Tuesday, March 30, 2010

ГУРАВДУГААР БҮЛЭГ Нэг тохиосон хувь дахиж ирдэггүй



ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нэг тохиосон хувь дахиж ирдэггүй
Амьдралын орчлыг туулах самбаа, эзэгнэх сэхээ
1.Хичээл зүтгэл дотор "гялбаа" бий.
Тохиолдлын учралаас агуу их бүтээл төрж гарах нь нэн ховор. Мэдээж хэрэг, хааяа аз
таарч амжилтанд хүрэх явдал байдаг бизээ. Гэлээ ч үнэнхүү хичээл чармайлт болон чин зүтгэл л
амжилтанд хүрэх цорын ганц бат найдвартай зам билээ.
Байгалийн зураач Вильсоны нэг удаад уран бүтээлээ туурвиж байх үед нь тохиолдсон сонин
явдлын тухай яриа байдаг. Вильсон уламжлал болсон аргаараа нэгэн зураг зурж бараг дуусч
байжээ. Гэтэл тэрээр бийрээ гартаа барьсан чигээрээ хойш ухарч дэлгэцээ харж зогсоод, гэнэт
зураг руугаа ухасхийн очиж үг сүггүй хоёр гурван газар бийрээ хүргэжээ. Энэхүү хамгийн
сүүлчийн үйлдлээр зураг нь гайхалтай сайхан болсон гэдэг. Ийм ур чадвар хэн бүхэнд ч заяагаад
байдаггүй. Өдөр бүрийн тасралтгүй хичээл чармайлт бөөгнөрөн хуримтлагдаж байсан учраас л
бийрийн ганц таталт нэгэн ширхэг зурганд урлагийг амь оруулах бололцоог бүрдүүлжээ.
Хэрэв туршлага дутуу зураач байсан бол гайхамшигтай бүтээлээ дуусгах нь бүү хэл, бүр
дэлгэцээ бийрийнхээ үзүүрээр завааруулж орхих нь мэдээж билээ.
Үнэхээрийн гайхалтай ажил хийдэг хүмүүс ямагт тэвчээртэйгээр ажилдаа шургуу байж, бие
сэтгэлээ хайрлалгүй хичээн зүтгэж байдаг. Агуу их хүмүүс өдөр тутмын эргэн тойрныхоо аахар
шаахар зүйлийг үл тоомсорлож, харин барихын аргагүй асуудалд түүнийг засан сайжруулахаар
хүчээ зориулж байдаг.
Нэг удаа Микеланжелогийн урланд найз нь иржээ. Микеланжело баримлынхаа нэгийг
хуруугаараа зааж найзынхаа урьд нь ирээд явснаас хойш яаж зассанаа хичээнгүйлэн тайлбарлаж
эхлэв. "Энэ хэсгийг зассан юм. Тэр хэсгийг ч бас зүлгэж өнгөллөө. Энэ зураасыг өмнөхөөсөө
зөөллөж тэр булчин товойж байгаагаар гаргалаа. Уруулд нь ч зарим нэг сэтгэлийн хөдлөл гаргаж,
гар хөлд нь бүр хүчтэй шинж байдлыг суулгасан юм"гэжээ.
"За, иймэрхүү аахаар шаахар зүйл надад тийм чухал гэж бодогдохгүй байна..." гэж найз нь
хүзүүгээ гилжийлгэхэд
Микеланжело:
"Мэдээжээр бүр нарийн засвар хийхэд энэ дутагдалтай байж ч магадгүй. Гэхдээ иймэрхүү зүйл
хуримтлагдаж байж гоо сайхан цогцолдог. Өөрөөр хэлбэл гоо сайхан бүрэлдэж бий болоход ямар
ч үл ялиг зүйл чухал байр суурь эзэлдэг" гэжээ.
францын нэгэн зураач "Сэтгэл татагдах л ажил байвал, тэр нь юу ч байсан эцэстээ гайхалтай
сайхнаар бүтэж байдаг учиртай" гэж хэлсэн байдаг. Нэр алдартай зураач болж чадсаны учрыг найз
нь асуухад тэрээр "Ямар ч жижиг сажиг асуудлыг хайхрахгүй орхидоггүй байснаас тэр" гэж
хариулжээ.

No comments: