Monday, August 23, 2010

Хөндийн замаар алхаж яваа мэт чимээгүйхэн амьдрал



Женнерийн нээлт яаж байж хүлээн зөвшөөрөгдөх болов? Эхлээд үл ойшоогдож, тун удалгүй яс
хугарам эсэргүүцлийн үгсээр булагдаж байв. Цэцэг өвчний вакцины үр ашгийг тайлбарлаж
түүнийг дэлгэрүүлэхээр Лондонг зорьсон Женнер тэр цагийн анагаах ухааны ертөнцөөс хоосон ам
өмхөж, гурван сар шахам дэмий чармайлт гаргавч тэр болгондоо нутаг орондоо буцахаас өөр
замгүйд хүрдэг байлаа.
Түүгээр зогсохгүй Женнерийн эрмэлзлэл хүмүүсийн дунд гуйвуулагдан тархаж, хов жив
хийгээд гүтгэлгээр гутаагдаж байв. "Тэр муу золиг, үхрийн сүүнээс гардаг өвчний нянг хүний
биенд суулган, хүнийг "адгуус мал" болгон тамд унагаахаар зэхэж байна гэнэ" гэж байлаа. Малчид
вакциныг "шулмын нэг төрлийн увидас" хэмээн эсэргүүцнэ. Вакцин хийлгэсэн хүүхэд "царай нь
үхэр шиг болж хувирдаг гэнэ", "дух нь хавдаад эвэр ургадаг гэнэ", "дуу хоолой нь хүртэл үхэр
мөөрч байгаатай ав адилхан болдог гэнэ" гэх мэт эцэс төгсгөлгүй цуу яриа энд тэндгүй тархжээ.
Нэг тосгонд хамгийн анх Цэцгийн вакцин хийлгэсэн эрэгтэй хүнийг гадаа явж байхад тосгоны
хүмүүс чулуу нүүлгэж, гэр лүүгээ зугатааж орохоос өөр аргагүй болж байсан гэнэ.
Гэлээ ч Женнерийн аргад лавтай үр өгөөжтэй зүйл байсан тул, ийнхүү эсэргүүцлээс
хамааралгүй цэцгийн вакцинд итгэдэг хүмүүсийн тоо удалгүй өсөв. Хоёрын зэрэг язгууртан эмэгтэйн
нэр хожим хүмүүст ам дамжин яригдаж, их хүндлэлийг хүлээсэн билээ. Яагаад гэвэл тэд зориглон өөрийн
хүүхдүүддээ цэцгийн вакцин хийлгэсэн ажээ. Язгууртан давхрааны иймэрхүү үйлдэл тэр цагийн завхралыг
арилгах үүд хаалга болж өгсөн байна.
Ийнхүү анагаах ухааны ертөнцөөс үлээх хорт салхи бага багаар хувирах болов. Цэцэг өвчний
вакцин чухал гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхлэнгүүт Женнерийн үр дүнг завших гэсэн эмч хүртэл гарчээ.
Гэвч эцсийн дүнд Женнерийн нотолгоо ялж, тэр цэцэг өвчний вакциныг анх нээсэн хэмээн олон түмнээс
хүндлэл хүлээх болсон байна.
Женнер амжилтын оргилд хүрснийхээ дараа ч хувь муутай, алдар нэргүй үеийнхээ номхон
хүлцэнгүй байдлыг алдахгүй байдаг байлаа.
"Лондонд шилжин суурьшиж, эмчээр ажилла, жилийн орлого чинь баараггүй нэг түмэн фунт" гэж түүнд
хэлэхэд тэрээр эрс эсэргүүцэв.
"Залуу байхдаа би хөндийн замаар алхаж буй мэт чив чимээгүй, илүү дутуугүй амьдралыг хүсч
ирсэн билээ. Тийм мөртлөө өтөл настай өнөө цагт яаж өөрийн биеэ өндөр газар луу өгсөөн хөтлөх билээ дээ.
Баян чинээлэг хийгээд нэр, алдрыг хүсэх нь миний дуурайхуйц амьдрах арга биш байхаа" гэсэн гэдэг.

1 comment:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.