Sunday, May 12, 2013

Жинхэнэ уран үг үггүй туршилт дотор байдаг

 
Энэ хүртэл өгүүлсэнчлэн, бидний харсан сонссон үйлдэл хийгээд үг ярианаас гадна бидний
өөрийн үг яриа үйл хөдлөл ч нөлөөлөх томоохон хүчийг авч явдаг. Тэр хүч нь өөрийн ирээдүй
төдийгүй нийгмийг бүхэлд нь зүг чигийг бүхэлд нь савлуулахгүй гэхийн газаргүй юм.
Ямар ч хүн энгийн цагаан мөртлөө чухал ховор сургамжийг бусдаас авч байдаг билээ. Ингэж үзвэл ямар ч нөхцөл хүмүүнд заавал учир утгатай ажээ. Яагаад гэвэл намхан газар тавьсан лаа, уулын толгой дээр тавьсан лаатай өчүүхэн ч ялгаагүй хавь орчноо гэрэлтүүлж байдаг билээ. Түр зуурын гадаад өнгөн тал бага хэрэг.Хувь муутай нөхцөлдд тухайлбал бөглүү буйд газрын овоохой болон их хотын давчуухан гудманд амьдрахаар таарчихвал жинхэнэ хүн л бол тэр дундаа өсч хөгжөөд явж чадна. Хэр хэмжээгээрээ өөрийнхөө булшийг булах төдий өчүүхэн газраас өөр зүйл үгүй ч тэндээ үнэнхүү хичээнгүйлэн ажиллавал түүнээс хэдэн мянга дахин өргөн уудам газрыг өвлөж авсан хүнээс илүү гайхалтай зорилтыг гүйцэтгэж чадах билээ.
Хүний амьдрал хэмээх хэн ч болов дамжиж туулах ажлын талбараас хичээл зүтгэл, эрдэм
ухаан, өндөр суртахуун төрж мэндэлдэг гэвэл, бас үүний эсрэгээр залхуу хойрго, хөнгөн хуудуу
явдал, ужид самуун ч бас эндээс төрж мэндлэх нь бий. Алинаар нь явах нь уг хүн сайн явдлын
боломжийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаацдаг гэж хэлж болох бизээ. Гайхамшигтай алхаж байгаа хүний амьдрал, чин шударгуу зан чанар хоёр үр удам, нийгэмдээ хамгийн үнэ цэнтэй өв хөрөнгө болдог билээ. Ийм амьдрал, хүн чанар хоёр нь сайн үйл гэдэг юу болохыг уран цэцэн сургаж, муу үйлийг хурц шүүмжилж байдаг. Энэ бол хүмүүсийн хувьд хамгийн гайхамшигтай баялгийг төрүүлэх эх булаг болдог билээ.
Яруу найрагч Робб, нэгэн удаа ядуу доройгоос гаралтай гэж тохуурхал сонсох үедээ
дараах байдлаар ихэмсэг сүрлэгээр тас цохиж хариулсан гэдэг. "За тиймээ, миний эх эцэг өчүүхэн хүмүүс байсан хэдий ч, хүү намайгаа нүүр улайлгахаар, ичгүүргүй авирлаж байсан удаа лавтайяа нэг ч байгаагүй юм даг. Хүү нь болсон би ч гэсэн таны харж буй байдал төрхтэй яваа хэдий ч эх эцэг хоёрыгоо уйлуулж байсан удаа огтхон ч байхгүй билээ. Энэ хангалттай бус уу" гэжээ. Бусдыг хөдөлгөе гэсэн үед, энийг тэрийг гэж тушаах төдийгөөр хэрэг бүтэхгүй бизээ.
Юуны өмнө, өөрөө урагшилж загвар болгон санаагаа илэрхийлж байхгүй бол болдоггүй. Нэгэн
хатагтай өөрийн амжилтын нууцаа ийн өгүүлсэн байдаг. "Хүнээр ямар нэгэн зүйл хийлгэе гэж
хүсвэл өөрөө үлгэрлэн, дуурайлгах хэрэгтэй. Амаараа төдий түрүүлэгч ямар ч хэрэг бүтээхгүй"
гэжээ. Зөвхөн үгээр хэлэх нь жинхэнэ уран илэрхийлэл болж чаддаггүй. Гарчигийг нь хэчнээн
уянгалуулавч, төлөвлөгөө нь өчүүхэн ч урагшлахгүй, тэгээд чалчихын хананаасаа нэг алхам ч
гардаггүй билээ. Үүнийг мэдэж тангараг тавьсан эрхэм хатагтай өөрийн зүгээс үйлдлийг эхлэдэг ажээ. Тэр эмэгтэйг үнэхээр төлөвлөснөө биелүүлэхийг хараад, хавь орчны хүмүүс түүний эрс шийдлээс цохилт авч, туслахаар боссон байна. Гайхамшигтай бүтээл бий болгох нь уран цэцэн үгтэн бус, өндөр дээд онолч бус, харин үйл ажлаараа бусдыг дагуулагч хүн л мөн билээ.

No comments: