Friday, February 11, 2011

Шудрага байх нь хамгийн сайн арга хэмжээ



Эртнээс нааш "шудрага байх нь хамгийн сайн арга хэмжээ" гэлцдэг. Өдөр тутмын аж амьдралын
туршлагаас харсан ч энэхүү зүйр үгний үнэн зөв нь батлагдсаар байна. Ямар ч ажил хэрэг байсан тийм,
бизнесийн тал дээр ч зөв санаа үнэнч шудрага сэтгэл амжилтад хүргэдэг.
Шотландын геологийн ухааны эрдэмтэн Хью Милл-ын авга гайхамшигтай хүн байсан агаад Милл-д
ямагт захидаг байсан үг нь:
"Хүнтэй нөхөрлөх үед их бага ч болов нөгөө талаа олз омогтой байлгавал сайн. Нөхрийнхөө ая тааг
тооцож, юугч гэсэн хангалттай олгож, хэзээ ч гар татаж огт болохгүй. Тэгсэн нь эцэстээ чинийх болдог юм
шүүдээ".
Нэгэн алдарт пиво үйлдвэрлэгч өөрийн амжилтаа арвайн соёолж харамлалгүй хэрэглэснээс болсон
гэж өгүүлжээ. Тэрээр шар айраг үйлдвэрлэж буй газраа очиж, шалгаж амсах бүрдээ "дахиад л ус амтагдаж
байна, соёолжноосоо нэм, нэм" хэмээн ажилтнууддаа тушаадаг байсан гэдэг. Түүний ааш зангийн сайн нь
пивондоо хүрсэн үү, түүний пиво сайжирсаар Англи болон хилийн чанадад ч ихээхэн үнэлэгдэх болжээ.
Тэрээр ингэж агуу их эд баялгийг гартаа оруулсан гэдэг.
Бизнесийн наймаанд ам, ажил хоёрын нэгдлийг үндэс сууриа болгохгүй бол болдоггүй. Цэргийн
хүнд нэр алдар, санваартан хүнд нигүүлсэх сэтгэл чухал байдаг лугаа адил худалдаачин хийгээд үйлдвэрлэгч
хүнд энэхүү ам ажил хоёрын нэгдэл юунаас ч чухал байдаг.
Бизнес шиг хүний мөс чанарын сайн мууг хүчтэй шалгаагдах салбар үгүй юм. Тэнд үнэнч шударга
байна уу, үгүй юү, өөрийгөө золиослохын ухаанаар бялхаж байна уу, үгүй юү, тал тохой татахгүй, шудрага
зөв ажиллаж чадах уу үгүй юү гэдгээр хатуу чанга шигшигдэж байдаг.
Иймэрхүү сорилгод тэнцэж давсан бизнесмен дайны галын аюулыг даван туулж өөрийн зоригоо
батлан харуулсан цэрэгтэй адил өндөр дээд хүндлэлд хүрдэг юм. Харин ийм гайхалтай бизнес хүний шилдэг
чанарыг өөртөө шингээсэн хүн олон байдаг юм шүү гэдгээр бид бахархаж явах ёстой.
Бодож үзье. Өчүүхэн бага цалингаар арай чамай амьдралаа залгуулж буй дорой буурай нэгэнд
хүртэл өдөр бүр асар их мөнгө даатгагдаж байдаг. Худалдагч, наймаачин, банкны ажилтан, гар урлалч гээд
хулгай хийеэ гэж бодвол чадахаар мөнгөний хажууд байдаг. Гэтэл худалдаа наймаанд урваж тэрслэх үйлдэл
гарах нь туйлын ховор байдаг. Гайхуулах хэмжээнд биш ч гэсэн иймэрхүү өдөр тутмын шударга үйл л
хүмүүсийн хувьд юунаас ч илүү алдар хүнд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

No comments: