Wednesday, April 27, 2011

Web Counter

Free Counter

Шийдмэг бусаар дүлэгнэж байх нь биеэ эвдлэхэд хөтөлдөг



Чарльз Непиа Английн колони Энэтхэгийн армийн ерөнхий командлагчийн тушаалаас буухдаа
офицер, цэргүүддээ сургааль бичиж үлдээсэн байдаг. Тэнд олиггүй завхай амьдралд унаж, ичгүүртэйгээр өр
зээлэнд шаналж яваа залуу офицеруудыг зоригтой шулуухан шүүмжилжээ. "Энэтхэгийн армийн
офицеруудад хандсан тушаал" хэмээх энэхүү бичигт: "Хичээнгүй шудрага чанар бол боловсролтой
жентельмений зан төрхөөс салгаж болшгүй зуйл юм. Зээлийн тооцоогоор шампанск, пиво ууж, морь унах нь
жентельменд үл зохих луйварчны хийх ажил юм. Офицеруудын дунд хувьд нийцэмгүй тансаг амьдралын
төлөө өр тавьж, эцэст өөрийн зарц нь шүүхэд мэдүүлсэн хүн ч бий. Тийм хүмүүсбол хэргэм зэрэг нь офицер
мөн ч гэлээ жентельмен огт биш юм. Тулалдах төдий нь офицерын гүйцэтгэх ажил биш. Зөвхөн тулалдах
төдийсөн бол бульдог ч чадна биз дээ. Хэлсэн амандаа хүрч байна уу. Өр зээлээ нягт чамбай буцааж төлж
байна уу. Энэ бол нэр төрийн асуудал юм. Та нар бол "айхыг мэддэггүй" цэргийн хүн мөнийг чинь сайн
ойлгож байна. Гэвч түүнтэй зэрэгцээд "бусдаас ар луугаа чичүүлэхгүй" хүн байхыг чин сэтгэлээсээ хүсч
байна. Залуухан зоригтой офицер цутган орох суман бороон дотор цөхрөлтгүй давшиж их цэргийн алдрыг
өргөх хүчтэй байдаг. Тийм мөртлөө шунал тачаалыг уриалан даллах мэт дэмий уруу татлагыг эрс эсэргүүцэх
оюуны хүч хийгээд эр зоригоор дутагдаж байна. Бас та нарт амьд явж ичгүүр хүлээхээр, үхэх замыг сонгох
эр зориг байгаа. Тийм атлаа зугаа цэнгэл, тачаалын чөтгөрийн гараас мултарч гарч л чадахгүй юм даа"
гэжээ.
Залуу хүн, хүний амьдралын замаар алхаж явахад, тэрхүү замын хоёр талаар асар олон уруу татлага
уртын урт эгнээ бий болгоод хүлээж байдаг. Тэрээр тэр дотор гараараа яраад урагшлах авч, дур хорхойндоо
ялагдвал, эцэст нь уналт доройтолд зайлшгүй хүрэх болно. Залуу хүний бие махбоди тэнгэрлиг хүчээр
дүүрэн байдаг хэдий ч, нэг удаа л дур хорхойнд автагдвал тэрхүү хүчээ алдаж орхидог.
Дур хорхойгоо барьж байх цорын ганц арга бол эрс шуудхан "больёо" гэсэн бодлоор оюун
тархиндаа дохио өгч, тэр үг ёсоор болгох хэрэгтэй юм. Уруу татагдахад автагдахад хүрвэл тэр дор нь
сөргөөр шийдэх хэрэгтэй. Ийм ч, тийм ч учир шалтгааныг жингийн туухайн дээр тавьчихаад "алийг нь
сонговол дээр вэ" гэх мэтээр бодлогоширон тээнэглэлзэж суух нь дэмий. "Эмэгтэй хүн толгойгоо
гашилгатал бодвол биеэ мөхөөдөг" гэсэн үг байдаг. Энэ үг залуу хүнд ч бас хамаатай. Үнэн чанартаа,
эргэлзэн тээнэгэлзэж дүлэгнэж суугаад шийдлийнхээ боломжийг алдаж орхидог хүн олон.
Залуу хүний чадлыг сорихын тулд дур хорхой зочлон ирдэг.
Ганцхан удаа ч гэсэн түүнд сөгдвөл залуу хүний хүч чадал улам улмаар суларч, нэн чухал ёс
суртахуунаа ч дараа дараалан алдах болдог. Тиймээс дур хүслээ хатуу няцааж байх хэрэгтэй. Эрс шийдсэн
шийдлийн анхны алхмаа гишгэж гаргавал, хүний амьдралыг туулж давах их хүч оргилж ирнэ. Энэхүү
шийдлийг дахин дахин давтах хооронд дадал хэвшил болж биед наалдах буй за.
Хүний амьдралд залуу байхдаа олж авсан дадал нь муугаас сэргийлэх чин сэтгэлийн далан хаалт
болдог. Яагаад гэвэл хүн ажил үйлд чигжрүү хэрсүү болох нь дадал хэвшлийг дамжиж байж төлөвшдөг
агаад, ёс суртахуунаа хохироохгүйгээр хамгаалж байх нь ч мөн адил дадал хэвшлийн хүч ажгуу. Сайн дадал
хэвшил нь өдор тутмын амьдралын янз бүрийн өнцөг нугачаанд хүртэл хүрч чадаж байвал тэр хүний үйл,
үйлдэл тов тодхон ялгарам гайхалтай зүйл болон хувирч одох нь зайлшгүй.

Monday, April 25, 2011

Хийвэл бүү ай.



Саяхнаас ер нь "дээдсийн амьдрал"-ыг үхэн хатан мөрөөдөх хүн олширчээ. Тэд ноён нуруугаа авч
хаяад ч болсон зөвхөн дээшилж авахаар, баян хүн биш мөртлөө баян хүний царай гаргаж, өөрөөр хэлбэл
дотроо паланцаг байсан ч гаднаа гяланцагийн дүрийг эсгэх болжээ.
Өөртөө оногдсон бололцоо нөхцлийн дотор хичээнгүй шургуу урагшлах зориг байхгүй, амьтны
элэг доогийн үр болно гэдгээ ул мэдэн хорвоогийн чамин гоёыг хөөн нэхэж, дээдсийн нийгмийн нэгэн
зурвасыг эзэлснээр нэрэлхүү сэтгэл нь ханадаг ажээ.
Иймэрхүү мулгуу хүмүүс нийгэм хэмээх дугуй театрын хамгийн эхний эгнээнд суух гэж аар
түлхэлцээн шахалдаан хийж байдаг. Энэ үймээний дунд хүсэл шуналаа хазаарлахын сэтгэл гэдэг юм хөл дор
нь гишигдэж, хүний сайн суртахууны ихэнх нь бяц дарагдан амьсгал нь тасардаг юм даа. Гаднаа
гяланцагийн бор амжилтаар бусад хүнийг гялбуулахаар зүтгэх нэр алдар хөөцөлдсөн араншингаас ер
хичнээн их үргүй зарлага, гуниг зовлон, сөнөл сүйдэл үүсч гардаг болоо! Хүрэх газар бүрт нь түүний балмад
үр дүн илэрч байдаг, Ингэхээр муу луйврын жүд тасардаггүй.
Энэ нь өөрийгөө ядуу дорой хүн гэж бодуулахыг тэвчилгүй,тэгүүлсэнд орвол бүр шударга бусыг
хийж явах нь илүү дээр гэж бодож байгаа хүний хэрэг явдал юм.
Бас мөнгөний төлөө улайрч, яахаас ч буцахгүйгээр харайлгаж явдаг балай этгээд ч олон байдаг. Гэхдээ энэ
тохиолдолд, хамгийн өрөвдөлтэй нь алдаа гаргасан тэр хүн өөрөө бус, харин уруу татагдан буруугүйгээр
өөрийн биеэ дорд унагасан олон тооны гэр бүлийнхэн нь хохирч байдаг юм.

Friday, April 22, 2011

Мөнгөний өрний цаана худал зугаалж явдаг



"Хоосон уутыг босоо зогсоож болдоггүй" гэдэг зүйр үг байдаг агаад энэ бол өртэй хүнд нэгэн адил
хамаарах юм. Бас "худал нь өрний ар нуруун дээр сууж зугаалдаг" ч гэлцдэг. Үнэн хэрэг дээрээ өртэй хүн
барагтай л бол шудрага болдоггүй. Мөнгө зээлэхдээ, бас зээлсэн хүнд төлөх хугацааг сунгахдаа учирлалыг
сайн нягталж байж гаргахгүй бол болохгүй, сүулд нь нэг л мэдэхэд зохиомол яриагаар хүртэл хуурахад
хүрдэг.
Эхлээд өр тавих үед хэн ч үхэн хатан байж ,хугацаат өдөрт нь мөнгөө эргээж төлөхөө амлаж
байдаг. Гэсэн ч нэг удаа залилан эргалж чадвал амтшиж, дахиад зээлсэн ч дажгүй гэж бодоод эхлэнэ.
Тэгээд цай буцлахын зуургүй өрний там руу өнхөрч унаад, яагаад ч тэндээсээ сугаран гарч чадахгүй болно.
Ер нь өр зээл рүү нэг алхам алхах нь худал хэлэх рүү алхаж буй нэг алхам болдог. Тэгээд өр зээл нь хийлсэн
мэт томрохын хэрээр худал нь худлынхаа хүүг төрүүлэн үржих бөлгөө.
Зураач Хэйдоны уруудаж унасан нь өр зээлд гараа дүрсэн тэр өдрөөс эхэлсэн ажээ. Тэрээр "үгүйрвэл
мөхөхийн"-ын зүйр үгийг газар дээр нотлох мэт амьдралаар амьдарч ирсэн бөгөөд түүний өдрийн
тэмдэглэлийн нэг хуудсанд: "Мөнгөний өрөнд хөөгдсөн амьдралд хөлөө дүрснээс хойш, одоо хүртэл түүнээс
гэтлэн гарч чадаагүй явна. Лавтай энэ насандаа би энэ шавар балчигнаасаа зугатааж гарч чадахгүй бизээ"
гэжээ.
Тэрээр мөнгөний асуудалд аль хэр цөхрөнгөө барж, ажил ч барьж авч чадалгүй, хэзээ ямагт
шоовдорлогдохын ичгүүрийг амталж байсан нь түүний өдрийн тэмдэглэлийг уншихад тодорхой байна.
Тэрээр тэнгисийн цэргийн флотод алба хаахаар болсон нэгэн залууд бичсэн захидалдаа:
"Хүнээс л мөнгө зээлэхгүй бол гар дээр хүрч ирэхгүй байгаа цэнгэл мэтийг хэрхэвч хүсэмжилж
болохгүй. Мөнгө бүү зээлэгтүн! Өр хүнийг уруудуулж унагаадаг. Мөнгө зээлүүлнэ гэж бүү хэл, өөрийнхөө
өрийг эргүүлж өгөхгүй юм бол хүнд ч зээлүүлэхийн хэрэггүй. Ямарч гэсэн, ямар ч тохиолдолд мөнгө зээлж
огт болохгүй шүү" гэжээ.
Самуэл Жонсон "Залуу цагийн өр биеэ егүүтгэхтэй хөтлөлцдөг" гэж ямагт хэлдэг байжээ. Тэгээд
дараах ухаалаг үгийг бичиж үлдээсэн байдаг.
"Мөнгөний өрийг "жаахан базаахгүй эд" гэхчилэн хөнгөхөн бодож боломгүй. Өр бол аюул гамшиг
юм. Ядуу болох юм бол сайн Үйлийг хийеэ гэсэн ч арга чаргаа алдаж, бие сэтгэл хоёулаа муугаас хаацайлах
чадалгүй болдог. Тиймээс ядуурлаас л яаж ийгээд зугатаах естой юм. Ядуурлаас зайлс хийхдээ тэсч тэвчээд
хэнээс ч гэсэн мөнгө зээлэхгуй байвал сайн. "Ядуурч байх ёстой юу" гэж шүд зуу. Гартаа байгаа юуг ч гэсэн
арвилан хямгад. Хоосон ядуу байна гэдэг аз жаргалыг үргээдэг том дайсан юм.Тэр, эрх чөлөөг чинь эвдлэн
бусниулж, заримдаа сайн суртахууныг ч бас самууруулдаг эд.
Даруухан амьдралаар амьдарч чадвал сэтгэл зүрхэнд амар тайван зочлон ирж, бусад хүнд ч хишиг
буянаа өгдөг. Өөрт нь тусламж хэрэгтэй хүн, өрөөл бусдад туслана гэж байдаггүй. Хангалттай хурааж
цуглуулж байж хүнд түүнээсээ хувааж өгдөг юм" гэжээ.
Өрнөөс зайлсхийхэд, мөнгөний орлого зарлагадаа цаг ямагт санаа тавьж, орсон гарсныг
хичээнгүйлэн бичиж тэмдэглэж байх нь чухал юм. Гүн ухаантан Жон Локк "мөнгөний орлого зарлагыг
тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэж байх заншил бол чинээлэг амьдрахад хамгийн их хэрэг болдог"
гэж өгүүлсэн байдаг.
Вашингтон ч гэсэн мөнгөний асуудалд үнэндээ нарийн хандаж, санаа тавьдаг байлаа. Тэрээр ямагт
өөрийнхөө хүчин чадалд тохирсон шударга амьдралаар амьдаръя гэж зүтгэж байсан билээ. Америкийн
Ерөнхийлөгч хэмээх хамгийн дээд байр суурьт хүрснийхээ дараа ч, нөгөөх л зангаараа гэрийнхээ өрхийн
тооцооны дэвтрээ нарийвчлан нягталсаар байсан гэдэг.

Monday, April 11, 2011

Хувиа ухаарсан амьдрал



Хүн хэн ч болов хувь нийцтэй амьдрахаар арга чарга хайхгүй бол болохгүй. Энэ бол зөв ухаанаар
амьдрах аргын шинж тэмдэг юм. Хувиа ухаарсан амьдрал зохиож чадахгүй аас уйдах болсон хүн заавал
бусдын хүчинд горьдож эхлэн, шударга бус зүйлээр гараа бохирдуулах болдог. Тэгээд зарлагадаа ер өчүүхэн
ч сэтгэл зовохгүй, бусад хүнд гай болох сэлтийг эрэгцүүлэх гэж байхгүй, өөрөө сэтгэл ханах төдийгөө хөөж
чухалчилж явдаг. Тэд өөрөө хоцорч хаягдах хүртлээ мөнгөний ухагдахууны тухайд огтхон ч анзаардаггүй
юм.
Хямгач сэтгэлгүй хүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг ч адилхан үргүй зардаг.
Ирээдүйн тодорхойгүй үр жимсийг горьдсоноос хэлэлцсэн амнаасаа няцаж, өр зээлийн баталгаагаа
бусниулж, тэр хооронд өр хийгээд зүхлийн үрэл үмхэж , тэнцвэрээ алдахад хүрдэг.
"Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан ч гэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэ доош нь
унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжихөөр зүтгэе гэж бодож бас болохгүй".Энэ бол Бэконы сургааль юм.
Үнэн хэрэгтээ гар дорх мөнгөө огт дэмий чулуудаж байдаг хүн олон. Гэтэл өчүүхэн бага мөнгө байлаа ч
түүнийгээ зөв зарцуулбал, ямар нэгэн хэмжээний хөрөнгө төлжиж, ямар нэг байдлаар өөрийгөө
амьдруулахын үр болж чадах бус уу.
Үрэлгэн хүн "ахиц гарахгүй байгаа нь хүмүүсийн дунд алагчлал байгаагаас тэр" гэх мэтээр
заримдаа гомдол эрдэг. Гэвч тэдний өөрсдийн жинхэнэ дайсан бол бусад хүмүүс биш харин өөрөө байдаг.
Өөрөө өөрийнхөө хүртэл талд нь байж чаддаггүй хүнд хэн гараа сунгаж туслах юм бэ?
Нарийлж харамлахыг хэтрүүлэх нь бодож узүүштэй асуудал юм. Харамч агаад санаа сэтгэл уйтан хүн
амьдрал дээр ч, бизнес дээр ч алсаа харж чаддаггүй, эцсийн дүнд алдаа хийдэг. Нэг пэни-гийн үнэгүй хүн,
яагаад ч хоёр пэни-гийн үнэтэй хүн болж чаддаггүй гэдэг яриа ихэд дэлгэрчээ. Шударга байх нь хамгийн
сайн арга хэмжээ байдагтай адил, өгөөмөр уужуу талбиу, зан араншин сайтай байх нь бас амьдарч явахын
төлөөх хамгийн сайн арга зам юм гэж хэлж болох бизээ.

Thursday, April 7, 2011

Хэмнэлт бол өөртөө туслахын ухааны хамгийн дээд илэрхийлэл юм.Хэмнэлт бол өөртөө туслахын ухааны хамгийн дээд илэрхийлэл юм.



Ирээдүйгээ бодож амьдарьяа гэвэл ажилгүй болох, өвчин тусах, үхэх зэрэг хувь тавилангүй гай тотгорт
бэлэн байхаар бэлтгэхэд залхуурч ердөө ч болохгүй. Энэ дотроос эхний хоёр зүйлийг давж болно, зөвхөн
үхэлд л хүний хүч шонгүй билээ. Гэлээ ч гүн гүнзгий оюунлиг хүн бол гэнэтийн ямар ч гай зовлонд уналаа ч
гэсэн зовлон зүдүүрээ аль болох тайвшруулах гэж, бас өөрийг нь түшиж амьдардаг хүндээ нөлөөлөхгүй
байхын тулд дахин мөнөөх төлөвшлөө төгөлдөржүүлж байдаг бус уу.
Энэ талаас харахад хамгийн гол нь чин шударгаар мөнгө олж, түүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх
нь чухал юм. Чин шударгаар мөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдалгүйгээр, хичээл зүтгэл
гаргаж, хүсэл тэмүүллээ шавхахаас өөр зүйл биш. Мөнгийг арвилж гамнаж хэрэглэнэ гэдэг нь шилдэг сайн
зан төрхтний үндэс суурь болох чанар, өөрөөр хэлбэл оюун билэг, алсын хараа, өөрийгөө эзэмдэх сэтгэл
төлөвшиж байна гэдгийн шинж тэмдэг юм.
Мэдээж хэрэг ямагт мөнгө хэрэг болж байхын учир үгүй. Гэвч өмсөх хувцас, идэх хоол,
амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө хундэтгэх сэтгэл, өөрөө хөл дээрээ босох сэтгэл зэрэг хүнд байх
ёстой утга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээр олдог билээ.
Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийн эсрэг босгох хаалт юм. Хуримтлалаар бид
амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортой болгож, ахуй амьдралын чиглэл сайн тийш эргэх хүртэл итгэл
алдалгүй өөдрөг амьдрах болно.
Хуримтлалынхаа хүчээр өөрийнхөө шат гишгуүрийг батжуулъя хэмээх хичээл зүтгэл нь бусдад
хангалттай хүндлэгдэх болно.
Тэрхүү хичээл зүтгэлийг дамжиж байж хүн өөдлөж, улам хүчтэй болдог. Үйл хөдлөлийнх нь хүрээ
өргөжиж, маргаашаа амьдарч туулах чадал нь оргилж ирдэг ажгуу.
Хэзээ ямагт ядуугийн зовлон туулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаас бараг өөрцгүй.
Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэл өөрөө шийдэхгүй, бусад хүнд тушагдаж, бусдын хэлснээр хөдөлж
явахад хүрдэг. Туүгээр үл барам нийгмээ буурь суурьтай ширтэж харах зориг байхгүй тул шившиг болохгүй
гэхийн газар үгүй.
Ийм өрөвдөлтэй байдлаас гарч, бие сэтгэл хоёрт өөрийгөө даая гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг
л гүйцэтгэвэл болох нь тэр.
Хэмнэж гамнахад гайхшрал төрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэгүй. Бага зэрэг санаа
сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийн ухааны хүч л байхад хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь гэрийн ажил
бугдийг ёс горимоор нь зөв удирдах явдал юм. Амьдралаа журам горимоор нь гамтай эрхэлж, дэмийг хасч
орхивол тэгээд л болоо.
Христос хэмнэж гамнахын оюун санааг "илүү гарснаа хураан цуглуулж, жаахан ч гэсэн үргүй
дэмийг гаргахгүй байх" гэсэн үгээр илэрхийлсэн байдаг.
Төгс авъяаст Христос хүртэл амьдралын жижиг сажиг зүйлийг үл тоомсорлолгүй, хүнд гүнзгий
анхаарал сэрэмж хэрэгтэй байдаг тухай сургааль бидэнд үлдээжээ.
Хэмнэх гамнах болон нарийлах харамлах хоёр өөр юм. Арвилж гамнах гэдэгсэтгэлийн өгөөмрийг
төрүүлж, тэр нь авир зангийн сайн тал болж илэрдэг. Энэхүү утгаар "хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны
охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чөлөөний ээж мөн" гэж хэлж болох бизээ. Өөрөөр хэлбэл хэмнэж
гамнах гэдэг бол өөртөө туслахын оюун санааны хамгийн дээд илэрхийллээс өөр юу ч биш юмаа.

Wednesday, April 6, 2011

Ядуу байдлыг арилгах дөрвөн сайн чанар



Бүүдгэр амьдралд хөтлөгдөж байгаа хүн доошоогоо зузаарч буй зовлон гачаалаа хэзээ ч нухэлж гарч
чаддаггүй. Тийм хүний гээгдэж ганцаардсан, чадал хүчгүй амьдрал нь өршөөлгүй үргэлжилж удалгүй
нийгмийн булан руу хөөгдөж, цаг хугацааны ширүүн давалгааны тоглоом болдог. Тийм хүний өөрийгөө
хүндэтгэх сэтгэл нь арилж алга болдог учир хавь орчны хүндлэлийг ч эс олно. Уналт доройтолдоо нүд нь
эрээлжилсэн хүн шууд л яахаа үл мэдэх гацаанд унадаг. Их бага ч гэсэн хурааж хуримтлуулсан зүйл байвал,
хийе гэсэн сэтгэл нь өндийж болох авч, тийм юм үгүй бол бусдын амаар хөдлөхөд хүрдэг ажээ. Буурь
суурьтай мэдрэмжтэй хүн ийм амьдралаар амьдрах дээр тулвал эхнэр хүүхдийнхээ явах зүгийг төсөөлөөд
шуудхан л бие нь зарсхийн дагжин чичрэх бизээ.
Улс төрч Гобеден Ха ажилчин хүнд:
"Эртнээс нааш, хорвоо ертөнцөд хоёр төрлийн хүмүүн байдаг. Мөнгө хурааж хуримтлуулдаг,
мөнгийг үрж зардаг, өөрөөр хэлвэл хэмнэж хямгаддаг хүн, үрэн хийсгэдэг энэ хоёр болой. Хямгач хүн бол
гэр, үйлдвэр, гүүрийг барьж байгуулж, цаашлаад асар их ажлыг хийж гүйцэтгэн, бидэнд иргэншил хийгээд
баяр баясгаланг бэлэглэж байдаг. Гэтэл өөрийнхөө хөрөнгийг дэмий үрэн таран хийж ирсэн хүн ямагт
хямгач хүний боол байсан.
Ямар ч цаг үед ийм үзэгдэл байгалийн хууль бөгөөд бурхны зарлиг юм. Хэрвээ би "ирээдүйгээ огт
бодолгүй дэмий сул бүүдгэр амьдралаар явж ирсэн ч амжилт олж чадна" гэх мэтээр ам гарвал утгагүй
мэхлэгчийн муу нэрийг зүүж орхих бизээ"гэжээ.
Улс төрч Жон Плойд ч 1847 онд Рождейлын ажилчдын цуглаан дээр мөн адил зүйлийг хэлсэн
байдаг. "Одоогийн амьдрал чинь таатай байгаа бол түүнийгээ тэтгэж хадгалж, сайн бус байгаа бол засан
сайжруулж явах ёстой бөгөөд ингэхэд баталгаатай арга зөвхөн ганц байдаг. Тэр бол хичээл оролдлого,
хэмнэж гамнах, биеэ барин тэвчих, тэгээд зөв сэтгэл хэмээх сайхан суртахууныг дагах явдал юм. Дутагдаж
гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан
чанарыг гүйцэтгэн биелүүлэхээс өөр ойрын зам үгүй юм.Ийм амьдралаа өөд нь татаж, амжилтыг барьж авч
байгаа хүн олон байдаг юм шүү".
Жирийн ажилчдын дотор ч гамнаж хямгадахаар чармайж, өндөр эрмэлзлэл өвөрлөн, эрдэм
ухаанаар бялхаж, хангалуун амьдралаар амьдарч буй хүн олон. Тэд зөвхөн тэр байдлаараа л хүндлэл
хүлээхээр аз жаргалтай хүмүүс, тэднийг нийгэмдээ ч хангалттай хүчин зутгэж байгаа гэж хэлж болох бизээ.
Тэгвэл хэн ч гэсэн ингэж амьдаръя гэж бодвол чадах билээ. Тэдэнтэй адилхан аргаар ажиллавал үр дүн нь ч
мөн адил гарах бөгөөд тэр ерөөс хэцүү хэрэг биш юм.
Өдрийнхөө хөдөлмөрөөр зөвхөн өдрийнхөө л амьдралыг залгуулж явдаг хүн аль ч улсад бий. Тэд
хэмнэж гамнадаггүй бөгөөд, юм мэдэхгүйн хийгээд хувь тавилангүйн нажидыг эдэлж явдаг, тэгээд тийм буй
өөрийнхөө нөхцөл байдалдаа ямагт гомдолтой байдаг гэтэл энэ нь өөрсдийнх нь сул тал, дур зоргоороо,
зөрүүд гөжүүд байдгийнх нь уршиг юм. Ажил хийдэг хүмүүсийн дунд өөртөө туслахын ухаан үр үндсээ
таривал тэд шуудхан л өндөр дээд оюун санаа, сайн суртахуунаар бялхсан амьдрал руу татагдан дээшлэх нь
зайлшгүй.
Монтеннью өгүүлэхдээ: "Янз бүрийн зан суртахуун шилдэгсайн хүмүүсийн амьдралд төдийгүй, нэрийг ч үл
мэдэх жирийн харц хүмүүсийн амьдралд ч нэгэн адил хамаатай. Хун хэн ч байсан өөрийн дотоод сэтгэлдээ
хүн болж амьдрахын төлөөх нөхцлүүдээ бүрэн төгс бүрдүүлсэн байдаг юм"гэжээ.