Monday, August 16, 2010

Бодоод суулгуй туршаад уз



Харвейгээс дутахгүй халуун чулуу долоосон нь цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх
аргыг нээж, түүнийгээ хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг хүссэн Эдвард Женнер билээ.
Тэр цаг үед, хэзээний үхрийн бодоо өвчин байдаг нь мэдэгдэж, Женнерийн төрсөн нутгийн
саальчин хүүхнүүдийн дунд" үхрийн бодоогоор өвчилсөн хүнд цэцэг өвчин тусдаггүй" гэсэн яриа
өргөн тархсан байлаа. Харин анагаах ухааны ертөнцөд тэрхүү тайлбар ор үндэсгүй, дэмий
ярианаас хэтрэхгүй хэмээн нэгэнт шийдэгдсэн, хэн ч тэрхүү үнэнийг баталж үзье гэсэнгүй.
Женнер ч тэрхүү асуудалд анхаарлаа хандуулах болсон нь тохиолдлын учралаас болсон ажээ.
Залуудаа тэрээр Содбелид эмчийн туслагч болж эрдмийн ажилдаа шамдаж байсан бөгөөд, тэнд
тосгоны нэг охин хааяа үзүүлэхээр ирдэг байлаа. Эмч түүнийг цэцэг өвчтэй гэж оношлоход сайхь
охин гайхсан мэт хүзүүгээ гилжийлгээд "Цэцэг өвчин гэжүү?,тийм учиргүй байх аа. Яагаад гэвэл
би, үхрийн бодоо өвчин тусч байсан удаатай юм чинь" гэжээ.
Охины үг Женнерийн зүрхийг зүүгээр хатгах мэт болов. Тэгээд тэрхүү асуудлыг шууд
судлан шинжлэхээр шийдэж, ажиглалтаа хийж эхэлжээ.
Женнер үхрийн бодоод, хүнийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэгэн зүйл байгаа юм
биш биз гэсэн санааг хамтрагч эмч нартаа хэлсэн байна. Гэвч цаадуул нь эл саналыг нь сонсоод
инээлдэж байсан төдийгүй, бүр тийм үл гүйцэлдэх тайлбар дэгдээгээд хамтран зүтгэгчдээ эвгүй
байдалд оруулаад байх юм бол эмчийн ертөнцөөс хөөхөөс өөр аргагүй гэж түүнийг буруутгаж
байв. Түүний дараа Женнер Лондон явж, нэрт эмч Жон Хантерт очиж шавь оржээ. Тэр явдал
түүний хувьд туйлын азтай хэрэг байв. Хантерт өөрийн бодлоо ярихад тэрхүү нэрт анатомич:
"Бодоод суугаад байлгүй, туршаад үзэгтүн. Харин тэвчээртэйгээр, бат ноттой хийж үзэх нь чухал
шүү" гэжээ.

No comments: