Thursday, December 24, 2009

"Миний оюун ухаан зөгийн үуртэй адилхан"


"Миний оюун ухаан зөгийн үуртэй адилхан"
Гуйвалтгүй сэтгэлээр эрдэм судлалд хандаж, шавхагдашгүй зүтгэлтэй байвал гайхалтай үр
дүнг бий болгож чадна. Энэ ертөнцөд цуутай хүмүүсийн олонхи нь төрөлхийн авъяасыг нийтийн
бодож буй шигээр тусгай шинж чанар гэж үзэж байгаагүй учраас тэр ажээ. Жишээ нь Францын
сэтгэгч Вольтер "Гоц авъяастан хийгээд жирийн хүмүүний ялгаа нь ширхэг цаасны жин лугаа
адил" гэжээ. Италийн нэгэн хуульч "хэн ч гэсэн шүлэг бичиж, уран илтгэхийн авъяасыг агуулж
байдаг" гэсэн байдаг. Зураач Леонард "ямар ч хүн зураач, сийлбэрчин болж чадах ёстой" гэж
бичсэн нь үүнтэй адил бөлгөө.
Үүнээс гадна нэр алдартай гүн ухаантнууддухайлбал Локк, Дидро нарын тайлбарласнаас
үзвэл "бүх хүмүүс авъяасын тухайд эрх тэгш юм. Тиймээс аль нэг хүний хийж чадах зүйлийг
адилхан орчинд байж, адилхан зорилго мөрдлөө гэж үзвэл бусад хүн ч хийж чадна" гэнэ.
Мэдээж, төрөлхийн түгээмэл бус авъяас чадвар байхгүй бол хэчнээн хичээж чармайлаа ч
хоёрдугаар Шекспир, Ньютон, Бетховен, Микеланжело төрж гарахгүй нь ойлгомжтой. Гэлээ
гэхдээ хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Түүгээр үл барам
гоц ухаантан хэмээн цууд гарсан бүх хүмүүс бараг заавал гайхалтай чармайлт гаргагчид байдаг.
Биологич Жон Далток хүмүүс өөрийг нь гоц авъяастан хэмээн нэрлэхийг үл зөвшөөрөн
өөрийн бүтээлээ бүхэлдээ идэвх чармайлтыг хураан цуглаасны үр дүн гэж үзэж байжээ.
Анатомич Жон Хейнд өөрийнхөө тухай өгүүлэхдээ:
"Миний оюун ухаан зөгийний үүртэй адилхан. Үймээн шуугиан, эмх замбараагүй мэт
харагдавч, угтаа бол ёс жаяг, дэг журмаар нэгд нэгэнгүй хүлэгдсэн байдаг. Тэгээд тасралтгүй
хүчин чармайлт гаргасны дүнд байгалийн эрдэнэсийн агуулахаас мэдлэг хэмээх хүнс цуглуулагдан
ирдэг билээ" гэжээ.
Ийнхүү агуу хүмүүсийн намтар цадигаас өчүүхэн төдий нээхэд л бид гэм алдасаа хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй.
Зохион бүтээгч, технологич, сэтгэгч болон бусад олон салбарт нэрээ дуурсгасан хүн
залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олжээ. Тэгээд тэд ертөнцийн байдал
хийгээд бүхий л зүйл, тухайлбал цаг хугацааг хүртэл шижир алт болгон хувиргаж чаддаг юм.
Дейзлер "амжилтын нууц нь өөртөө тулгарсан асуудалд эзэн болоход оршдог. Үүний тулд
эрдэм судлалд бүхнээ зориулах учиртай" гэж бичжээ.
Үнэн хэрэг дээрээ, ертөнцөд агуу их нөлөөлсөн хүмүүсийг судлаад үзэхэд тээднний дотор
нэн тодорхой утгаар, гоц авъяас, өөрөөр хэлбэл төрөлхийн гойд гоц ухаан, гялалзсан зан төрх
цогцолсон хүмүүс нь цөөхөн, харин авъяас чадвараас үл хамаарч, байнгын их идэвх чармайлт
гарган эрдэм, судалгаа хуримтлуулж байж алдар хүндэд хүрсэн нь олон байдаг.
Хичнээн авъяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас, авъяас чадваргүй
ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. "Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж
чаддаг" гэсэн Италийн цэцэн үг бий (Who goes slowly goes long and goes far).

Monday, December 14, 2009

ХОЁРДУГААР БҮЛЭГ Тэвчээр














ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тэвчээр
Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг
1.3өв ухаанд өөдрөг, хатуу чанга тэвчээртэй байх.
Аз жаргалын охин тэнгэрт хүнийг ялгаварлах чадал байдаггүй гэсэн эсэргүүцлийн
маягийн үг чих дэлсдэг. Уг нь бол аз жаргалын охин тэнгэр бид мэтийн хүмүүс шиг харалган биш
юм. Өнөө цагийн хүмүүсийг харвал ойлгох бизээ.Хашир далайчинд цаг ямагт салхи, давалгаа хоёр
талтай байдаг шиг, аз жаргал ч ажилсаг хичээнгүй хүнийг л дагалдаж байдаг.
Ямар ч хүнд хэцүү салбарт эрдмийн ажлаар хөөцөлдөхөд зөв сэтгэлгээ, төвлөрүүлж харах
чадвар, идэвх чармайлт, тэсвэр тэвчээр зэрэг чанар хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.
Энд төрөлхийн авъяас зэрэг нь хэрэгцээтэй биш ч байж магадгүй юм. Тухайлбал, гоц
авъяастай гээд иймэрхүү мэдээж чанарыг хөнгөнцөр үзвэл үр дүн бага гарах билээ.
Дэлхийд цуутай хүмүүс төрөлхийн авъяас сэлтэд тэр бүр үнэмшдэггүй. Харин тэд авьяас
чадвараасаа хамааралгүй амжилт олсон эгэл жирийн хүмүүстэй адилхан л ертөнцийн зөв ухаанд
өөдрөг байхыг хатуу чанга тэвчээртэй эвцэлдүүлж иржээ.
Нэгэн судлаач "гоц авъяас гэдэг зөв ухааны хувилгаан дүр" гэж тодорхойлсон байна. Бас
нэгэн цуутай профессор сэтгэл зүрхнээсээ хичээж чармайхын чин хүслэнг гоц авъяас гэж нэрлэж
байна. Нийтлэлч Жон Фостер "гоц авъяас гэдэг хүний дотоодод буй онгодын галыг асааж
дүрэлзүүлэх хүчийг хэлнэ" гэжээ. Францын нэгэн байгалийн шинжээч:" гоц авъяас нь тэсвэр
тэвчээрээс өөр юу ч биш" гэсэн байна.
Ньютон эргэлзэх юмгүй өндөр дээд оюун ухаан цогцлоосон хүн байв. Тэрээр олон
гялалзсан нээлт хийж ирсэн агаад түүний нууцыг асуухад "... дандаа л тэр асуудлаа тунгаан
бодсоор ирсэн учраас л ..." гэж түгдрэлгүй хариулсан гэдэг. Ньютон нэгэн удаа өөрийнхөө
судалгааны аргын тухайд ярихдаа: "Би судлаж байгаа сэдвээ ямагт Урдаа дэлгээд удаан гэгч
ажиглаж суудаг. Ингэхэд балар харанхуйд гэгээ түгэж, үүр цайхын адилаар асуудлын мөн чанар
аяндаа тодроод ирдэг юм даа" гэжээ.
Ийнхүү судалгааны ажилдаа өөрөө шингэж, бас гүн тэвчээрийнхээ ачаар И.Ньютон их
эрдэмтний алдрыг хүртсэн билээ. Тэрээр Английн эрдэмтэн судлаач Ричард Вентлей-д ийн ярьсан
байна: "Би энэ нийгмийнхээ төлөө ямар нэгэн тахил өргөж чадсан гэвэл, тэр нь бүхий л
судалгаандаа чармайж тэсвэр тэвчээртэйгээр бодож сэтгэсээр ирсний л ач гавъяа гэж бодож байна"
гэжээ.
Ньютонтой эн зэрэгцэх астрономич Кепул ч судалгааны ажлынхаа амжилтын тухайд
Ньютонтай адил өгүүлсэн байдаг. "Ямар нэ г ганц зүйлийг ч ухаан санаагаа төвлөрүүлээд бодож
үзвэл тэр нь шалтгаан болон дэлгэрч цаашаа улам гүнзгийрээд бодол болон хөвөрдөг. Эцэст нь
зангилагдаагүй асуудалд бүхий л оюун санаагаа чиглүүлээд гартаа оруулж авдаг" гэжээ.

Wednesday, December 9, 2009

Өөрөө өөртөө "хамгийн сайн туслагч" болох нь чухал


Өөрөө өөртөө "хамгийн сайн туслагч" болох нь чухал
Токвилли "өөрийн хүч чадалдаа итгэж, эрчимтэй хөдөлмөрлөх нь хүний
хувьд маш чухал" гэдэг ойлголтыг хатуу баримталдаг байв. Бас нөгөө
талаар бусдын тусламж дэмжлэг ямар их чухал болохыг ч хэнээс ч илүү гүнзгий ухамсарласан байлаа. Хүмүүс олон ч бай, цөөн Ч бай бусдын тус дэмгүйгээр
амьдарч чадахгүй юм.Тиймээс тэрээр анд найз Григорий болон Стофьер нарынхаа
тусад гүн талархаж байдгааилэрхийлсэн байдаг. Григорий нь түүнд мэдлэгийн
тал дээр тус дэм өгч, Стофьер санаа сэтгэлийн дэм хийгээд андын сэтгэлээ өргөсөн юм. Тэрээр Григорийд бичсэн захидалдаа:
"Миний итгэдэг хүн чамаас өөр байхгүй. Чи миний сэтгэл санаанд үнэхээр
нөлөөлж байдаг. Мэдээж хэрэг өдөр тутмын аар саархан асуудалд олон хүнээс
тус дэм авч байгаа ч миний бодол санааны уг үндэс хийгээд үйлдэл бүрийн
маань чиг шугамын тухайд чам шиг их нөлөөлж байдаг нь үгүй билээ" гэжээ.
Бас тэрээр эхнэр Марийдаа ч талархсан сэтгэлээ илэрхийлэхээ мартаагүй юм.
Тэр бүсгүйн тэсвэр тэвчээр хийгээд халамж анхаарал байснаас л тэрээр өөрийн судалгаагаа эцэст нь хүртэл үргэлжлүүлсэн. Өндөр дээд, хиргүй цэвэр
зан араншинтай эхнэр хүн үл анзаарахын хооронд эр нөхрийнхөө хүн чанарыг
өөд нь татсан байдаг бол охор сэтгэлт эхнэр хүн эр нөхрөө заавал уруудуулж
унагаадаг гэж тэр итгэдэг байв.Дүгнэж хэлэхэд, хүний мөс чанар нүдэнд
үл харагдах тоо томшгүй зүйлсийн хэлхээсээс хэлбэршиж бүтдэг. Ухаант
мэргэд хийгээд эрт эдүгээгийн цэцэн үгс, амьдралд тулгарах туршилт,
судар ном, найз нөхөд, хөрш, орчин цагийн нийгэм, эцэг өвгөдийн сургааль
энэ бүхнийг бид өвлөн үргэлжлүүлж, ухамсартай, ухамсаргүйгээр тэдгээрийн
их нөлөөлөлд орж байдаг билээ. Харин мэдээжийн зүйл нэг байна. Юу гэвэл
хүн өөрийнхөө аз жаргал, амжилт бүтээлийн тухайд хэзээ ямагт өөрөө
хариуцлага хүлээх ёстой бөлгөө.
Ямар ч гайхамшигтай, ухаантай хүн бусад хүмүүсээс том хишиг тус хүртэж
байдаг нь мэдээж. Гэхдээ эртнээс наашхийг эргэцүүлж хэлбэл,
бид өөрсдөө: өөртөө хандсан хамгийн сайн туслан дэмжигч байхгүй
бол болохгүй билээ.

Миний дуртай клип-2

Tuesday, December 1, 2009

Хүний амьдралд завтай цаг гэж байдаггүй

Хүний амьдралд завтай цаг гэж байдаггүй
Хүмүүний амжилт бүтээл хийгээд алдар нэр тэр хүний өөрийнх нь ажиллах хүч чадал,
идэвх чармайлтаас шалтгаалах нь их юм. Гэхдээ түүний сацуу амьдрах хэмээх аяны зам зуурт бусдын үзүүлсэн тусламж дэмжлэг хэмжээлшгүй их утга чанартай байдаг.
Английн нэгэн найрагч энэ тухайд гайхалтай онож хэлжээ.
Тэрээр "Хүнээр мэдүүлэх сэтгэл хийгээд биеэ мэдэх сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад шүтэж
амьдрах болон өөртөө найдах явдал, энэ хоёр өнгөц харвал зөрчилдсөн зүйл мэт бодогдоно. Гэвч энэ хоёр хоёулаа гар гараасаа барилцан урагшлахаас өөр аргагүй юм" гэжээ. Бид цөм бага балчир үеэсээ өтөлж хөгширтлөө ямар нэгэн хэлбэрээр бусдаар өсгүүлж, үг сургаалыг нь хүлээж байдаг. Тиймээс арван хуруу тэгш болон чадалтай хүн л өөрөө бусдын дэм авснаа хүлээн зөвшөөрөхөөсөө ичдэггүй юм.
Нэгэн жишээ авч үзье. Францын улс төрч Алекс де Токвилли баян чинээлэг айлын гэр төрсөн юм. Эцэг нь үе дамжсан язгууртан, эх нь нэртэй улс төрчийь ач охин байлаа. Иймэрхүү гэрийнхнийхээ нөлөөгөөр дөнгөж 21 -хэн настайдаа тэрээр Версалийн дээд зиндааны шуүгч болов. Гэвч тэрээр энэхүү албан тушаал нь өөрийн амжилт чадлаар үнэн зөвөөр олгогдсон зүйл биш хэмээн бодсон болов уу, удалгүй хэргэм зэргээ орхиж, өөрийнхөө хүчээр өөрийн ирээдүйн замаа нээхээр шийдсэн билээ."Балай тэнэг амьтан" гэж шүүмжлэх хүн ч байв. Тэрээр бууж өгсөнгүй. Ажил албаа орхисныхоо дараа тэрээр Францыг орхиж АНУ-д хэдэнтээ жуулчилсан юм.Тэр үедээ үзсэн, дуулснаа шинжилж "Америкийн ардчилал" хэмээх ном бичсэн нь түүнийг
aлдаршуулсан билээ.Түүний анд нөхөр агаад Америкт хамт аялж байсан Гюстав Де Бормон найз нөхөр нь аялалд явж байх үедээ аяншиж ядрахаа үл мэдэн суралцаж байсан тухайд өгүүлсэн нь:"Тэрээр бараг л залхуурч назгайрах гэдгийн эсрэг чанарыг эзэмшигч байв. Аялаж явах замдаа ч, түр амсхийх үедээ ч сэтгэл зүрх нь ямагт судалгааны ажилдаа чиглэгдэж байлаа...Түүннй хувьд хамгийн хөгжилтэй яриа гэдэг нь хамгийн тустай яриаг хэлдэг байв.Дэмий өнгөрөөсөн нэг өдөр хамгиин муу өдөр байх бөгөөд цөөхөн цагийг дэмий сул өнгөрүүлэх явдал түүнийг бүр багтрааж орхидог байсан” гэжээ.
Токвилли ч найздаа бичсэн захиандаа:“Хүний амьдралд борив бохисхийн амарч суух цаг зав байдаггүй юм. Бусдын тусламж,өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудрах хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залхуу байхад ч, хэмжээлшгүй өсч хөгжсөн үед ч нэгэн адил хамаатай. Хүн гэдэг хойт туйлын хүйтэн
газрыг чиглээд амралтгүй алхах аянчинтай адилхан юм. Зорьсон газартаа ойртохын хэрээр аянчин
хүн алхаагаа хурдасгахгүй бол болдоггүй. Тэнд тахир хүйтэн гэгч аянчин хүний санаа сэтгэлийн
хувьд аймшигтай дайснаас биеэ хамгаалахад оюун санаагаа шавхуурдаж хөдөлгөхийн хамт, ямагт
анд нөхөртэйгээ харьцаа холбоогоо хадгалах явдал хамгийн чухал байдаг” гэжээ.

Tuesday, November 24, 2009

4. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог


Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог
Аль ч цаг үед хүний нийгэм ядуу буурай амьдрал дундаас хөл дээрээ боссон хүмүүсээс
ихээхэн ач тус хүртэж ирэв. Энэ талаар бодож үзвэл, хүмүүс хамгийн дээд боловсрол олж
эзэмшихэд эд баялаг, амар тайван байдал л зайлшгүй хэрэгтэй гэх мэтээр үзэж сэтгэх нь алдаатай болох нь тодорхой. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм.Хэрвээ, иймэрхүү гөлгөр аж байдалд автвал хүч нь бялхсан, өгөөжтэй, үр жимстэй амьдралыг туулах хүсэлгүй болж зэвэрнэ.Иймээс ядуу зүдүү байдал бол золгүй байдал,зовлон гуниг гэсэн үг хараахан биш юм.Өөртөө туслах ухаан сайтай байж чадвал ядуу гуцуу байдал хүнд хишиг буян болж хувирна. Зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож, нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Нийгэмд амарлил олгох гэсний учир өөрийгөө эрхшээлд нь унагах хүн ч байдаг. Гэхдээ тэр хүн хичээнгүй чармайх сэтгэлээ алдалгүй зоригжиж, өөртөө итгэх итгэлээ олбол их ялалтад хүрэх нь дамжиггүй.Бэкон: "Хүн өөрийнхөө эд баялгийг ч, чадал авъяасыг ч зөв ухаардаггүй. Эд баялгийн тухайд бол юмс хэрэгцээнээс илүү л байж байвал гайхалтай сайхан хэрэг хэмээн итгэдэг атлаа хүний авъяас чадал түүнээс илүү агуу их зүйл юм гэдгийг анзаардаггүй. Өөрийн эд баялгаа үгүйсгэж, гагцхүү хүч чадалдаа итгэж чадах хүн л өөрийнхөө аяганаас ус уух, талхаа идэх аргад сурдаг. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа чигийг тогтоох замд суралцаж, хүн өөрөө өөрийгөө сайн сайхан гэж бодохыг бусдад ч ойлгуулахаар болдог" гэжээ.Эд баялаг хунийг зугаа цэнгэл, дур зоргоор аашлах амьдрал руу хүчтэй хөтөлдөг. Уг нь хүмүүн бид эхийн хэвлийгээс төрөхдөө төрөлхийн иймэрхүү татаасанд чангаагдаагүй байдаг. Ийм учраас эд баялганд умбасан гэр бүлд хүмүүжсэн атлаа тэр цаг үедээ чухал үүрэг гүйцэтгэж чадсан
хүн, өөрөөр хэлбэл чинээлэг хангалуун амьдралаа дор үзэж, өдөр бүр хичээнгүй амьдарч өндөр хүндлэлд хүрсэн хүн цөөнгүй. Хойгийндайн (1808-1813 ондболсон Напалеоны дайралтыг эсэргүүцсэн Испаничуудын тулалдаан. (Энэ дайнд англичууд испанид туслаж байв)-д чамгуй их орлоготой англи бага дарга салаатайгаа хамт бүслэлтийг сэтлэн давшиж байсан хэмээх яриа өнөөг хүртал сэтгэл татам яригсдаар байдаг билээ. Ийнхүү өндөр язгуур, өв хөрөнгөтэй хүмүүс ч гэсэн төр улсынхаа тусын тулд янз бүрийн салбарт ихэнх нь өөрсдийн амь насаар дэнчин тавьж баатарлагаар тулалдан, үургээ гайхамшигтай биелүүлж ирсэн байдаг. Гүн ухаан, шинжлэх ухааны тухайд ч дээрх Бэконтой нэгэн адил язгууртны хүрээлэлд төрсөн авч өндөр дээд алдар нэр олсон
хүмүүс олон бий.

Monday, November 23, 2009

Хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг


3. Хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л
шийддэг
Дээр өгүүлсэнчлэн, хүний мандах, буурах нь тэр хүний аль хэр хичээж зутгэж байгаагаар
шийдвэрлэгддэг. Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч
чадахгүй.Чөмгөө дундартал суужсурч хөдөлмөрлөхгүйгээр өөрийгөө цэвэршүүлж, оюун ухаанаа дээшлүүлж, бизнест амжилт олох зам үгүй юм.Бас хүн эхээс төрөхдөө ямар ч их эд баялаг, өндөр байр суурин дээр уналаа ч алдар нэр олох нь уг хүний залхуугүй хичээл зүтгэлээс л хамаарна. Эд агуурс, газар сэлтийг эх эцгээс өвлөн залгамжилж хүртэж болох боловч мэдлэг хийгээд оюунлиг санааг бусдаас авч чадахгүй. Баян хүн
бусдад мөнгө төлөөд өөрийнхөө төлөө ажилуулж чадах боловч, тэднээс хэрсүүжилт хийгээд
оюунжилтыг худалдан авах аргагүй юм.Ямар ч салбарт зорьсондоо хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол гайхалтай бүтээмж бий болохгүй. Үүнийг бид ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод сийлж үлдээх ёстой юм.