Tuesday, April 2, 2013

Гайхамшигтай учрал-Хүмүүний амьдралын багш, нөхөр, ширээний ном

Хүний амьдралын бэлгэ тэмдэг болох "юм хэлдэггүй тоо ширхэггүй загвар"-ын тухай

Загвар гэдэг бол үг хэлгүйгээр биднийг сурган удирдах нэртэй багш юм. Зүйр цэцэн үгс,
сургааль үг ч лавтайяа бидний урагшлах ёстой замыг зааж өгдөг билээ. Гэлээ ч үнэн хэрэг дээр
хүнийг хөтөлдөг зүйл бол юм хэлдэггүй, тоо ширхэггүй загварууд, өөрөөр хэлбэл амьдралыг эргэн тойрон хүрээлэх бодит байдлын жишээ юм. Сайн сургааль үгэнд тэр хэрийн чухал зүйл байх авч, сайн загвараас шалтгаалахгүйгээр эцсийн дүнд төдий л үр дүн үгүй. Хүмүүсийн дотор "Миний хэлснээр хий, миний хийх ажлыг дуурайх гээд хэрэггүй" гэхчилэн ярих нь олонтоо байдаг ч, жинхэнэ бодит амьдралын туршлага дээр үг ярианаас үйл хөдлөл нь илүү чухалчлагддаг юм.
Хүн хэн ч байлаа, их ч бай бага ч бай, чихнээсээ илүү нүдээр дамжсаныгаа сайтар ухааран ойлгож байдаг. Бодитоор харсан зүйл, тэр нь хэчнээн өчүүхэн бага зүйл байсан ч зөвхөн уншиж, сонссон зүйлээс хавьгүй гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг.
Ялангуяа бага залуу насанд энэ шинж хүчтэй байх бөгөөд "нүд бол мэдлэгийг эзэмшихийн үүд хаалга мөн" гэхэд хэлсдэхгүй буй за. Хүүхэд үзсэн харсан зүйлээ юуг ч байсан ухамсарлалгүйгээр дуурайдаг юм. Хорхой шавьжны бие идсэн өвснийхөө өнгөтэй адилхан
байдагчлан, хуүхэд нэг л мэдэхэд хавь орчныхоо хүмүүстэй адил төстэй болдог ажгуу.
Гэрийн хүмүүжил нэн чухал гэж хэлцдэгийн учир үүнд байна. Сургуулийн сурган
хүмүүжил хэчнээн ашиг тустай ч гэр бүлд илэрхийлэгдэж буй жишээ загвар нь хүүхдийн зан
араншингийн төлөвшилд хавьгүй их нөлөө үзүүлдэг. Гэр бүл бол нийгмийн талст бөгөөд
иргэнлэгчанарын цөмийг бүрдүүлж байдаг. Бидний нийтлэг хувийн амьдралыг эзэмдэж байдаг
заншил, сүсэг бишрэл,үзэл баримтлал нь цэвэр ч зүйл байсан, бохир ч зүйл байсан гэр бүлийн
дотор л өсч төлжиж байдаг. Төр улс хүүхдийн өрөөн дотор төрж мэндэлдэг. Онол бодролын
томоохон хэсэг гэр бүл дотор өсч бойждог. Бас хамгийн өндөр дээд хайр ч айл бүрийн тулганд
төрдөг юм шүү."Нийгмийн дотор бидний харьяалагдаж буй хамгийн бага нэгж, өөрөөр хэлбэл гэр бүлийг хайрлах явдал нь нийгмийг бүхэлд нь хайрлах хамгийн анхны алхам юм" гэж улс төрч Бак өгүүлжээ. Шийдмэг сэтгэл жижигхэн гэр бүлийн хайраас эхэлж улмаар өргөжин, удалгүй дэлхийг бүхэлд нь бүрхэн нөмөрдөг билээ.

No comments: