Friday, April 20, 2012

Дандаа доошоо хараад байвал их зориг ирдэггүй


Сайн ном зохиол мэдээж хэрэг ашиг тустай, суралцах зүйл их байдаг. Гэлээ ч тэр нь оюун санааг цэвэршүүлэн дээшлүүлэх нэгг л арга юм. Хүний зан араншингийн төлөвшилд бодитоор өөрийн биеэр турших юм уу, гайхалтай арга барилд суралцах нь үр дүн ихтэй байдаг.
Жинхэнэ боловсролын зорилго бол бусдын сэтгэлгээ, санаа бодлыг тэр хэвээр нь ууталж, толгойдоо чихэх явдал биш. Хамгийн гол нь чадвараа дээшлүүлж, утга учиртай амьдрахаар оролдож зүтгэх нь чухал.Бид оюун ухаанаа хөгжүүлж, зан араншингаа дээшлүүлж, илүү баялаг бөгөөд аз жаргалтай, үнэ цэнтэй амьдралыг туулахын тулд л суралцах ёстой юм. Мэдлэг нь хүний амьдралын өндөр дээд зорилгыг илүү үр өгөөжтэй мөрдөхөд нөлөөлөх амьдрах хүчний эх ундрага байх ёстой билээ.Бид өөрсдөө "ямар байх ёстой вэ", тэгээд "юуг хийх ёстой вэ" гэдгийг өөрийн биеэрээ сонгож авах учиртай. Дан ганц ном уншихад улайраад, бусдын хөрөг дүр, үйл хөдлөлийг магтаж муучлаад түүндээ сэтгэл ханах гэвэл хэцүүдэх билээ. Гайхамшигтай мэдлэгийг тэр хэвээр нь өөрийнхөө амьдралд тусгаж, шилдэг сайн санаа бодлыг тэр чигээр нь өөрийнхөө үйл ажиллагаатай холбож байх ёстой юм.Иймэрхүү практик маягийн мэдлэг ухаан нь өөрийгөө боловсруулахуй болон биеэ эзэмдэх сэтгэлийг дамжиж байж л олддог. Энэхүү хоёр зүйлийн уг үндсэнд өөрийгөө хүндэтгэх сэтгэл оршиж байдаг болой.Хүсэл тэмүүлэл ч бас өөрийгөө хүндэтгэх сэтгэлээс төрж гардаг билээ. Хүсэл эрмэлзлэл нь хүч чадлын
нөхөр агаад амжилтын ээж юм. Өөрийгөө хүндэтгэх сэтгэл гэдэг, хүн биедээ зүүх хамгийн эрхэмсэг өмсгөл бөгөөд юу юунаас илүүтэй оюун санаанд урам өгч байдаг юм.
"Чи өөрийн биеэ хүндэтгэж бай" гэж Пифагор шавьдаа хэлж байв, өөрийгөө хүндэтгэх сэтгэл хэмээх өндөр дээд ухаанаар түшүүлсэн хүн мэдээж хэрэг, тачаалд ойчиж биеэ гэмтээх, эсвэл өөдгүй бодлоор сэтгэлээ бохирдуулах сэлтийг хийдэггүй юм. Өдөр тутмын амьдралын өнцөг булан бүрт өөрийгөө хүндэтгэх сэтгэл тархаж хүрч чадвал цэвэр тунгалаг болон уужим талбиу, авхаалж самбаа, ёс журамтай байх гэх мэт олон сайн үйлийн үндэс нь болох билээ.
"Хэрсүү чамбай, зөв, өөрийгөө хүндэтгэх сэтгэл гайхамшигтай зүйл бөгөөд учир утгатай бүтээлийг төрүүлэх хөрс суурь, эх ундрага болж байдаг" гэж шүлэгч Милтон өгүүлжээ. Өөрөө өөрийгөө дорд үздэг хүн бусдад ч доордчилогдож байдаг. Өөдгүй муу бодолтой байвал үйл ажилд нь ч тэр нь илэрч байдаг. Дандаа доошоо хараад явбал, хүнд их зориг ирдэггүй. Өөдлөе дээшлэе гэж үнэн сэтгэлээсээ хүсвэл толгойгоо өргөж явах ёстой болно.
Өөрийгөө хүндэтгэх ухаан нь ямар ч хүнд сэтгэлийн дэм болдог юм. Энэхүү сэтгэл л байвал ядуу буурайг үлдэн хөөмү, хэцүү бэрх амьдралд ч нэг зүгт чиглүүлсэн гэгээ гэрэл тусгаж өгдөг. Хэчнээн ядуу зүдүү байлаа ч бахархах юмаа өндөрт хадгалж , дур хорхойг юм гэж үзэлгүй, биеэ доош унагах муу үйлийг тас хорьж явбал,тийм хүнийг харахад өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл бусдад аяндаа төрмү.