт хүрч,
хүмүүсийн янз бүрийн гажуудал нэмэх хэрээр өсч торнисоор байна. Хүний зан төрхийг дээшлүүлж, оюун
санааг баялаг болгох язгуур хүч болох ёстой өөрийгөө боловсруулахуй нь хүнийг гүйцэж түрүүлэхийн
төлөөх арга зам, оюуны тоглоомын хэрэгсэл болох нь үзэгдэж байна.Бэконы үгийг иш татвал:"мэдлэг нь юм
худалдаж мөнгө олохын төлөөх дэлгүүр бус, хүнийг аварч туслахын тулд байдаг баялаг агуулах юм." гэсэн
байдаг.
Ажилсаг хүн байр суурь, зэрэг дэвээ дээшлүүлж явах нь мэдээж хэрэг сайн явдал юм. Гэвч бас өөрөө
өөрийгөө хохироогоод ч болов тэгж байх ёстой бишээ. Материаллаг хүсэл шуналаа хангах хэрэгсэл болгож
оюун санаагаа ашиглаж суух нь угтаа бол дорд хэрэг мөн.
Хүний амьдралын амжилт мэдлэгээр бус хичээл зүтгэлээр олддог зүйл. Эрх тушаалд хүрч чадаагүй
учраас гээд хувьгүйгээ гайхаж, уйлан майлан үг цувруулж суудаг хүн бол ядуухан сэтгэлтэй өчүүхэн хүн
гэдгээ батлаж буй тэмдэг болохоос өөр юу ч биш. Роберт Саудер иймэрхүү дорой нөхдийг хатуу чанга
шүүмжилсэн байдаг. Тусламж гуйсан найздаа бичсэн хариу захидалдаа "Хэрэг болдог юм бол зөвлөлгөө
өгье. Харин өөрөө өөрийгөө өвчлүүлсэн хүнийгэмнэх эм энэ тэр гэж байдаггүй. Сайн сайхан, ухаалаг хүн л
хааяа хүмүүст УУР хүрч , хүмүүст итгэхээ больчихдог байж магадгүй. Гэхдээ өөрийнхөө үүргийг нягт
нямбай гүйцэтгээд явж байгаа хүн бол хүмүүст сэтгэл хангуулан бус байх ёсгүй дээ" гэжээ.

Friday, April 20, 2012

Дандаа доошоо хараад байвал их зориг ирдэггүй


Сайн ном зохиол мэдээж хэрэг ашиг тустай, суралцах зүйл их байдаг. Гэлээ ч тэр нь оюун санааг цэвэршүүлэн дээшлүүлэх нэгг л арга юм. Хүний зан араншингийн төлөвшилд бодитоор өөрийн биеэр турших юм уу, гайхалтай арга барилд суралцах нь үр дүн ихтэй байдаг.
Жинхэнэ боловсролын зорилго бол бусдын сэтгэлгээ, санаа бодлыг тэр хэвээр нь ууталж, толгойдоо чихэх явдал биш. Хамгийн гол нь чадвараа дээшлүүлж, утга учиртай амьдрахаар оролдож зүтгэх нь чухал.Бид оюун ухаанаа хөгжүүлж, зан араншингаа дээшлүүлж, илүү баялаг бөгөөд аз жаргалтай, үнэ цэнтэй амьдралыг туулахын тулд л суралцах ёстой юм. Мэдлэг нь хүний амьдралын өндөр дээд зорилгыг илүү үр өгөөжтэй мөрдөхөд нөлөөлөх амьдрах хүчний эх ундрага байх ёстой билээ.Бид өөрсдөө "ямар байх ёстой вэ", тэгээд "юуг хийх ёстой вэ" гэдгийг өөрийн биеэрээ сонгож авах учиртай. Дан ганц ном уншихад улайраад, бусдын хөрөг дүр, үйл хөдлөлийг магтаж муучлаад түүндээ сэтгэл ханах гэвэл хэцүүдэх билээ. Гайхамшигтай мэдлэгийг тэр хэвээр нь өөрийнхөө амьдралд тусгаж, шилдэг сайн санаа бодлыг тэр чигээр нь өөрийнхөө үйл ажиллагаатай холбож байх ёстой юм.Иймэрхүү практик маягийн мэдлэг ухаан нь өөрийгөө боловсруулахуй болон биеэ эзэмдэх сэтгэлийг дамжиж байж л олддог. Энэхүү хоёр зүйлийн уг үндсэнд өөрийгөө хүндэтгэх сэтгэл оршиж байдаг болой.Хүсэл тэмүүлэл ч бас өөрийгөө хүндэтгэх сэтгэлээс төрж гардаг билээ. Хүсэл эрмэлзлэл нь хүч чадлын
нөхөр агаад амжилтын ээж юм. Өөрийгөө хүндэтгэх сэтгэл гэдэг, хүн биедээ зүүх хамгийн эрхэмсэг өмсгөл бөгөөд юу юунаас илүүтэй оюун санаанд урам өгч байдаг юм.
"Чи өөрийн биеэ хүндэтгэж бай" гэж Пифагор шавьдаа хэлж байв, өөрийгөө хүндэтгэх сэтгэл хэмээх өндөр дээд ухаанаар түшүүлсэн хүн мэдээж хэрэг, тачаалд ойчиж биеэ гэмтээх, эсвэл өөдгүй бодлоор сэтгэлээ бохирдуулах сэлтийг хийдэггүй юм. Өдөр тутмын амьдралын өнцөг булан бүрт өөрийгөө хүндэтгэх сэтгэл тархаж хүрч чадвал цэвэр тунгалаг болон уужим талбиу, авхаалж самбаа, ёс журамтай байх гэх мэт олон сайн үйлийн үндэс нь болох билээ.
"Хэрсүү чамбай, зөв, өөрийгөө хүндэтгэх сэтгэл гайхамшигтай зүйл бөгөөд учир утгатай бүтээлийг төрүүлэх хөрс суурь, эх ундрага болж байдаг" гэж шүлэгч Милтон өгүүлжээ. Өөрөө өөрийгөө дорд үздэг хүн бусдад ч доордчилогдож байдаг. Өөдгүй муу бодолтой байвал үйл ажилд нь ч тэр нь илэрч байдаг. Дандаа доошоо хараад явбал, хүнд их зориг ирдэггүй. Өөдлөе дээшлэе гэж үнэн сэтгэлээсээ хүсвэл толгойгоо өргөж явах ёстой болно.
Өөрийгөө хүндэтгэх ухаан нь ямар ч хүнд сэтгэлийн дэм болдог юм. Энэхүү сэтгэл л байвал ядуу буурайг үлдэн хөөмү, хэцүү бэрх амьдралд ч нэг зүгт чиглүүлсэн гэгээ гэрэл тусгаж өгдөг. Хэчнээн ядуу зүдүү байлаа ч бахархах юмаа өндөрт хадгалж , дур хорхойг юм гэж үзэлгүй, биеэ доош унагах муу үйлийг тас хорьж явбал,тийм хүнийг харахад өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл бусдад аяндаа төрмү.

Monday, January 9, 2012

"Жинхэнэ мэдлэг" ба "хуурамч мэдлэг"



Өнөө үед нэр хаягийн соёлын чухлыг хэт дэгсдүүлж хөөргөдөх нь буруу юм. Тухайлбал "номын сан" боловсролын төв олон байгаагаас хүмүүс том ахиц дэвшил гаргалаа гэж бодох нь цөөнгүй. Гэвч угтаа бол тийм байгууламж хүн өөрөө өөрийгөе боловсруулахуйд хаалт болох тохиолдол ч бий . Баян хүн заавал ч өгөөмөр байдаггүйтэй адил гайхалтай номын сан байж, түүнийг чөлөөтэй ашиглаж чадах юм ч гэсэн түүгээр эрдэм мэдлэг төгсжих учиргүй. Сайхан байгууламж байх, үгүй нь хамаагүй, суут хүмүүстэй адилхан анхааралтайгаар юмс үзэгдлийгажиглаж, шаргуу идэвхитэй оролдлого зүтгэл гаргахаас өөрөөр оюун ухаан
болон танин мэдэх чадварыг хүртэх зам үгүй. Оюун ухаан болон танин мэдэх хүч бол ном уншихаас нэлээд өндөр хэмжээний дасгал сургуулийгдамжиж байж олддог зүйл билээ. Нөгөө талаар ном, бичгээс мэдлэгийг хурааж сорж авах нь бусдын үзэл санааг тэр хэвээр нь ууталж байгаатай адил зүйл бөгөөд, өөрийн санаа бодлоо идэвхтэй
хөгжүүлье гэж буй оролдлогоос том ялгаатай. Өөрөөр хэлбэл хэчнээн мянган боть ном зохиол уншъя гэвч тэр нь архийг бага багаар шимэж уухтай адил оюуны зугаанаас хэтрэхгүй. Тэр үед аятайхан хөлчүүхэн мэдрэмжийгамталдаг авч жаахан атугай сэтгэлийн тэжээл болдоггүй, хүний авир араншинг өөд нь татахад хэрэг болдоггүй юм.
Ном, зохиол уншихыг өөрийгөө гэгээрүүлж хөгжүүлэхийн арга зам гэж бодож яваа хүн олон байдаг. Угтаа бол ном унших гэдэг нь цаг өнгөрөөж байгаа төдий хэрэг юм. Энэхүү цаг өнгөрөөлтөд ямар нэгэн ашигтай тал байгаа гэж үзвэл тэр нь муу үйл хийх бололцоог тэр хүнээс боломжийн хээрээр булааж авч байгаа төдий юм уу даа.
Бас нэгэн мартаж болохгүй зүйл бол, номноос хэчнээн чухал туршлага суралцаж мэдэж авлаа ч гэсэн, эцсийн дүнд сургаар мэдэхийн хаалтыг давж чаддаггүй юм. Харин бодит амьдралаас олсон туршлага бол жинхэнэ ухаан болдог. Өчүүхэн багатийм мэдлэг асар их хэмжээний сургийн мэдлэгээс үнэ цэнээр хавьгүй их билээ. Нэгэн нэртэй улс төрч өгүүлэхдээ: "Шууд ч бай, дам ч бай, биднийг сайн хүн, бүр цаашлаад сайн ард түмэн болгон хөгжүүлэхгүй тийм эрдэм ухаан бол үнэмшилтэйгээр хийгдсэн оюун санааны дуураймал тоглоом мөн. Тийм эрдэм ухаанаас мэдлэг олоход эгээ л үл мэдэхээс суралцаж байгаагаас юуны ялгаатай вэ" гэжээ.