Monday, September 16, 2013

"Хойт насанд "уул" болохоор зоригтой амьдрал

Намтар бичлэгийн хэрэгтэй тал нь гайхамшигтай зан араншингийн үлгэр загвараар баян байдагт
оршино. Агуу их хүмүүс, тэдний амьдрал тэмдэглэл бичлэгээр дамжиж бидний сэтгэл зүрхэнд хоногшоод,
тэрхүү үйл явдлууд орчин цагт үргэлжлэн амьдардаг билээ. Өнгөрсөн цагийн агуу хүмүүс бидний ширээний
хажууд тухлан, гарыг чинь атгаж буй. Тэдний бидэнд хүртээсэн ашиг тустай үлгэр загварыг бид судалж,
бахдаж, суралцах ёстой юм шүү.
Өнгөрсөн үеийн агуу хүмүүс өндөр дээд оюунлиг амьдралынхаа дурдатгал бичгийг өв сан
болгож хойч үеийнхэндээ үлдээсэн, тэр бол сайн суртахуун хийгээд аз жаргалын ширгэшгүй булаг
мөн билээ. Яагаад гэвэл тэдний дурдатгал хойч үеийнхэн өөрийгөө төлөвшүүлэхэд гайхамшигтай
үлгэр загвар мөн агаад орчин үеийн хүмүүсийн сэтгэлийг шинэ амьдралаар үлээн дүүргэж, хүний
амьдралын дахин эхлэл хийгээд хүмүүн чанарын хувьсгалд туслахаар гараа сунгадаг ажгуу.Жинхэнэ хүмүүний амьдралаар амьдарч ирсэн агуу хүмүүсийн намтар бичлэг өнөө үед ч үр
өгөөжөөр дүүрэн, ховор чухаг үр жимсийг нягт шигүү чихэлдүүлэн байдаг билээ. Ийм намтар
бичлэг бол жинхэнэ үнэний дуу хоолой, орчин үед амьдрах оюун санаа мөн.
Шүлэгч Милтон: "Агуу ихийн оюун ухаанаар булиглах цус" гэж хэлсэн нь бий..
Гайхамшигтай хүмүүсийн намтрыг уншвал ямар ч хүн байлаа гэсэн оюун санаа нь баялаг болж,
ямар нэгэн шийдэл хийхээр санаа сэтгэл нь хөглөгддөг. Иймэрхүү намтар бичлэг хүний хязгааргүй
бололцоог нотлож байдаг тул уншигчид биеэ даахын сэтгэлээр өндийн босч.хүний амьдралд хүсэл
мөрөөдөл хийгээд зорилго чиглэл өөдөө дээшээ, баттай зүйл болдог билээ.
Ялангуяа уншигчид намтар бичлэгийн дотроос өөрийн дүр зургаа харж гаргаж ирэх
тохиолдол байдаг. Тухайлбал нэрт хуульч Самуэл Ромил францын алдарт хуульч Дагесорын
амьдралын замнал түүхийг уншаад сэтгэл нь гүнээ хөдөлжээ. "Түүний туулсан гэгээ гэрэлтэй
амьдралыг мэдсэнээр миний урам онгод ихээр асч бадамласан юм. Тэгээд миний бие дахин гэрэл
гэгээтэй замыг сэтгэлдээ ургуулан бодох болсон билээ" гэж тэрээр өгүүлсэн байдаг.
Франклин ч залуудаа шашны зүтгэлтэн Котон Маза-гийн намтар зохиолыг уншаад сэтгэл нь их
хөдөлсөн гэдэг. "Миний бие хүнд хэрэг тус болж, алдар нэр олсон нь ч энэ номтой учирсны ач юм"
гэж хожим давтан өгүүлсэн байдаг.
Ийнхүү сайн үлгэр загвар хүнийг өөд нь татаж, ирээдүйг атгах хойч үед уламжлагдан
өвлөгддөг билээ. Улмаар ном бичиг унших тохиолдолд ч анд нөхрийн ёсонтой адил сайн зохиолд
татагдаж түүний хамгийн сайн хэсгийг үзэж судлах явдал чухал юм. Энэ талаар нэгэн ухаантан:
"Би гайхамшигтай ном зохиолоос өөрийг уншмааргүй байдаг. Гайхалтай ном зохиол гэдэг голдуу
эртнээс хайрлан уншиж ирсэн номыг хэлдэг. Би энэхүү хуучны танилтайгаа улам нандин
холбоотой болохсон гэж хүсч байна. Шинэ номыг анхлан уншихаас илүү хуучин номоо давтан
унших нь бүр олз ихтэй байх ёстой юм" гэж бичсэн байдаг.

Sunday, September 8, 2013

"Үлэмжийн хүн" болохын төлөөх онгод чиний авъяасыг дуудан босгодог


Урлагийнхан ч өөрөөсөө илүү давсан авъяастанд хөглөгдөж авъяасаа хурцлаж дээшлүүлж байдаг.
Тухайлбал Хайдоны суут чанарыг Хендер анх хөл дээр нь босгосон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй юм.
Хендерийн бүтээл сонсоод Хайдон хөгжим зохиох урам онгодоо шатаах болсон билээ.
Хайдон өөрөө өгүүлж буйчлан түүнтэй учраагүй бол түүний "Диваажингийн үүсгэл" оратори бий
болоогүй байх байсан ажээ. Хайдон Хендерийн тухай "хөгжмийнхөө санааг шийдээд бариад авахаараа гялс
манас урагшилдаг хүн дээ" гэж өгүүлжээ. Бас "түүний бичсэн ямар ч аялгууг сонсоход миний цус хөөрч,
дагжин чичирдэг билээ" гэж хүртэл ярьсан байдаг.
Хөгжмийн зохиолч Скарллет Хайдоныг бишрэгч хөгжимчин агаад түүний араас хөөж Италийн бүх
газар нутгийг тойрсон гэдэг. Хэдэн жилийн дараа ч мөнөөхөн агуу уран бүтээлчийн тухай дурсах үедээ
бахдаж шагшсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд бараг л загалмайгаа таслах шахаж байжээ.
Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөгбилээ.Бетховен Кербини-ын
хөгжмийн мөн чанарыг хэн ч халдахгүй болтол магтан дуулж, Шубертийн суут авъяасын тухайд ч халуун
дотно магтаал илгээж байлаа.
"Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна" гэж Бетховен өгүүлжээ.
Уран зургийн ертөнцөд ч адил тухайлбал Носкорд залуудаа Леонорс-ийн бүтээлд сэтгэл татагдцаг байлаа.
Нэг өдөр агуу их зураач нийтийн цуглаанд оролцож байхад,Носкорд бөөгнөсөн улсыг зайчлан түүний
өмсгөлийн хормойд шүргэх шахам ойрхон очжээ. Сүүлд нь тэрээр "Леонорс багшийн хувцсанд шүргэхүед
бараг л нисч хөөрчих шахам баяртай байсан" гэж өгүүлсэн байдаг. Суут авъяасанд хандах залуу хүний
солиором тэмүүлэл энэхүү үгээр нэн тодорхой дүрслэгдэж байгаа бус уу.

Wednesday, August 7, 2013

Бяцхан үрсээс маань зовлон холуур байгаасай!


 Ээжийгээ дайнд алдсан бяцхан охины энэ зургийг Иракын нэгэн хүүхдийн асрамжийн газарт авчээ. Бяцхан охин хэзээ ч эргэж ирэхгүй болсон ээжийгээ цементэн дээр зураад гутлаа тайлан энгэрт нь тэврүүлж буй мэт унтаж байна. Жаахан амьтанд ямар хэцүү байсан болдоо.....

Tuesday, July 2, 2013

Сайн нөхөртэй нөхөрлөхөд заавал үр нөлөөг нь хүртдэг.

 
Зохиолч Жон Старлинг найз нөхөртөө ер хэчнээн их ашигтай тустай үр нөлөөг хүртээж ирсэн
тухайд одоо ч ам дамжин яригдсаар байдаг билээ. Түүний ачаар олон хүн өөрийгөө шилдэг гайхалтай оршихуун гэдгээ анзаарсан гэдэг. Өөрөө өөрийнхөө хэн болох, юуг хийх ёстой гэдгээ түүнээс сурч авсан гэдэг. Шашны нэгэн зүтгэлтэн, Старлингийн тухай ингэж дурсаж бичсэн нь бий. "Түүний эрхэмсэгзан аальтай учирангуут би ч гэсэн сэтгэл өндөр болсон мэт бодогддог юм. Түүнээс салсны дараа ямагт идээшиж дассан орчноосоо илүү зорилготой орчин руу миний сэтгэл татагдан гарсан мэт санагддаг билээ"гэжээ.
Гайхамшигтай сайн араншинт хүн иймэрхүүгээр хавь орчныхоо хүмүүсийг хөдөлгөөнд оруулж
байдаг. Бид тэдний хүчээр, үл анзаарагдах хооронд өөдөө дээшээ болж, юмыг мэдрэх арга, үзэх үзэл ч тэдэнтэй төсөөтэй болж ирдэг билээ.Оюун санааны харилцан эерэг хийгээд эсрэг үйлдэл ийнхүү асар том хүчийг хөдөлгөж байдаг ажээ.

Monday, June 24, 2013

Сайн хүнтэй нөхөрлөсөн нөхөрлөл мянган боть номноос илүү

 
Залуу хүн ямагт сайн нөхрийг эрж хайн, өөрийгөө өндөржүүлье хэмээн оролдлого зүтгэл гаргаж байх ёстой юм. Улс төр судлаач Францис Хорнер зориг чанга ухаалаг хүмүүстэй шууд хувь хүний хувьд нөхөрлөж байх явдал өөрт нь хэчнээн учир утгатай байсныг ийн өгүүлж: "Шуудхан хэлвэл, өнөөг хүртэл уншиж ирсэн ном зохиолыг бүгдийг нийлүүлснээс тийм хүмүүстэй нөхөрлөж байсан нь оюун санааг минь хавьгүй өөд нь татаж өгсөн билээ" гэсэн нь буй. Нэгэн улс төрч залуу байхдаа Францын нэрт улс төрч Марселеб-ыг зорьж очоод гүн гүнзгий сэтгэгдэлтэй буцсан гэдэг. Тэрээр хожим дурсахдаа: "Би энд тэнд бишгүй аялаж явлаа. Тэр үе шиг, тийм хүнтэй учирсан учрал сэтгэлд хоногшсон удаа үгүй. Энэ явдлаас хойш хүмүүсийн төлөө зүтгэнэ гэвэл, Марселеб гуайтай учирсан дурсамж л миний оюун санааг хөглөж өгснөөс зайлахгүй" гэжээ. Өмнө өгүүлсэнчлэн буяны зүтгэлтэн Бакстоны залуу цагийн зан араншин төлөвшихөд Гарнир-ын гэр бүлийнхэн асар их нөлөө үзүүлсэн билээ. Тэрээр ямагт "Тэр гэр бүлийн хүмүүс миний амьдралд амьдрах хүчийг үлээн дүүргэж өгсөн юм" гэж ярьдаг байлаа. Тэрээр Даблин-ы их сургуулийг гарамгай амжилттайгаар дүүргэсэн бөгөөд түүнийгээ ч тэрээр "Тэдний гэр бүлийнхэнтэй орж гарч явсны ач юм. Тэр хүмүүсийн өөрийгөө гэгээрүүлэн боловсруулахуйн сэтгэл надад ч "халдварласан" билээ" гэж шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Monday, June 17, 2013

Сайн багш, сайн нөхөр хүний амьдралын хамгийн том үнэт эрдэнэс мөн

 
Зан араншингийн хүмүүжил хэрхэн төлөвших нь хэнийг үлгэр загвараа болгож байгаагаас
хамааардаг.Бидний араншин орчин тойрны хүмүүсийн зан авир, байдал төрх, заншил, үзэл бодол зэргийн улмаас үл ухамсарлагдан хэлбэрээ олдог юм. Сайн дүрэм журам хэрэг болдог хэдий ч сайн үлгэр загварыг гүйцэхгүй. Сайн үлгэр загвар дотор бодитой үйлдлийг туулсан сургааль- амьд ухаан багтаж байдаг юмаа.
Сайн зөвлөлгөө өгөвч, муу үлгэр дуурайлал үзүүлэх нь баруун гараараа гэрээ барихын
сацуу зүүн гараараа түүнийтээ эвдэлж буулгаж буйтай адил бөлгөө. Үүнээс улбаалаад ялангуяа
залуу цагтаа маш их анхааралтай хянамгай байж, нөхрөө сонгох ёстой юм даа.
Залуу хүнд харилцан татагдаж нийлэх хүч оршиж байдаг бөгөөд нөхөрлөж байхын зуур
хэзээ ч юм зан ааш, авир ааль нь төсөөтэй болоод ирдэг. Зохиолч Эдвис-ын тайлбараас үзвэл
"ялангуяа залуу хүн улаан шаргалтай харьцвал улаан болох шинж чанар хүчтэй тул хамгийн үлгэр загвар болох найзыгаа зөв сонгох ёстой юм" гэсэн байдаг. Түүгээр барахгүй түүний хэлэх дуртай үг нь "Сайн нөхөртэй нөхөрлө, тийм эс аваас хэнтэй ч бүү нөхөрлө" гэдэг үг байв.
Далайн цэргийн офицер Колингвудт залуу нөхөртөө бичсэн захидалдаа: "Дэмий хүнтэй
нөхөрлөснөөс ганцаараа амьдрах нь дээр. Үүнийг баринтагтай сургаалиа болгож сэтгэлдээ гүн
гүнзгий сийлэгтүн! Өөрөөсөө илүү шилдэг, үгүй ядаж өөртэйгээ эн сацуу хүнтэй нөхөрлөх ёстой юм. Яагаад гэвэл хүмүүний үнэ цэн найз нөхрийнхөө үнэ цэнээр шийдэгддэг болохоор л тэр" гэжээ.
Нэрт эмч Сиднем "Хүн гэдэг зовлон жаргалаа хуваалцах найз нөхөр нь сайн хүн үү, муу
хүн үү гэдгээс болж сайн муугийн аль нэг нь болдог" гэжээ. Холландын зураач Питер Лейр
тааруухан зурсан зураг үзэхгүй байхыг хичээдэг хүн байлаа. Дэмий зурагны нөлөөнд автагдвал
өөрийнхөө бийрийг хүртэл бохирдуулчихна гэж итгэж байснаас тэр юм. Үүн лугаа адилаар, ужид самуунд унасан хүнтэй нөхөрлөх аваас өөрийн чинь бие сэтгэлд хүртэл бузар нялзаад язгуур чанараа алдаж орхихын үүдийг нээдэг билээ.

Tuesday, May 14, 2013

Амьдралыг эргүүлсэн ганц ширхэг зураг


Байр суурь, хэргэм зэрэг хичнээн доогуур байлаа ч үг төдий бус, бодитой үйл ажиллагаа
явуулж, чин сэтгэлээсээ, бүхий л чадлаараа хичээж зүтгэдэг хүн л их амжилт гаргадаг билээ.
Жирийн гуталчин Жон Фаунз ядуучуудын сургууль (ядуу гэр бүлийн хүүхдүүдийг сургаж,
хооллодог сургууль) байгуулах хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд, тэрээр ийм
төрлийн сургуулийн хэрэгцээтэй гэдгийг анх хэлж тайлбарласан биш юм. Харин дуугуйхан байж байгаад, үйл ажлаараа өөрийнхөө үзэл итгэлийг хүндэтгэхээр шийдсэн ажээ. Түүнд үг дуугүй туршихаас өөр зүйл толгойд нь байгаагүй ажээ.
Ядуучуудын сургууль үүсгэн байгуулах хөдөлгөөнийг дэмжихэд тэргүүн зэргийн үүрэг
гүйцэтгэсэн Гасли, Жон Фаунз хэмээх загвараас хэчнээн их нөлөө авснаа дараах байдлаар
өгүүлсэн байдаг. "Миний бие нэг зурагны нөлөөгөөр ядуучуудын сургуулийг сонирхон дэмжих болсон билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн тосгонд очоод түр амсхийхээр буудлын өрөөнд ортол тэр өрөөний пийшингийн дээд талд нэгэн гайхамшигтай зураг өлгөөтэй байсан юм. Уг зурагт
гуталчны өрөөг дүрсэлсэн байлаа. Гуталчин хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод хоёр
өвдөгтөө нэгэн хуучин гутал хавчуулж яарангуй ажиллаж байх юм. Түүнийг тойроод навтас
хэдэрсэн хөвгүүд, жаал охидууд зогсоогоороо хичээллээд гуталчин өтгөн хөмсгөн дороосоо хайр энхрийллээр бялхаж дүүрсэн нүдээр харж сургаалиа айлдаж буй...Би сониучирхалд автагдаж, тэрхүү зургийн тайлбар бичгийг уншлаа. Түүнээс үзвэл уг зургийн бодит дүр нь гуталчин Жон Фаунз ажээ. Олон тооны ядуусын хүүхэд сүмийн ламтан, хотын дарга, ноёд хатагтай нараас нүд үзүүрлэгдэж, хий дэмий сэлгүүцэн гудамжаар тэнэж байгааг үзээж харж байсан тэрээр эгэл дарууханаар хонь хариулахын зэрэгцээ хүүхдүүдийг цуглуулж, сурган хүмүүжлийн ажлыг эрхэлжээ. Түүгээр зогсохгүй хөлсөө дуслуулж олсон өчүухэн бага мөнгөөрөө амьдралаа залгуулж, 500 гаруй хүүхдийг зовлонгоос татаж гаргасан гэдэг.
Би өөрөө өөрөөсөө ичив. "Чухамдаа би өнөөг хуртэл юу хийж ирэв ээ" гэсэн өөрийгөө буруушаах сэтгэл цээжинд минь дүүрээд ирсэн билээ. Тэр үеэс би Жон Фаунзын намтрыг судалж эхлэсэн юм.
Боомт хот Потсмасын эрэг хавиар навтас хөдөрсөн жаал хүүхдүүдтэй хөөцөлдөн, өөрийнхөө гэрт аваачихаар зүтгэх түүний дүр төрх сайн харагдаж байлаа. Харин цагдаа шиг хүч түрээгүй.
Хүүхдүүд төмсөнд дуртай гэдгийг сайн мэдэх тэрээр өөрөө ч навтас хэдэрч, чанаж болгосон
төмсийг хүүхдүүдийн өмнө сарвайн гүйх ажээ.Түүний зургийг анх харсан үедээ, би тэр л хүн
төрөлхтний бахархал мөнөөс мөн гэж бодсон бөгөөд тэр бодол минь одоо ч гэсэн өчүүхэн ч
хувираагүй байгаа билээ" гэжээ.