Thursday, December 30, 2010

4.Вейлинтоныг их жанжин болгосон "ажил хэрэгч чадвар"



Энэ хүртэл өгүүлж ирсэнчлэн, анхаарлын өндөр чадвартай, хичээл зүтгэлтэй, нарийн нягт
нямбай, самбаа сайтай байж, цагийг нарийн баримтлаж, бас дээр нь хурдан шалмаг байх хэмээх
зургаан нөхцөл нь бизнесменд дутагдаж үл болно. Гэхдээ тэргүүн зэрэглэлийн бизнесмен болохыг
зорьж байгаа бол цаашлаад хурдтай мэдрэмжийн хүч, төлөвлөснөө баттайгаар хийж дуусгах
хүчтэй зориг чухал юм.
Үүний дээр хорвоог туулахад авхаалж самбаа ч хэрэгтэй чанар юм.
Энэхүү чанар нь нэг талаар төрөлхийн авъяаст багтах авч, ажиглалт, туршлагын улмаас түүнийг
зүлгэж, уртасгаж ч бас болох билээ. Авхаалж самбаатай хүн зөв үйлдэл аргыг хурдан олж харж
гаргадаг. Тиймээс зорилгоо л тодорхой тогтоовол хүлээж авсан ажлаа хүрэх газарт нь амжилттай
хөтөлж оддог.
Хурц мэдрэмж, бат нот зориг, авхаалж самбаа энэхүү гурван чанарыг дайны талбарт цэрэг
командлаж буй жанжинтай адил ажилтнууд, удирдах хүмүүс эзэмшсэн байх ёстой. Жанжин хүн
цэргийнхээ хувьд гарамгай төдийгүй, ажил хэрэгч байх тал дээр ялгарсан чадвартай байхгүй бол
болохгүй. Яагаад гэвэл, ялалтын өдрийг хүртэл тулалдаанаа үргэлжлүүлэхэд цэргүүддээ хоол
хүнс, хувцас, бусад зүйлээр бүрэн хангаж, элдэв нарийн халамж анхаарал тавьж байхгүй бол
болохгүй. Тиймийн тулд жанжинд бялхсан хурц ухаан, хүний мөн чанарын тухай гүн гүнзгий
мэдлэг, бас бүх цэргийнхээ үйл хөдлөлийг атгаж байх чадвар шаардагддаг.
Вейлинтон жанжин ажил хэрэгч чанарынхаа хувьд гойд хүн байлаа. Түүний зүглэсэн газарт
дайсан ямаггт ялагдаж, тэрээр нэрт жанжин болж амьдралаа өнгөрөөсөн агаад үнэхээр гоц
авъяастай, ажил хэрэгч хүний бэлэг тэмдэг байсан.
Вейлинтон, түшмэл Еорк, Вормоден жанжны удирдлага дор Франц болон Холландын
дайнд оролцож, цэргийн хүн болох анхны алхмаа хийжээ. Энэхүү тулаан Английн цэргийн
хувьгүй ялагдлаар дууссан бөгөөд, тэнд тэрээр цэргийн ажил хэрэгч гүйцэтгэл болон удирдлагын
муу байдал нь байлдагчдын сэтгэлийг эвдлэх учир шалтгаан болдгийг биеэр амсаж мэдэрчээ.
Цэргийн албанд орж арван жил болоод Вейлинтон хурандаа цолтой болж Энэтхэг рүү
илгээгдэв. Удирдлагынх нь ярианаас үзвэл, тэрээр цуцахыг мэдэхгүй, эрчимтэй ажилладаг хичээл
зүтгэлтэй офицер байлаа.
Цэргийн ажлын тухайд бүр өчүүхэн жижиг зүйлийг хүртэл өөрөө нягталж, цэргийн сахилга
батыг хамгийн дээд түвшинд хүртэл өөд нь гаргахаар махран тулалдаж байв. 1799 онд Харис
жанжин захидалдаа:
"Вейлинтон хурандаагийн хороо, бүх цэргийн үлгэр дуурайлал мөн. Цэргийн хүний байр
байдал, сахилга бат, боловсрол хүмүүжлийн аль аль дээр үнэхээрийн хэлэх зүйл алга" гэжээ.
Ийнхүү цэргийн командлалаас итгэл хүлээсэн Вейлинтон удалгүй Майсол мужийн захирагчаар
томилогдов. Марат үндэстэнтэй тулалдсан тулалдаанаар анх цэргийн командлалыг хүлээн авсан
тэрээр ердөө 1500 англи,5000 сепой цэрэгтэй холимог хороог удирдаж, хорин мянган явган цэрэг,
гучин мянган морьт цэргээс бүрдсэн маратчуудыг ялсан билээ. Тэр нь мөнөөх аддарт "ассейны
тулалдаан" юм. Тэр үед тэрээр гучин дөрөвхөн настай залуу байлаа. Тэрхүү гайхамшигтай ялалтад
ч ер биеэ тоолгүй, чин сэтгэлийн зан төрх нь жаахан ч гэсэн хувираагүй билээ.

Monday, December 13, 2010

Цагт хайр гамгуй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог


Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд
ирдэг. 14-р Луй "цагийг чанд баримтлах нь ван миний хувьд ёс жаяг" гэж өгүүлж байсан ба тэр нь тэр цаг
үед бид бүхний үүрэг мэт болж, бизнест хамаатай хүмүүсийн тухайд зайлшгүй чухал нөхцөл мөн. Энэхүү
сайн үйлсийг хамгаалж байвал хэнээс ч илүү хурдан түргэн итгэлийг олж авч чадах ба харин нөгөө талаар
тэрхүү сайн үйлсийг дутааж орхивол шууд л бусдын итгэл алдахад хүрдэг.
Бусад хүмүүстэй хэлэлцэн тохиролцсондоо хүрч , уулзахаар болзсон цаг хугацаандаа хоцордоггүй
хүн өөрийн цаг төдий бус нөгөө талынхаа цагийг ч хүндэтгэж үзэж байдаг. Хэн нэгэнтэй ажил хэргээр
уулзах тохиолдолд, тэр хүн цаг хэр баримталж байгаагаар хүндэтгэлд хүрэх эсэх нь тодорхойлогддог.
Цагийг хатуу баримтлах нь хүний сайн сэтгэлтэй ч хамаатай асуудал юм. Хэлэлцэж тохиролцох гэдэг нь тов
тодорхой шийдсэн зүйл ч бай, хараахан тодорхой бус ч бай нэгтөрлийн гэрээнээс өөрцгүй. Хэлсэн амандаа
хүрдэггүй хүн нөгөө хүнийхээ цагийг ёс бус үрээд зогсохгүй, шударга үнэнд эсрэг, итгэл эвдсэн үйлдлийг
гаргаж буйтай адилхан. Ийм хүн заавал ч үгүй хүмүүсээс доод үнэлэлтийг авах болов уу.
Ингэж эргэцүүлэхэд мэдээжийн хэрэг нэгэн дүгнэлтэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацаанд
нүдэн балай чихэн дүлий хүн, бизнест мөн адил нүдэн балай чихэн дүлий, тийм хүнд нэн чухал асуудлаа
эрхлүүлэхээр итгэж даатгаж болохгүй юм. Вашингтон ерөнхийлөгч нарийн бичгийн дарга нь цагаас
хоцорсныхоо шалтгааныг цагаа хадуурч явж буйтай холбож тайлбарлахад :
"Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвэл, би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй
бол болохгүй болж байнаа даа" гэжээ.
Цагийг үл тоомсорлож, түүний ашиглах арга эвийг огт боддоггүй хүн бусад хүний тайван, амар
жимэр амьдралыг бусниуламтгай байдаг. Честфейлд нэгэн, өвгөжөөр гүнтний тухайд ийн ярьж байна.
"Энэ эрхмийг ирэхээр өглөөний нэг цагийг заавал ч үгүй дэмий өнгөрөөж, өдрийн үлдсэн хугацаанд
түүнийгээ эргүүлэн авах гэж гэр Дотроо бужигнуулж, сандааж суух юм даа" гэжээ.
Үнэн хэрэгтээ, цаг баримталдаггүй хүнтэй нөхөрлөхөд, хэн ч байсан санаа сэтгэлээрээ хохирдог.
Юутай ч тэдний хувьд цаг хоцрох нь хэвийн үзэгдэл, дүрэм журамгүй амьдрал нь мэдээжийн хэрэг болж буй
учир эцэс дүндээ тэд нь нэг их хохироод байдаггүй юм.
Болзсон цагтаа хоцорч очдог. Галт тэрэг хөдлөөд байхад арайхийн буудалд хүрч очдог. Шууданчин
явсан хойно захидлаа шуудангийн хайрцагт хийдэг. Энэ мэтээр ажил замбараагүй болж,
оролцогчид бүгд уурандаа дэлбэрэх шахах учиртай.
Иймэрхүүгээр цаг хоцрох хүн, мэдээж хэрэг амжилтаас хоцрох нь дамжиггүй, Тэгээд
хүмүүсээс зэм хүлээж, хувь заяаныхаа бурхан тэнгэрт гомдол, зарга мэдүүлж эхлэдэг. Бидний
эргэн тойронд ч харамсалтай нь ийм нөхөд зөндөө олон байдаг юм.

Friday, December 10, 2010

Өдөрт арван таван минутыг ашиглах арга хүний амьдралын гэгээрэх, харанхуйлахыг шийддэг



Бизнестэй холбоотой хүмүүс "цаг бол мөнгө" гэдэг зүйр үгийг иш татах дуртай байдаг. Харин "цаг
бол мөнгөнөөс илүү" гэж хэлэх нь зөв юм шиг.
Цагийг зөвөөр ашиглавал өөрийгөө гэгээрүүлж, зан араншингаа сайжруулж, бодгаль чанараа
тэлдэг. Хэрвээ өдөр бүр дэмий хэрэгт зүглэж, цагаа утга учиргүй, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа бол тэр
дундаасаа ганцхан ч цагийг болов өөрийгөө гэгээрүүлэхийн тулд олгох хэрэгтэй юм. Тэгвэл ямар ч эрдэм
боловсролгүй хүн ч гэсэн хэдэн жилийн дотор ухаалаг хүн болж хувирна.
Гайхамшигт ажил хөдөлмөрт цагаа зарцуулбал хүний амьдрал үр жимсээр баян болж, үхэх хүртлээ
утга учирлаг үр дүнг олонтоо гаргах болов уу.
Нэг цаг гэлтгүй, нэг өдөрт арван таван минут ч байсан болно, өөрийгөө боловсруулахад хандуулж
үзвэл сайн. Нэг жилийн дараа заавал баттай үр дүн илэрхийлэгдэх ёстой билээ.
Шилдэг үзэл бодол хийгээд зовж зүдэрч байж олж авсан туршлага бол хадгалсан ч орон байр
эзлэхгүй, хаашаа ч аваад явсан мөнгө зардал нэхэхгүй, хөл гар хүлэхгүй. Цагийг арвитай ашиглах нь зав
чөлөөг баталгаажуулах зөв арга ч болдог. Цагийг чадарлагаар зохицуулбал, ажилд хөөгдөлгүй, асуудлаа
бүрэн дүүрэн гүйцэтгэхийн дээр, цаашлаад дараагийн ажилдаа ч эхлэл тавьж чадах болдог.
Харин бүр эсрэгээр цагийг ашиглах арга дээр эндүүрвэл, яаруу сандруу, эмх замбараагүй хоног
өдрүүд үргэлжилж, аль аль нь мухардалд орох болно. Иймэрхүү мухар сохор амьдрал удалгүй томоохон гай
түйтгэр авчирдаг.Нелсон адмирал "Би амжилтанд хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван
минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм" гэж өгүүлсэн байдаг юм шүу.
Мөнгийг зарж барах хүртлээ түүний арга ухааныг анзаарч үздэггүи хүн олон. Цагийн тухайд ч бүр
их.
Залхуу хойрго амьдралд биеэ зөнд нь орхиод, хүний амьдралд үлдэж буй хугацаа цөөрөөд ирэхийн
хамт "цагийг илүү ухаалаг зарцуулах ёстой байлаа" гэх мэтээр гэмших хүн хэчнээн олон байдаг гээ. Гэвч тэр
үед цаг аль хэдийн энэрэлгүйгээр арилж, бас залхуу хойрго амьдралын хэвшил нь хувирч өөрчлөгдөх шинж
ердөө ч үгүй, өөрөө дүрсэн хавхнаасаа хөлөө сугалах нь хүртэл бололцоогүй болчихсон байдаг.
Алдагдсан эд баялаг хичээл зүтгэлийн улмаас хуучин хэвдээ орж чадахыг үгүйсгэхгүй. Алдагдсан
мэдлэг хичээнгүй сурлагаар эргэж дүүрч чадах, алдагдсан эрүүл мэндийгтэвчээр хийгээд эмээр эгүүлэн
буцааж авч магадгүй. Харин алдагдсан цаг мөч л гагцхүү үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.