Sunday, December 16, 2012

Залуу цагийн тавилан хөгширсэн хойно заавал тойрч ирдэг


Алжаал тайлалт хөгжөөн цэнгээн зэрэг нь эрүүл мэндэд ч сайн тул түүнийг дэмжүүштэй. Гэхдээ
хэмжээ нь хэтэрвэл хүмүүн чанарыг бүхэлд нь эвдлэхүйн осол бий. "Сайн тоглож, сайн суралц" гэсэн
сургааль үг үе үе сонсогддог бөгөөд дандаа тоглоод огтхон ч хичээл ном хийхгүй бол хүн улам бүр дэмий
болдог.
Жаргал цэнгэлд хөл алдах шиг залуу хүнд хортой зүйл үгүй юм. Залуу хүний шилдэг чанар
сүйтгэгдэж, жирийн баяр хөөр уйтгартай санагдаж, өндөр дээд оюуны баясгаланг нэхэх сэтгэлээ алдаж
орхидог юм. Тэгээд ажил хөдөлмөр болон үүргээ гүйцэтгэх тал дээр эсрэг сэтгэл, дургүйлхэн муучлахаас
өөр зүйлийг сэрж санахгүй болчихдог гэмтэй.
Зугаа цэнгэлд живэх дуртай, завхай зайдан хүн амин чадлаа үргүй дэмий зарж, жинхэнэ аз жаргалын
эх ундаргаа хагсааж хатаадаг юм.Хүмүүст энэ хорвоогийн алив сайхныг хэчнээн магтан дууллаа ч, эцсийн
дүнд тэр нь хүний араншин хийгээд оюун ухааны эрүүл саруул хөгжилд хүрч очихгүй. Цэл залуу насаа
дэмий балай өнгөрөөж, үнэтэй чухал цагаа үргүй зарсан хүний дүр төрх нь дээгүүр толгойт хөвүүн,
бохирдсон охин, худалч хүүг харахаас илүү зэвүүн байдаг.
Францын хувьсгалыг удирдсан баатарлаг улс төрч Мирабо хүртэл өөрөө өөрийнхөө тухай ийн
өгүүлсэн байдаг юм.
"Залуу цагийн ужид завхай амьдрал,үлдсэн амьдралаас минь цорын ганц зүйлийг нь булаачихсан
юм. Миний амин хүчний ихэнх хэсэг залуу насанд минь үргүй зарагдсан юм даа" гэжээ.
Өнөөдөр хэн нэгэнд буруу мууг хийвэл маргааш тэрхүү тавилан өөрт нь эргээд ирдэг. Үүн лугаа адилаар,
бага залуу насандаа хэрэг үйлдвэл, нас бие гүйцээд заавал үйл лайг нь хүлээдэг юм. Бэкон "залуу цагийн
учир утгагүй хийгээд хэтрүүлсэн явдал нас ахиад ирэхээр нэвт шувт хүрээд ирдэг эд юм"гэжээ.
Энэ үг бие махбодийн талаас гадна оюун санааны тал дээр ч хамаатай байна. Италийн нэгэн яруу
найрагч найздаа бичсэн захидалдаа ийн өгүүлжээ. "Ний нуугүй хэлэхэд, би амьдарч явахын тулд хүндхэн
золиосыг үүрч байгаа юм. Хүний амьдрал өөрийн бодсон ёсоор болно энэ тэр гэж бодох нь буруу ажээ.
Хамгийн эхний үед миний амьдрал нэхээс төлөөсгүй мэт санагдаж байвч, тун удалгүй тэр хэсгийг минь
"нэхэмжилсэн бичиг" яг л хүрээд ирдэг юм байна" гэжээ.
Залуу цагийн буруу зөрүү явдлын хамгийн том гай бол эрүүл мэндээ сүйтгэх явдлаас илүү бүр хүн
чанараа сэв суулгахад байдаг. Хөнгөнцөр явдалд унасан залуу хүн, яс нь хүртэл үжирч өмхийрсөн том хүн
болдог. Нэгэнт л тийм болвол хэчнээн мөрөөдөөд ч өндөр дээд цэвэр хүнд барагтай л бол буцаж очдоггүй.
Хэрвээ ямар нэгэн эмчлэх арга байдаг гэвэл, тэр нь залуу хүнд хариуцлагын сэтгэлийг ургуулж, утга
чанартай ажилд чин сэтгэлээсээ шамдах явдал л юм даа.