Saturday, February 27, 2010

Хорин таван нас

Хорин таван нас
Яруу найрагч Чинзориг гэж цангинасан хоолойтой, их сэтгэгч хүмүүсийн хайш яйшхан төрхийг өөртөө агуулсан залууг би залуухан оюутан байхдаа анха харж байж билээ. Түүнийг “Хорин таван нас” гэдэг шүлгээ уншиж байхад нь сонсоод сууж байлаа. Тэр шүлэгнээс би өөрийгөө голуулахгүй байх, хэн нэгэнд басамжлуулахгүй байх философийг өөртөө зах зухаас нь авсан гэж боддог. Уг шүлэг “...хотгойдын Чингүнжавын цэрэг голоогүй хорин таван нас...” гэж уянгалаг сайхан хэлсэн байдаг юм.
Тиймээ, хүн бүр хорин таван насгы туулдаг, рэгэхдээ хүн бүр өөрийг нь залуу, жулдрайгаар нь дуудахад дургүй. Тэр үеийн хорин таван нас гэдэг бол цэргийн албаа хаасан эрчүүд, эрдэм боловсролоо дуусгаад ирсэн сэхээтнүүд, эхнэр авах хүсэлтэй залуус байдаг байлаа.
Нийгмийн амьдрал буцалж буй аль ч газар очсон ажлын цөм нь хорин тавтай охид, хөвгүүд байлаа. Хэн ч тэднийг “бага залуу, шальдар бульдар” гэж голж байсангүй ээ.
Хорин таван настнуудыг нялх балчаар нь дуудаж эхэлсэн үе гэвэл нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтийн давалгаанд албан байгууллага, үйлдвэр, заводад явагдсан цомхотголтой холбоотойгоор гарч ирсэн яриа, цуурхал юм шүү дээ. Аливаа цомхотголын сураг гарахаар нийт ажиллагсдаас үлдээж ажиллуулах хүмүүсийг шигшихэд ажил хийдэггүй, хийдүүлдэг, туршлага багатай, залхуу нэгнээ шалгаруулан ажлаас халах бодлого байдаг ч, нийт ажиллах хүчний насны харьцаа, аливаа ажиллах цөмийн залгамж чанарыг хадгалах нь хүний нөөцийн, хуучнаар боловсон хүчний дарга нарын алсыг харсан чигч харааны илрэл байдаг байсан байх.
Харин одоо үед бол өөрөөр эргэсээн хөө. Хэн илүү сайн ажилтан байсан ч залуу, нялхаар нь дуудаж өөрсдөө дайраагүй нас мэт аяглах нь их болжээ. Хэдий мэдлэгтэй залуу боловсон хүчин байсан ч өөрөөс нь илүү гарчих вий гэх харм сэтгэлдээ дийлдээд цомхотгочих нь бий. Тэгэхдээ нөгөө алдарт “нялх сэнгүм” гэдэг хочоо өгнө дөө.
Одоо тэгээд ерээд онд гаргасан тэр алдааны илрэл нь аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болж залгамж чанартай хүний нөөц үнэхээр байхгүй, нэг үеийнхэн олноор үлдэж нөгөө үеийнхнийг олноор гаднаас авсанаар байгууллагын ажил доголдох үзэгдэл уламжлал мэт болжээ. Төрийн захиргааны байгууллагууд, онцлог чиг үүрэгтэй агентлагууд дээр бол дүр зураг эмгэнэлтэй байгаа шүү дээ. Үүнийг мэдэрч байх үүрэгтэй Удирдлагын хөгжлийн академи нь зөвхөн орлого, ашгийн хойноос хөөцөлдөж явдаг нэгэн бүлэглэл болж хөгжөөд байдаг.
Тэгэхээр эх орондоо сурсан мэдсэнээ бүтээе гэсэн сэтгэлтэй залуучууд нь ямартаа ч хийх юмгүйгээс дээр гээд юутны ширээнээс мастер, докторын ширээ рүү шууд л шилжээд суучихаж байна.
Э.БОЛОР

НҮД ДАСАХЫН ГАМШИГ

НҮД ДАСАХЫН ГАМШИГ
Манайхан ярьдагдаа “юманд нүд дасчээ”гэж. Энэ үг арга тасарсан хүний хэлдэг үг үү, аль ч учраа олохоо больсон үед хэлдэг үг үү? Үүнийг бид өдөр тутамдаа хэлсээр ёстой л “модон хэл” болгосон бус уу. Уг өчлийнх нь утга нь буруу, гаж зүйлд нүд дасч болохгүй гэсэн утгатай биз дээ. Бидний өөрсдийгөө хуурмагаар дөвийлгөн хэлдэг монголчилсон л болохоос бус утга нь эсрэгээр л ойлгогдох ёстой баймаар.
Дээрх хэлсэнчлэн, бид маш олон муу зүйлд нүдээ дасгаж болмооргүй байнаа. Бид эрх чөлөөгөө боомилуулахдаа нүд дасаж болохгүй ээ. Бид хүний эрхийн түгээмэл тунхаглал гэсэн нэртэй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг хэр зэрэг мэдэх билээ. Бидэнд түүнийг хэр зэрэг мэдүүлсэн билээ. Манай улсад хуулиар л зөвшөөрөөгүй бол болохгүй гэдэг ерөнхий ойлголт хаана хаанаа хатуу чанга үйлчилсээр л байгаа. Түүний маш хатуу илэрхийлэл нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний оройн үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд хариу цуст аллагаар төгссөн явдал юм.
Энэ орой бол иргэдийн энэ тэмцлийн туйл нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Ху намын байрны өмнөх цуглаан байлаа. Түүнийг хэн ч зохион байгуулаагүй. Тэр цуглаан бол сонгуулийн саналыг луйвардуулсандаа бухимдсан хилэнт иргэдийн “иргэний зориг”-оороо газар газраас хуран оролцсон арга хэмжээ байлаа. Хэдийгээр гунигтайгаар төгссөн мэт боловч энэ нь иргэдэд эрх чөлөөгөө тэмцэж олж авахаас өөр аргагүй гэдгийг харуулсан юм. Ийм төгсгөлд бид нүд дасаж болохгүй ээ.
Бид эд хөрөнгөө дээрэмдүүлэхэд нүд дасаж болохгүй ээ. Цэнхэр, ягаан тасалбарыг мөн л иргэдэд ямар ч сурталчилгаа, ойлголтгүй хэрэгжүүлснээр тэр их хөрөнгө одоо тухайн үеийн албан тушаалтнуудын гарт орж нийгмийн баялагийн ихэнх хувь нь хэдхэн хүний гэр бүлийн өмч болсон байна. Монголын баялагийн 80 хувь нь зөвхөн 150 гэр бүлд эзэмшигддэг гэсэн тоог сонсоод сэтгэл давчдаж байна.
Бороо гоулдын алтыг нэгэн этгээд гадаадынханы нөмөр дор хил давуулаад зөөчихлөө. Этгээд гэдэг үг ч хөнгөднө. Алсдаа энэ хүнийг олон нийт шүүх болно. Энэ бол болсон явдал учраас тодруулан өгүүллээ. Харин болох гэж байгаа, болж байгаа асар их луйвар, хулгай байна. Нийслэлийн иргэдийн татвар, тэтгэврийн сангийн луйвар гэх мэт.
Яагаад гэвэл, улсын санд орох байсан ашгийг оруулалгүй, гадаадынханд найр тавих замаар өөрсдөдөө ашиг оруулж байгаа тохиолдол болгон иргэдээсээ хулгай хийж байгаа гэмт хэрэг юм. Үүнд жижиг, том гэж байхгүй. Хэрэг хуучрахгүй. Нийтийн халамжинд, үйлчилгээнд зарцуулагдаж байгаа мөнгийг хянах ёстой байгууллага байна уу? Санхүүгийн зохицуулах хороо нь ер нь юу хийдэг хоолны сав юм бол доо. Ийм хулгайд бид нүд дасаж болохгүй ээ.

Бид эрдэм мэдлэгээ уландаа гишгэхэд нүд дасаж болохгүй ээ. Хуучнаар Зөвлөлт холбоот улсад суралцаад ирсэн мэргэжилтэй залуусыг тосож аваад ажлын байраар хангадаг байлаа. Заавал ч гадаадад суралцсан гэсэндээ биш л дээ. Улсын хөрөнгөөр сураад ирсэн хүний мэдлэгийг ашиглах гэж тэр байхгүй юу.
Тэр үед мэдлэгийг шүтдэг байжээ. Одоо бол гадаад, дотоодод сурсан залуус сүлжээ дэлгүүрийн худалдагч болох хувь тавилантайгаа эвлэрдэг болсон байна. Дотоодын сургуулийн тоо нь ч яасан их юм бэ. Гадаадад суралцсан залуус ч ямар ирдэггүй юм бэ. Шалтгаан нь нутагтаа очоод ажил олдохгүй, ажилд ордог нь дандаа том албан тушаалтны үр хүүхэд, ач гуч, хамаатан садан. Тэд гадаад, дотоодод сургууль төгсөөгүй ч байж болно. Тэд нарыг авахын тулд ажиллаж байсан туршлагатай, мэдлэгтэй нэгнийг золиосонд явуулах юу ч биш. Тэгэхээр танилгүй бол мэдлэгтэй байх гол нь биш. Мэдлэг хөсөр хаягдахад бид нүд дасаж болохгүй ээ.
Бид эрүүл мэндээ хохирооход нүд дасаж болохгүй ээ. Монгол улсын иргэн эрүүл явах эрхтэй тухай үндсэн хуульд тунхагласан шүү дээ бид. Энэ нь улс нь иргэний татварын хөрөнгийг эрүүл явахад нь зарцуулах үүрэгтэй гэсэн үг. Иргэн нь эрүүл явахаас өөр ямар ч эн тэргүүний бодлого ямар ч засгийн газарт байж таарахгүй. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө төсөв гаргахгүй байгаа гэдэг чинь иргэний эрүүл мэндийг хохироох шууд үйлдэл гэж ойлгож болно. Татвараа зүсэм талхнаасаа хүртэл өгч байгаа бид түүнийхээ хариу болгож эрүүл мэндийн зохих үйлчилгээг авч чадахгүй байгаа нь дэндүү хайхрамжгүй явдал биш үү.
Эрүүл мэндийн тогтолцооны доголдолтой зохион байгуулалт, эмч нарын хариуцлагагүй ажиллагаа, төсвийн хүрэлцээгүй гэх түмэн тайлбарыг иргэн хүн сонсох ч ёсгүй. Эх нялхсын эндэгдэл, бага насны хүүхдийн нас баралт, гадаадад эмчлүүлэгсдийн урсгал энэ бүхэнд бид нүд дасаж болохгүй ээ.
Бид хариуцлагагүй удирдлагуудын хууль бус ажиллагаанд нүд дасаж болохгүй ээ. Нийслэлийг хөдөөжүүлэх, утаажуулахад хүргэсэн эс үйлдлүүд, архины дэлгүүрийн хязгаар 600 байхыг 1000 хол давуулсан гэм буруу, хотын замын сүлжээ нь хамгийн нягтаршилгүй болсоныг, төрийн байгууллагуудын ажил гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадваргүйгээ нисдэг тэрэгний осол гэх мэт онцгой үед харуулсныг, нийгмийг цочроосон томоохон гэмт хэргүүд болох банкны 13 тэрбум төгрөг завшсан, удахгүй болох газар хөдлөлтийн гамшигт бэлэн бус байгааг хэн ч хайрахгүй, анзаарч харахгүй байгааг амьдрал өөрөө бидэнд сануулах болно. Тэр үед хэнбугай нь юу ч гэж хэлсэн өнгөрсөн хорвоо болох учиртай.
Бидний төр улсыг авч явна гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа одоогийн эрхтэн дархтнууд амиа хоохойлоод гадаад улс руу зугатаахад бэлтгэж үр удмаараа гадаадад тохижиж байгааг бид сонссоор л байгаа. Тэднээс ам асууха цаг өнөө биш юм гэхэд үр хүүхдээс нь асуух цаг ирнэ. Гэсэн хэдий ч, бид хариуцлагагүй удирдлагуудын хууль бус ажиллагаанд нүд дасаж болохгүй ээ.
Бид эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Хуучин нийгмийн тогтолцоог халж, эрх зүйт төр байгуулах, захиргаадалтын үеийн томоохон албан тушаалтнуудын онцгой хангамж, ямбыг хязгаарлах ёстой гэж өрнөж үр дүнд хүрсэн өөрчлөлт маань өнөөдөр үр дүнгүй болжээ. Хуучнаар улс төрийн товчооны 11 гишүүн л хэрэглэж байсан өндөр эрх ямбыг одоогийн УИХ-ын 76 гишүүн, дээр нь Засгийн газрын 13 гишүүн, түүнчлэн аймаг, нийслэлийн энэ олон засаг даргууд гээд улам л олон ямбатнууд хүртдэг болжээ. Тэр эрх ямба болгон иргэний идэх талх, хэрэглэх эмчилгээ, сурах сургуулиас хасаж байна гэсэн үг. Ху намын байрыг барих 13 тэрбум төгрөгөөр 600 хүүхэд суралцах 5 сургууль барих байсан гээд бод л доо. Тэгэхээр бид эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид ирээдүйн баталгаагаа алдаж байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Монголчуудын тархины гоожилт явагдаад дуусч байгааг бид мэднэ. Эхний ээлжийн гоожилт үргэлжлээд саяын эдийн засгийн хямралаар түр саараад байна. Эх нутагтаа эрдэм мэдлэгээ зориулж, түүнийхээ хэрээр төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө санаа сэтгэл, хүсэл эрмэлзлэлтэй залуусыг бий болгохын тулд одооноос анхаарахгүй бол бид улс үндэстнээрээ мөхөх аюулд ороход ойрхон байна шүү. Одоо бол оройтож байж ч магадгүй ээ. Түүхийн хүрднээ энэхэн жилүүд өчүүхэн мэт боловч хүний амьдралд асар их хугацаа алдагдаж байна даа. Бид ирээдүйн баталгаагаа алдаж байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид эх орноо хайрлахгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Өнөөдөр бид зөвхөн хэрэглэгч, авч идэхийн донгоор амьдарч байна. Ядуу нэгэнд нь арга ч үгүй биз ээ. Харин амьдралын бололцоотой болсон хэн нэг нь бусдын төлөө, ирээдүйн ач үрсдээ хөгжил дэвшлийг үлдээхийг бодохгүй хэт аминч үзлээр амьдарч байна. Бид чинь шүтэх мөнх хөх тэнгэр, наминчлал хүсэх бурхан тахил, гэм нүглээ цайруулахыг хүсэх ард түмэнтэй улс шүү дээ. Өнөөдрөөр өөрийн амьдралыг хэмжээд байх нь харалган хүний ч хийх ажил биш баймаар юм.
Эх орноо хайрлана гэхээр нянжа нар руу хуруугаараа чичигчид их болжээ. Харин тэр чичигч нар нь өөрсдөө хөгжлийг боомилж, баялагийг нь хумслагчид байгаа гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байна. Хулгайч өөрөө хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг юм гэдэг шүү дээ. Тэгэхээр аливаа хөгжлийн үүдийг хааж, эрмэлзлэлийг мохоож, завхарлыг өөгшүүлэгч хэн бүхэн эх орноо хайрладаггүй байж таарна шүү дээ. Бид эх орноо хайрлахгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид эзэн нь гэж өөрсдийгөө мэдрэхгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Та гэртээ байгаа эд хогшлоо тоолохгүйгээр нүдэн баримжаагаар мэдэрч чаддаг шигээ өөртөө ногдох баялагийг хаана хэн завшаад байгааг мэдэрдэг болж сурах хэрэгтэй. Та биднээс өөрсдөөс минь өөр хэн ч тэр баялаг, эрх мэдлийг бидэнд өгөхгүй.
Ядахдаа бидний өтөл насандаа авахаар хуримтлуулсан тэтгэврийн санг төр идэж завшаад байгааг ч бид мэдрэхгүй явна. Хотын эзэмшил, нийгмийн халамж, нийтийн хэрэгцээ, үйлчилгээний асар их хөрөнгийг хэн гартаа бариад, хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг ч мэдэх арга алга. Аргагүй юм, мэдүүлдэг тэр байгуулллага, тогтолцоо нь алга байна. ОХУ-ын Счётная плата гэдэг байгууллага, барууны хөгжилтэй улсуудад мөн адил байдаг бөгөөд иргэд, олон нийтийн санаачлагаар хүртэл нийтийн зориулалттай төсвийн зарцуулалтыг хянаж байдаг Үндсэн хуулийн байгууллага байна. Энэ бол ардчилал, бүгд найрамдах засаглалын үндсэн хэв шинж юм. Бид эзэн нь гэж өөрсдийгөө мэдрэхгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид бусдаас үргэлж хоцорч байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Бидний хүрээлэн байгаа бүс нутагт манайхаас өөр буурай орон бараг алга. Бид яахав ямаан омогтой, элэн өвгөдийн жаран жарны дайны олзоор цамаан амьдраад ирсэн халуун гентэй хүмүүс. Тиймдээ ч төрөөс өгөх хайр хишгийг горьдож хүлцэнгүй амьдарсаар өдий хүрлээ.
Тэд нар тэгж л байдаг юм, болох байлгүй гэсэн хоосон атаархлын манандаа төөрсөөр сүүлдээ энэ нь бүүр зан болж хувирсан. Тиймдээ ч одоо бид нар шиг арчаагүй улсыг энэ бүс нутгаас хайгаад олдох болов уу. Бидний өтгөс өвгөдийн өв хөрөнгийг тооцохгүйгээр өөрсдийн бүтээн байгуулах баялагийг ярьж байгааг ойлгож байгаа буй заа. Бид сүүлийг мушгисаар л унтаж байх хооронд дундад зууны соёл иргэншилтэй байсан Япон, Солонгосын хөгжөөд байгааг хар даа. Ядаж тэд сайныг дагаж хөдөлмөрлөсөөр ийнхүү баялагаа бүтээлээ. Бид бусдаас үргэлж хоцорч байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Миний нийгмийн хоцрогдлын шалтгааныг өчүүхэн ч болов оношлох гэсэн энэхүү эссье бол зөвхөн мөсөн уулын жижг хэсэг юм шүү. Уншигч авхай та үүнийг оюун ухаандаа тунгаан тольдож баяжуулан ойлгох биз ээ.

Э.БОЛОР

Хүний гараар могой бариулах

Хүний гараар могой бариулах

Төрийн албыг орхин ганзгын наймаа, пүүс компани бараадан явцгааж байсан цаг саяхан. Тэрхүү сийрэг толгойтнуудын ард төрийн албаны голомтыг сахин үлдэж ороо бусгаа цагт төсвийн хэдэн төгрөгөөр гэрээ бүлээ тэжээсэн нэр зүүж цалингаас цалингийн хооронд өртэй амьдарсаар ирсэн үнэнч сэтгэлтнүүд байсан юм шүү. Одоо ч байсаар л байгаа. Гэхдээ тэр үеийнх нь хичээл зүтгэлийг нь таг мартаад тухайн байгууллагын албан хаагчдын тээр хойно шинэхэн даргын нүдэнд үл оногдохыг хичээн ажилдаа нухлуулж суугаа.
Төрийн албыг ядуу хэмээн хаалгыг нь саван гарагсад одоо бэлтэй чинээлэг болж, өөрийнхөө бор ходоодыг цатгасан хойноо улс төрчид, хурган дарга нарын өлөн нүд, ёроолгүй халаасыг төрийн албанд насаараа зүтгэсэн хүний санаанд багтамгүй мөнгөөр дүүргэн хүч түрэн орж ирээд, өнөөх төрийн албандаа насаараа зүтгэсэн “доожоогүй” нөхдийг тас гэдрэг нь мөргөж унагаад гайгүйхэн албан тушаалд нь сууцгааж байгаа нь нэн үнэн болсон юм.
Мэдээж хэрэг, төрийн албанаас олон жил хөндийрсөн хүмүүс чинь албаны ёс зүй, соёл, төрийн албан хаагчийн жудаг, хүнлэг чанарыг таг мартсан байдагийг хэн ч хэлнэ. Тиймдээ ч, хамт ажиллаж байхдаа хамгийн хуншгүй зан гаргах, худал ховлон матах, даргад өмнөөс нь ичиж үхмээр долигнох, өчүүхэн зүйлийг дэлбэртэл нь хөөргөх, хүний ажлыг булшлан дарах зэрэг аль болж бүтэхгүй юмыг сүүхээчлэн хэрэгжүүлэхдээ гарамгай байхыг нь яанаа.
Төрийн албыг хүчгүйдүүлэн сулруулж буй хамгийн гутамшигт зүйл бол энэ мэт эрээ цээргүй байдлыг дээрээсээ өөгшүүлэн дэмжиж байгаад байгаа юм даа. Ёстой алба ёсоороо явагддаг байхад аливаа салбарын удирдлага нь тэр салбараасаа тавигдаж, түүнийг хамт олон хүлээн зөвшөөрч удирдлагад нь хичээнгүйлэн зүтгэдэг байсан юм. Тэгэхээр албандаа амжилт гаргаж өсөн дэвжих хүслээр өөрийгөө тордож боловсруулагчид ч олон байлаа. Тэдгээрийг ч боловсон хүчний алба анхааралдаа авч залж удирдах, дэмжин чиглүүлэх бодлоготой байсан билээ.
Одоо бол хэн нэгэнд хамгийн долдой хэлбэрээр ойртож, эрхэмсэг нэр төр, бардам байдлыг уландаа гишгэн гүйлдсэн адгийн шаарууд хариуцлагатай албанд очиж байна. Өөдгүй шаарууд очоод ч зогсохгүй эцсийн харицлага, хожмын уршгийг ч тооцохгүйгээр амин чухал албан тушаал, ажлын байруудад өөрсдийн адил хувалзнуудыг хүчээр оруулж байгаагаас нийгэмд төрийн албаны нэр хүнд шалдаа бууж, иргэдэд хор уршигтай гамшиг хохиролууд улам бүүр гаарч байна.
Өөрөө хэн нэгнээр шууд дэмжүүлэн ажилд орсон хүн төрийн албыг ийм байдгаар ойлгож дараа дараачийн хүний гуйлтуудыг маш энгийн зүйл мэтээр хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нөхрийг гуйж, эсвэл шахаж, тулгаж хууль, ёс журманд харш үйлдэл хийлгүүлэх маш амархан болж байгаа юм. Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн салбар, хууль сахиулах байгууллага гэсэн хүний амь нас, иргэдийн эрх чөлөө, хүний эрхтэй холбоотой байгууллагуудад энэ мэт шинээр орогсдын балаг маш хор уршигтай юм. Тэр хор уршгийг гуйж ажилд оруулсан дарга, хэрэгжүүлж өгсөн гар хөлүүд үүрэхгүй нь аймшигтай. Хүний гараар могой бариулж хийсэн бусармаг үйлдлийн хор уршгийг албандаа чин сэтгэлээр зүтгэж байгаа олон жилийн туршлагатай жирийн нэгэн албан хаагч үүрч байдаг юм. Энэ нь туйлын харамсалтай.
Амьдрал дээр улс төр, хувийн хүчин зүйлээр шууд ажилд орж байгаа тохиолдол маш олон. Тэдгээр ажилд шууд орогсдын ажлаас гарч явах нь анх орсоноосоо тэс эсрэгээр өрнөдөг. Өөрсдийнхөө хэн байсан, яаж орсоноо мартаад “намайг хууль бусаар халж, сольж байна” хэмээн шүүхээр өргөдөл барьж, танил тал, хээл хахуулиараа л түрий барин хөөцөлдөж эхэлнэ дээ.
Төрд зүтгэж байсан нэгэн нь бол удирдлагын бодлого, шийдвэрийг даганаа хэмээн дуугүй одох нь олонтаа.
Эцэстээ төрийн албанд орох гэж хэн бүхэн бодож мөрөөдөх нь хүний эрхийн асуудал. Мэдлэг чадвар, дадлага туршлагатай хэн нэгэн ажиллах л ёстой алба л даа. Харин бусдын эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлыг хэн нэгнээр дулдуйдан булааж авах л ёсгүй эд. Тухайн байгууллагад анх орсон ажилтны хийх ёстой ажил, дамжих ёстой үе шатыг дамжаад очих газраа хүрвэл хууль ёсондоо ч таарна, хүний жудагт ч зохистой баймаар юм.
Энэ өгүүллийг төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн мянга мянган шударга албан хаагчдын төлөө бичлээ. Тунгаан үзэж саналаа нэмэрлэнэ үү.

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Monday, February 22, 2010

Тэнгэрлэг авъяасыг тэжээж тэтгэх"өглөө эртний хоёр цаг"


Тэнгэрлэг авъяасыг тэжээж тэтгэх"өглөө эртний хоёр цаг"
"Тэнгэрлэг авъяас гэдэг тэвчээрийн нэр" хэмээн өгүүлсэн Францын байгалийн шинжээч
Вюхон байгалийн шинжлэх ухааны салбарт агуу их бүтээл хийсэн боловч залуу цагтаа бусдаас
илүү гарах юмгүй жирийн л хүний нэгэнд тооцогдож явжээ. Үнэн хэрэг дээр тэрээр юмыг
эргэцүүлэн ойлгож, нэгэнтээ олж авсан эрдэм мэдлэгээ сэргээн санахад нэлээд цаг зарцуулах
болсон юм. Түүгээр барахгүй энэрэн нигүүлсэх сэтгэлгүй хатуу зантай нэгэн байв. Баян чинээлэг
айлд төрсний учир тэр чигээрээ тансаг танхил амьдралд хөлбөрөх замд орчихсон юм биш биз ч
гэж бодогдохоор болчихоод байжээ. Гэвч Вюхон жаргалд ташуурахаас биеэ суга татан авахаар
эрслэн шийдэж эрдэм судлал хөөж, өөрийгөө боловсруулахаар чармайсан билээ.
Вюхон цаг гэдэг юмыг хязгаартай, олдошгүй ховор өв хөрөнгө хэмээн бодож ирсэн боловч
эрт босч чаддаггүй, чухал цагаа дэмий өнгөрөөж байжээ. Тэрээр их унтдаг муу зуршлаа таягдан
хаяхаар хатуу шийдэж, эртлэн босож туршиж үзэхээр санаа шулуудсан боловч цагтаа барагтай л
бол хүссэн цагтаа босож чаддаггүй байжээ.
Ингээд зарц Жозефээс туслахыг хүсч, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл
тэр бүрд кроны нэгтийн дэвсгэр өгч байхаар тохиролцсон байна. Гэтэл эхний үед, Жозеф дуудлаа
ч нойр ханаагүй учир дахиад жаахан унтуулаач хэмээн уйлагнаж, тайван унтахад садаа хийлээ гэж
хүртэл уурлаад босч өгдөггүй байв. Тийм мөртлөө арайхийн сэрэхээрээ "яагаад амласан цагтаа
босгосонгүй вэ?" гэж үглэдэг байв.
Эзнийхээ энэ мэт байдалд уур нь хүрсэн Жозеф яаж ийгээд кроны дэвсгэртийг нь гартаа
оруулъя хэмээн шийдэв. Тэрээр эзнийхээ чин санааны нойрмог гуйлт болон "ажлаасаа хөөгдчих
вий" гэх мэтээс эмээсэнгүй, нөгөөх цагт нь орноос нь татаад унагачихдаг болжээ. Нэгэн өглөө
Вюхон уйлагнаад үглэж эхлэнгүүт зоригжсон Жозеф түмпэнд хүйтэн ус дүүргэж, унтлагынх нь
хувцасны ар луу цацаж орхив. Тэгсний үр дүн даруй гарчээ.
Ийнхүү зүтгэл гаргасны үр дүнд тэрээр өглөө босдоггүй зуршлаа таягдан хаяж чадсан
билээ.
"Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь
зарц Жозефийн минь хүч юм" гэж тэрээр дахин дахин өгүүлсэн байдаг.

Wednesday, February 17, 2010

Ялах ялагдахын түлхүүр болох"тогтвортой үргэлжлүүлэх хүч




Ялах ялагдахын түлхүүр болох"тогтвортой үргэлжлүүлэх хүч

Аливаа юмны эцэст нь хүртэл бат зүтгэх ухаан бол юугаар ч содьж боломгүй ховорхон
чанар билээ. Нэртз охион бүтээгчдийн амьдралд энэхүү ухаан ямагт хадгалагдаж байжээ.
Жорж Стифсон залуучуудад хандаж "Би үнэхээр хар хүчээрээ чармайж зүтгэж ирлээ. Та
нар ч мөн адил чармайж зүтгэ" хэмээн ховорхон зөвлөгөө өгсөн байдаг.
Тэрээр угтаа уурын хөдөлгүүрт машин бүтээгчдийн дотор нэгдүгээр хүн болтлоо өсөхдөө
арван таван жил гаруй хугацаа зарцуулжээ. Мөн уурын хөдөлгүүрийг сайжруулсан зохион бүтээгч
Жеймс Хотт судалгаагаа бүрмөсөн дуусгах ын тулд гуч гаруй жилийн хичээл зүтгэл гаргасан
гэдэг.
Шинжлэх ухааны салбарт ч бай, технологийн салбарт ч бай ийнхүү урт удаан жил
тасралтгүй хүчин чармайлт гаргах нь тун чухал гэдгийг үгээр хэлэхэд багадах юм. Шинжлэх ухаан
болон утга зохиолын салбарт агуу их бүтээл үлдээсэн хоёр хүний тухай авч үзье. Тэдний
амьдралын замнал эцэст нь хүргэх тэвчээрийн ухаан ямар их чухал болохыг тодорхой зааж өгнө
буй за.

Thursday, February 11, 2010

Унах бүрдээ улам чадалтай босож ирдэг


Унах бүрдээ улам чадалтай босож ирдэг
И.Ньютоны тэжээсэн нохой Даймонд нь ширээн дээрх лааг яагаад ч юм унагааж, чухал
материалыг нь нэг агшинд үнс болгож орхижээ гэдэг яриа байдаг. Урт удаан жилийн
судалгааныхаа үр дүнг үнс болгож алдсандаа цохилт авч, Ньютон түүний дараа багагүй хугацаанд
эрүүл мэндээр хохирч сэтгэн бодох хүч нь нэлээд буурсан гэдэг.
Түүхч Томос Карлил -д ч бас адилхан явдал тохиолдсон байна.
Тэрээр өөрийн бичсэн "Францын хувьсгал" номынхоо I ботийн гар эхийг нэгэн найздаа
өгчээ. Гэтэл тэрхүү найз нь уул гар эхийг коридорынхоо довжоон дээр тавиад мартжээ. Хэдэн
долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлээс гар эхийг нэхсэн тул Карлил авчруулахаар зарцаа явуулав.
Харин нөгөө найзынх нь зарц бүсгүй уг гар эхийг хуучин бичиг цаас гэж бодоод шатаачихсан
байжээ.
Энэ явдлыг сонссон Карлилын сэтгэлийг төсөөлөхөд бэрх юм.
Түүнд дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байгаагүй бололтой. Ой тойныхоо
утсыг хөөж, аль эрт мартагнасан агуулга хийгээд хэллэгээ сэргээж бодонгоо, тэрээр бүр эхнээс нь
дахин бичиж эхэлжээ. Хамгийн анх бичиж байсан үе бийр янтайнх нь баяр баясгалан байсан бол
адилхан зүйлийг дахин эхнээс нь хийж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш
байсан. Гэвч Карлил тэр бэрхийг тэвчиж, эцсийг нь хүртэл хийж давсан билээ. Түүний энэхүү
туршлага хатуу шийдвэр л байвал ихэнхдээ зорилтоо гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

Tuesday, February 2, 2010

Ажилдаа татагдахын хүч


Ажилдаа татагдахын хүч
Америкийн шувуу судлаач Аудебен нэгэн туршилт хийхийн тулд судалгааны ажилдаа
цөхөртлөө чармайж байжээ. Тэрээр ийн өгүүлсэн байдаг:"Тэр үед зүрх сэтгэл маань бэрх хэцүүтэй
навсайтлаа тулалдаж байсан ба түүнийг давж чадсан нь би өөрийнхөө судалгааны ажилд "бурхны
авралаар онгод"-той байснаас тэр гэж боддог. Тэр цагийн миний тэвчээртэй байсныг "бурхны
аврал" гэдэг үгнээс өөрөөр илэрхийлэх аргагүй.
Гай түйтгэр гэж ийм л юм байдаг,юу гэвэл тэр үед би Гентакки мужийн Хендерсон гэдэг
тосгонд амьдарч байсан бөгөөд өөр газар ажил гараад хэсэг хугацаанд гэрээ эзгүй орхих болсон
юм. Тэгэхэд би янз бүрийн шувууны дүрсийн эскиз хийж байсан бөгөөд тэр зураг оараг 1100-д
дөхөж очсон байв. Ингээд явахынхаа өмнөхөн тэр зургуудаа бүгдийг нь нямбай гэгч нь хайрцганд
савлаж, хамаатны хҮндээ хадгалуулав. Мэдээж хэрэг, ховорхон судалгааны материал учраас
өчүүхэн ч сэв суулгалгүй хадгалж өгөхийг хүсээд орхисон юм.
Миний ажил хэдэн сарын дараа бүтэж би удалгүй тосгондоо буцаж ирээд хоёр гурав хоног
амарсны дараа нөгөөх хайрцгаа авахаар очлоо. Үнэт эрдэнэс шиг нандигнадаг өөрийн
зургуудынхаа барааг дахин харна гэдэг надад үнэхээрийн жаргалтай байв.Хайрцгаа гаргаж ирээд,
тагийг нь нээтэл... юу болсон гэж санана! Хайрцаг дотор хоёр хулгана жинхэнэ эзэн этгээд шиг
царайтай орогнон сууж, бүр байтлаа гөлчгий хүртэл төрүүлчихээд байж байдаг байгаа. Миний
зурагнууд бүгд хигдэс болон идэгдээд гөлчгийний ор болсон байлаа. Яг энэ агшинд толгойд цус
харваж, учир начраа мэдэхгүй болов. Хүнд цочролд орлоо. Тэр газраа ухаан алдаад хоёр гурван
өдөр би орон дээрээ тэр чигээрээ хэвтсэн юм. Тэр хооронд үнэхээр юугаа ч мэдэхгүй байсан
бололтой.
Гэлээ ч тэгсгээд би өөрийнхөө бие болоод сэтгэлээ амьтны зөн билэг гэж хэлж болохоор
хүчээр дүүрэхийг мэдэрсэн юм. Тэр хүч намайг ажилд дахин оруулж, босгосон билээ. Удалгүй
буу, эскизийн ном, бийрээ бариад ой руу гарсан юм. Нөгөөх гай түйтгэр огт болоогүй юм шиг
чөлөөтэй, урамтай байв.
Ингээд би дахин гайхалтай эрч хүчээр эскизээ хийж эхлэв. Зураг маань өмнөхөөс улам
илүү чадварлаг болж байна гэж бодогдож байлаа. 3 жил ч хүрэхгүй хугацаанд алдсан зургуудаа
нөхөөд зогсоогүй илүү гарахаар олон эскиз бүтээж чадсан билээ"гэжээ.