Monday, June 24, 2013

Сайн хүнтэй нөхөрлөсөн нөхөрлөл мянган боть номноос илүү

 
Залуу хүн ямагт сайн нөхрийг эрж хайн, өөрийгөө өндөржүүлье хэмээн оролдлого зүтгэл гаргаж байх ёстой юм. Улс төр судлаач Францис Хорнер зориг чанга ухаалаг хүмүүстэй шууд хувь хүний хувьд нөхөрлөж байх явдал өөрт нь хэчнээн учир утгатай байсныг ийн өгүүлж: "Шуудхан хэлвэл, өнөөг хүртэл уншиж ирсэн ном зохиолыг бүгдийг нийлүүлснээс тийм хүмүүстэй нөхөрлөж байсан нь оюун санааг минь хавьгүй өөд нь татаж өгсөн билээ" гэсэн нь буй. Нэгэн улс төрч залуу байхдаа Францын нэрт улс төрч Марселеб-ыг зорьж очоод гүн гүнзгий сэтгэгдэлтэй буцсан гэдэг. Тэрээр хожим дурсахдаа: "Би энд тэнд бишгүй аялаж явлаа. Тэр үе шиг, тийм хүнтэй учирсан учрал сэтгэлд хоногшсон удаа үгүй. Энэ явдлаас хойш хүмүүсийн төлөө зүтгэнэ гэвэл, Марселеб гуайтай учирсан дурсамж л миний оюун санааг хөглөж өгснөөс зайлахгүй" гэжээ. Өмнө өгүүлсэнчлэн буяны зүтгэлтэн Бакстоны залуу цагийн зан араншин төлөвшихөд Гарнир-ын гэр бүлийнхэн асар их нөлөө үзүүлсэн билээ. Тэрээр ямагт "Тэр гэр бүлийн хүмүүс миний амьдралд амьдрах хүчийг үлээн дүүргэж өгсөн юм" гэж ярьдаг байлаа. Тэрээр Даблин-ы их сургуулийг гарамгай амжилттайгаар дүүргэсэн бөгөөд түүнийгээ ч тэрээр "Тэдний гэр бүлийнхэнтэй орж гарч явсны ач юм. Тэр хүмүүсийн өөрийгөө гэгээрүүлэн боловсруулахуйн сэтгэл надад ч "халдварласан" билээ" гэж шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Monday, June 17, 2013

Сайн багш, сайн нөхөр хүний амьдралын хамгийн том үнэт эрдэнэс мөн

 
Зан араншингийн хүмүүжил хэрхэн төлөвших нь хэнийг үлгэр загвараа болгож байгаагаас
хамааардаг.Бидний араншин орчин тойрны хүмүүсийн зан авир, байдал төрх, заншил, үзэл бодол зэргийн улмаас үл ухамсарлагдан хэлбэрээ олдог юм. Сайн дүрэм журам хэрэг болдог хэдий ч сайн үлгэр загварыг гүйцэхгүй. Сайн үлгэр загвар дотор бодитой үйлдлийг туулсан сургааль- амьд ухаан багтаж байдаг юмаа.
Сайн зөвлөлгөө өгөвч, муу үлгэр дуурайлал үзүүлэх нь баруун гараараа гэрээ барихын
сацуу зүүн гараараа түүнийтээ эвдэлж буулгаж буйтай адил бөлгөө. Үүнээс улбаалаад ялангуяа
залуу цагтаа маш их анхааралтай хянамгай байж, нөхрөө сонгох ёстой юм даа.
Залуу хүнд харилцан татагдаж нийлэх хүч оршиж байдаг бөгөөд нөхөрлөж байхын зуур
хэзээ ч юм зан ааш, авир ааль нь төсөөтэй болоод ирдэг. Зохиолч Эдвис-ын тайлбараас үзвэл
"ялангуяа залуу хүн улаан шаргалтай харьцвал улаан болох шинж чанар хүчтэй тул хамгийн үлгэр загвар болох найзыгаа зөв сонгох ёстой юм" гэсэн байдаг. Түүгээр барахгүй түүний хэлэх дуртай үг нь "Сайн нөхөртэй нөхөрлө, тийм эс аваас хэнтэй ч бүү нөхөрлө" гэдэг үг байв.
Далайн цэргийн офицер Колингвудт залуу нөхөртөө бичсэн захидалдаа: "Дэмий хүнтэй
нөхөрлөснөөс ганцаараа амьдрах нь дээр. Үүнийг баринтагтай сургаалиа болгож сэтгэлдээ гүн
гүнзгий сийлэгтүн! Өөрөөсөө илүү шилдэг, үгүй ядаж өөртэйгээ эн сацуу хүнтэй нөхөрлөх ёстой юм. Яагаад гэвэл хүмүүний үнэ цэн найз нөхрийнхөө үнэ цэнээр шийдэгддэг болохоор л тэр" гэжээ.
Нэрт эмч Сиднем "Хүн гэдэг зовлон жаргалаа хуваалцах найз нөхөр нь сайн хүн үү, муу
хүн үү гэдгээс болж сайн муугийн аль нэг нь болдог" гэжээ. Холландын зураач Питер Лейр
тааруухан зурсан зураг үзэхгүй байхыг хичээдэг хүн байлаа. Дэмий зурагны нөлөөнд автагдвал
өөрийнхөө бийрийг хүртэл бохирдуулчихна гэж итгэж байснаас тэр юм. Үүн лугаа адилаар, ужид самуунд унасан хүнтэй нөхөрлөх аваас өөрийн чинь бие сэтгэлд хүртэл бузар нялзаад язгуур чанараа алдаж орхихын үүдийг нээдэг билээ.