Monday, June 17, 2013

Сайн багш, сайн нөхөр хүний амьдралын хамгийн том үнэт эрдэнэс мөн

 
Зан араншингийн хүмүүжил хэрхэн төлөвших нь хэнийг үлгэр загвараа болгож байгаагаас
хамааардаг.Бидний араншин орчин тойрны хүмүүсийн зан авир, байдал төрх, заншил, үзэл бодол зэргийн улмаас үл ухамсарлагдан хэлбэрээ олдог юм. Сайн дүрэм журам хэрэг болдог хэдий ч сайн үлгэр загварыг гүйцэхгүй. Сайн үлгэр загвар дотор бодитой үйлдлийг туулсан сургааль- амьд ухаан багтаж байдаг юмаа.
Сайн зөвлөлгөө өгөвч, муу үлгэр дуурайлал үзүүлэх нь баруун гараараа гэрээ барихын
сацуу зүүн гараараа түүнийтээ эвдэлж буулгаж буйтай адил бөлгөө. Үүнээс улбаалаад ялангуяа
залуу цагтаа маш их анхааралтай хянамгай байж, нөхрөө сонгох ёстой юм даа.
Залуу хүнд харилцан татагдаж нийлэх хүч оршиж байдаг бөгөөд нөхөрлөж байхын зуур
хэзээ ч юм зан ааш, авир ааль нь төсөөтэй болоод ирдэг. Зохиолч Эдвис-ын тайлбараас үзвэл
"ялангуяа залуу хүн улаан шаргалтай харьцвал улаан болох шинж чанар хүчтэй тул хамгийн үлгэр загвар болох найзыгаа зөв сонгох ёстой юм" гэсэн байдаг. Түүгээр барахгүй түүний хэлэх дуртай үг нь "Сайн нөхөртэй нөхөрлө, тийм эс аваас хэнтэй ч бүү нөхөрлө" гэдэг үг байв.
Далайн цэргийн офицер Колингвудт залуу нөхөртөө бичсэн захидалдаа: "Дэмий хүнтэй
нөхөрлөснөөс ганцаараа амьдрах нь дээр. Үүнийг баринтагтай сургаалиа болгож сэтгэлдээ гүн
гүнзгий сийлэгтүн! Өөрөөсөө илүү шилдэг, үгүй ядаж өөртэйгээ эн сацуу хүнтэй нөхөрлөх ёстой юм. Яагаад гэвэл хүмүүний үнэ цэн найз нөхрийнхөө үнэ цэнээр шийдэгддэг болохоор л тэр" гэжээ.
Нэрт эмч Сиднем "Хүн гэдэг зовлон жаргалаа хуваалцах найз нөхөр нь сайн хүн үү, муу
хүн үү гэдгээс болж сайн муугийн аль нэг нь болдог" гэжээ. Холландын зураач Питер Лейр
тааруухан зурсан зураг үзэхгүй байхыг хичээдэг хүн байлаа. Дэмий зурагны нөлөөнд автагдвал
өөрийнхөө бийрийг хүртэл бохирдуулчихна гэж итгэж байснаас тэр юм. Үүн лугаа адилаар, ужид самуунд унасан хүнтэй нөхөрлөх аваас өөрийн чинь бие сэтгэлд хүртэл бузар нялзаад язгуур чанараа алдаж орхихын үүдийг нээдэг билээ.

No comments: