Monday, October 25, 2010

Сурах эрмэлзлэлээр шатаж яваа хунд хаалт байдаггүй



Гаслант ядуу амьдралтай ч эр зориг хийгээд тэсвэр тэвчээрээ шавхан гаргаж, түүндээ дөрөөлөн улмаар
амжилт олсон уран бүтээлчид олон билээ. Нөгөөтэйгүүр ядуугийн зовлонгоо тэсч чадалгүй хийсч унасан
хүмүүс ч цөөнгүй бий. Зураач Жон Мартин ховорхон гэмээр туйлын ядуу амьдралыг биеэрээ туулсан нэгэн
билээ. Анхныхаа томоохон бүтээлээ туурвихаар ид ажиллаж байх үедээ тэрээр нэг бус удаа өлсч үхэхийн
ирмэгт тулж очиж байжээ. Нэг удаа өөрт нь ердөө ганцхан шиллингийн зоосноос өөр юм байсангүй. Тэр
зоос гайхамшигтай гялгар байсан тул ямагт гараасаа салгалгүй барьж байсан боловч аргаа барсан тэрээр
түүгээрээ талх авч идэхээр явжээ. Талхаа аваад буцах гэж байтал дэлгүүрийн хүн гэнэт Мартины гараас
талхаа булааж авчээ. Тэгээд төлөхөөр өгсөн мөнгийг нь чулуудаад буцаах нь тэр. Гэрэл ойн гялалзаж байсан
өнөөх зоос ядуу зураачид хэрэг болсонгүй. Учир нь тэр хуурамч зоос байсан ажгуу. Оромжиндоо буцаж,
тэндээс эрж хайж байж өчүүхэн талхны үйрмэг олж, түүнийг үмхэж өлсгөлөнгөөс аврагдсан гэдэг.
Ийм бэрх нөхцөлд ч Мартин зургаа бүтээхээр улайрч, бүхий л чадлаараа сэтгэлгээгээ
шавхаж байлаа. Цөхрөлтгүй хичээн оролдож, бас бололцоог алдалгүй барьж байх зориг түүнд
байсан. Хэдэн өдрийн дараа бүтээлээ зарлахад хүмүүс түүний бүтээлийг шагшин магтаж алдар нэр
нь түгжээ.
Ямар ч тохиолдолд хичээл зүтгэлээрээ төрөлхийн билэг авъяасаа улам додомдсоор байх
ахул, өөрийгөө хамгаалах хүч чадал заавал суудаг байна. Хичнээн аажуу удаан байлаа ч заавал
алдар нэр хүрч ирэх нь лавтай юм. Олон агуу их уран бүтээлчидтэй нэгэн адил, Мартины амьдрал
ч үүнийг тодорхой харуулж байна.
Уран зураг, барималтай нэгэн адил хөгжимд ч бусдаас цойлон гарахын тулд хичээл зүтгэл
болон шаргуу оролдлого нэн чухал юм.
Хендел ядрахаа мэдэхгүй, цөхрөлтгүйгээр ая зохиох гэж зүтгэж байлаа. Ялагдал хүлээж
гансрал гутралын байдалд орох тусмаа тэрээр хүчээ улам бүр шавхан дайчилж байлаа. Нэг удаа
өрд баригдаж, бэрх ичгүүр гутаал амссан ч, түүнд огт гуньсангүй.
Тэр жилээ тэрээр"Саул" "Египедийн израйльхүн","Драйдений магтуунд зориулсан
аялгуу", "Арван хоёр дугаар концерт", "Аргосын Жюпита" дуурь зэргийг зохиосон бөгөөд эдгээр
нь цөм түүний оргил бүтээлүүдийн тоонд ордог ажээ. Нэгэн зохиолч Хенделийн тухайд:
" Тэрээр юуг ч эрэлхэг зоригтойгоор давж гарч чадаж байв. Хэний ч тусламжийг авалгүй
ганцаараа арван хоёр хүний ажлыг хийж гүйцэтгэсэн" гэжээ.
Хайндон өөрийн урлалын тухай: "нэгэн сэдэв зурсхийн орвол эцсийг нь хүртэл түүний
араас мөрдөх нь чухал" гэжээ. Моцарт "ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг" гэж
өгүүлсэн байдаг.
Бетховены хэлэх дуртай үгийг доор сийрүүлбэл: "Сурах эрмэлзлэлээр шатсан авъяаслаг,
хичээл зүтгэлтэй хүнд "энд хүрээд зогсоё" хэмээх хаалт байдаггүй".
Нэг удаа төгөлдөр хуурч Мошиэлс Бетховенд нэгэн дуурийнхаа төгөлдөр хуурт зориулсан
аяны ноотоо гардуулсан бөгөөд түүнийхээ эцсийн хуудасны өнцөгт "Бурхны авралаар эсэн мэнд
дуусах болтугай" гэж бичсэн байлаа. Түүнийг нь харсан Бетховен тэр дор нь үзгээ авч түүний доор
ийн таталгажээ: " Бурханд найдах нь юу вэ. өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун".
Энэ үг л уран бүтээлч Бетховены амьдралаараа туулсан, хамгийн ойр дотны уриа лоозун нь болж
байсан гэдэг .

No comments: