Sunday, November 25, 2012

Оюун санаанд " уян хатан чанар" өгөх ном зохиол хэрэгтэй.


Эрдэм ухааныг зөвхөн оюуны алжаалаа тайлах, зугаацах хэрэглүүр болгон ашиглавал боловсролыг өөрийг нь няцаан гутаасан даллага л болж хувирах болно. Гэсэн хэдий ч өнөө үед боловсролоо худалддаг хүн олон болжээ. Бас хөнгөнцөр хялбар уран зохиол хүмүүсийн сэтгэл зүрхийг сандаан үймээж, хүмүүс ч түүнийг нь дөвийлгөн магтаж байх юм.Иймэрхүүгээр олон түмний таашаалд нийцэхийн тулд, бичиг ном, сонин сэтгүүлд эвгүйцэм илэрхийлэл багтаж ядан, "сонирхолтой" солиотой үгс өргөнөөр хэрэглэгдэж, нийтийн жаягийг эвдлэх
олиггүй зураглал нь миний юм шиг, бидний юм шиг царайгаар улам бүр газар авч байна. Жүжгийн зохиолч Даглас Жейлд энэхүү гажуудлыг дараах байдлаар шүүмжилсэн байдаг. "Юутай ч гэсэн, бүдүүлэг тэнэг,инээлгэх төдий өнөөгийн урсгалаас хүмүүс хэзээ нэгэн цагт уйдах нь дамжигтүй.Бага ч болов тэгээсэй гэж би хүсч байна. Эцсийн эцэст хүний амьдралд буурь суурьтай болохоос өөр аргагүй үе гэж байдаг. Хүний амьдрал бүхэлдээ хүний марзганалын түүх биш учраас тэр юм" гэжээ. Зохиолч Жон Сталлинг дээрхтэй адил санааг өгүүлсэн байдаг. "Өнөөгийн хүмүүс, тэр дундаа өсөлтийн насан дээрээ яваа залуучуудын хувьд тийм сэтгүүл, тууж гэдэг нь хижиг өвчнөөс ч илүү аюултай оюун санааны өвчин юм. Цэвэр сайхан усыг өмхийрүүлж, гэр орныг идэх гайт хорхой шиг зүйл юм" гэжээ.
Хүнд хөдөлмөрөөс амс хийгээд их зохиолчийн гайхамшигтай үлгэрийг унших нь мэдээж хэрэг өндөр дээд оюуны таашаал мөн билээ. Нэртэй бүтээл гэж зард гарсан зохиол бүтээл нь хөгшин, залуу, эр, эм аль ч бай ямар ч уншигчийн оюун санааг хүчтэй татахгүй орхидоггүй билээ. Тохирсон, уншлагын таашаалыг ерөөс алдаж болохгүй.
Харин унтах, идэхээ умартатлаа ном уншихад автагдахыг бодож үзүүштэй. Хэрэгтэй, хэрэггүй
номыг ангасан мэт уншиж, тэнд дүрслэгдэж буй нийтээс гажуу амьдралын хээ хуарт сэтгэл татагдаж, цаг завныхаа ихэнхийг өнгөрөөдөг хүн олон. Энэ бол цагийг үргүй зарж буй төдийгүй хүний сэтгэл санаанд ч гарз хохиролтой нөлөө үзүүлдэг.
Уран зохиолд алдарч, хуурмаг сэрэхүйд дарлагдвал, эрүүл чийрэг зүрх сэтгэл муруйж гажаад санаа сэтгэл самуурахын осол ихэснэ. Ном уншиж энэрэн нийгүүлсэхийн сэтгэлийг бадраавч, тэр нь бодит үйлдэлтэй холбогдохын учир үгүй юм. Номонд гарч байгаа хэрэг явдалд сэтгэл хөдөллөө ч гэсэн тэр нь бодитойгоор өөрөө зовох асуудал ч биш, өөрөө золиослогдох ч учир үгүй. Тиймээс адал явдалд дандаа сэтгэлээ хөдөлгөөд байвал бодитой зүйлийн талаар яваа яваандаа мэдрэмжгүй болж ирдэг. Тэгэхээр оюун санаа гэдэг болд төмөр чинь алгуур аажмаар илбэдүүлж, уян хатан чанар хэмээх хувиршгүй онцгой шинж чанараа хэзээ ч юм алдаж орхидог. Нэгэн санваартан ийн өгүүлж байна. " Сэтгэл зүрхэндээ хэчнээн сайн үйлийн зургийг зуравч, энэ нь бодит байдалд сайн үйлийн дадал хэвшил болж биед сууна гэсэн үг биш юм.
Түүгээр барахгүй санаа сэтгэл чигжүүрэн хатуурч, аажимдаа харшил болох бус уу".