Tuesday, January 26, 2010

Миний ах Б.Эрдэнэбаярын нийтлэл-1

Дуулсныг хураавал...

Энэ удаагийн санал бодол хуваалцах цагаа дэлхийн дайны дараа сул дорой байдлаас сүр хүч бүхий зэвсэгт хүчнийг бүрдүүлж чадсан нацистын Германы батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар товчхон бичиж байна.
Яагаад заавал нацист Германы тухай гэж асуух нэгэн байж магадгүй юм. Хариулт нь цэргийн сахилга, зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлтгэл, зэвсэглэлийн технологиор нэгэн цагт, нэгэн гараанаас эхэлсэн барууныхны дундаас хамгийн тэргүүнд байж чадсаных нь хувьд жишээ болгож авсанд байгаа юм.

Дэлхийн нэгдүгээр дайны талаар ерөнхийд нь авч үзье л дээ: фронтын гүн рүүгээ цувраанд хуваагдаж хамгаалах шуудуугаар хиллэсэн хориглолт, тэдгээрийн хооронд босгосон инженерийн байгууламж болох өргөст тор, минийн талбай, пулемётын үүр зэрэг суурин байршилд тулгуурласан урт хугацааны хориглох байлдааныг дэлхийн цэргийн урлаг тухайн үедээ хэрэгжүүлж байлаа.

Үүгээр дайны талбарт зөвхөн тактикын байлдаан, тулгаралтууд зонхилж байсан бөгөөд тэр үеийн зарим цэргийн эрхтнүүд ч цэргийн урлагийн дээд түвшний оператив, стратегийн бодлого, зорилтуудыг үгүйсгэж байсан юм.
Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлийг зарласан 1918 оны арван нэгдүгээр сарын Версалийн гэрээний дагуу дайны дараах Герман Улс өөрийгөө хамгаалах цэргийн тоог 100.000 хүнээс ихгүй байхаар тогтоолгож, шинээр зэвсэг техник үйлдвэрлэхээ хязгаарлуулсан байв.

Гэсэн хэдий ч, 1919 он гэхэд Герман Улс “шилжилтийн зэвсэгт хүчин”-г байгуулж улмаар 1921 он гэхэд 4000 офицерын удирдах бүрэлдэхүүнтэй 96.000 цэрэгтэй “өөрийгөө хамгаалах цэрэг”-ийг албан ёсоор байгуулсан байна. Энэ нь ч Версалийн гэрээний дагуу хэрэгжүүлж байсан зөвшөөрөгдсөн арга хэмжээ байжээ.

Тухайн үедээ албан ёсоор зэвсэгт хүчинтэй байх, түүний байлдааны ажиллагааг төлөвлөн зохион байгуулах төв штаб байгуулах нь хориглосон байсан тул Германы цэргийн удирдлага нь төрөл мэргэжлийн цэргийн хяналт, шалгалт, зэвсэглэлийн албадтай зөвхөн зөвлөх үүрэгтэй ерөнхий удирдлага хэрэгжүүлсэн удирдлагатай мэт байсан ч, нууцаар Жанжин штаб байгуулж, бүтцэд нь оператив, зохион байгуулалт, тагнуул, сургалт-бэлтгэл, тээвэрлэлт, цэргийн тойргууд, хүчний удирдлага гэсэн чиглэлүүд орж байжээ.
Энэ нууц штабын бүрэлэдхүүн нь нийт жаран хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэдгээрийн “цэргийн зөвлөх” гэсэн албан тушаал дор ажиллуулж байв. Нууц штабын даргаар генерал Ханс вон Шиэкт ажиллаж байлаа. Тэрээр үе дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай, дэлхийн нэгдүгээр дайн нэгтгэл хамаандлан байлдаж явсан туршлагатай, нэр хүндтэй нэгэн байжээ.
Генерал Ханс вон Шиэктийн хамгийн анх авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол “... дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон цэргийн дарга нарыг амьд дээр нь тэд нарын үзсэн харсан, туулж өнгөрүүлсэн, биеэр ойлгож баталсан мэдлэг, туршлагыг цаасан дээр буулган хэлбэржүүлэх...” явдал байлаа.
Энэ нь Германы шинэ цэргийн хүчний үзэл баримтлал болох ёстой байв. Өөрөөр хэлбэл, туулсан замналаас нь илүүтэйгээр байлдааны ажиллагааны явцад бүтээлчээр анзаарсан бодол санааг нь эрхэмлэн судлах явдал байсан юм.

Ийнхүү Германы Улсын архив “цэргийн түүхч офицеруудын ажлын хэсгийн маш олноор хүлээн авах болов. Цэргийн түүхчдээр гол төлөв бага тушаалын офицеруудыг сонгож авсан байсан юм. Нийтдээ 57 нууц ажлын хэсэг байсан тоо байдаг.
Ажлын хэсгүүдийн ажлын удирдамжинд:
“...дараах чиглэлүүдээр дайны явцад шинээр эзэмшсэн мэдлэг, туршлагыг ойлгох, судлах нь зүйтэй:
1. Дайн эхлэхээс өмнө тооцоолоогүй байсан ямар ямар шинэ нөхцөл байдалтай тулгарч байсан бэ?
2. Дайны өмнөх цэргийн номлолын сөрөг тал нь юун дээр илэрсэн бэ?
3. Дайны үед зэвсэглэлд орсон техникийг ашиглах явцад ямар ямар байлдааны дүрмийн заалтуудыг шинээр анзаарсан бэ?
4. Дайны явцад ямар асуудлуудтай тулгарч шийдвэрлэж байсан бэ?
Эдгээр судалгааны явцад нийтдээ 400-500 офицер татагдан орж боловсруулах шатанд ажилласан бөгөөд эцэстээ нууц штабын сургалт-бэлтгэлийн албаны үндсэн чиглэл болж хувирсан байна.

1921 оны эхэн үе гэхэд дайны явцад тулгуурлсан мэдлэг, туршлагаас урган гарсан “нэгдсэн хүчний байлдаан, удирдлага” гэсэн тактикын гарын авлага хэвлэгдэн бэлэн болсон байна. Энэ гарын авлага хоёр дахь хэвлэлтээрээ офицеруудын халаасны ном болж 1939 онтой золгосон гэж бодохоор аливаа байгууллагыг шинэчлэх, өөрчлөх үйл ажиллагааны явц нь хичнээн алсын хараатай, үе шаттай, бодитой арга хэмжээнээс бүтдэг нь харагдаж байна.
Энэ үеэс орчин үеийн дайн, танкын арми, хими-бактериологийн байлдаан, нисэх хүчний хөгжил зэрэг ойлголтуудыг төрүүлсэн нацистын Германы хүчирхэг арми Европод бий болжээ.

Үүгээрээ би юуг өгүүлэхийг зорив гэхээр өнөөдөр манай улсад бүрмөсөн алга болсон аливаа зүйлээс суралцаж түүнийг судлах, баяжуулах, үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд сайжруулан тусгах явдлын нэгэн бодит жишээ болгож байгаад оршино.
Уул нь үүнийг “төрийн тархины санамж” ч гэж хэлсэн төрийн удирдлага бий. Даанч тэр санааг ойлгосон хүнгүй, ойлгосон ч хэрэгжүүлсэн нэгэнгүй, “алба залгуулсан” хүний дүрд тоглогчдын нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гараад өнгөрсөн юм.

Ялангуяа, манай зэвсэгт хүчний өнөөгийн чадал, царааг нь өөрчилж, “нүүр улайлгахгүй” зэвсэгт хүчин болгоход энэ мэт бэлэн туршлагыг ашиглах нь чухал байгааг анзаараач ээ.
Хийгээд байгаа гэж хэлэх даанч амархан. Хийж байгаа нь нийтэд хүртээмжгүй бол хийгээд байгаа нь бүүр ч худлаа даа.

No comments: