Saturday, February 27, 2010

НҮД ДАСАХЫН ГАМШИГ

НҮД ДАСАХЫН ГАМШИГ
Манайхан ярьдагдаа “юманд нүд дасчээ”гэж. Энэ үг арга тасарсан хүний хэлдэг үг үү, аль ч учраа олохоо больсон үед хэлдэг үг үү? Үүнийг бид өдөр тутамдаа хэлсээр ёстой л “модон хэл” болгосон бус уу. Уг өчлийнх нь утга нь буруу, гаж зүйлд нүд дасч болохгүй гэсэн утгатай биз дээ. Бидний өөрсдийгөө хуурмагаар дөвийлгөн хэлдэг монголчилсон л болохоос бус утга нь эсрэгээр л ойлгогдох ёстой баймаар.
Дээрх хэлсэнчлэн, бид маш олон муу зүйлд нүдээ дасгаж болмооргүй байнаа. Бид эрх чөлөөгөө боомилуулахдаа нүд дасаж болохгүй ээ. Бид хүний эрхийн түгээмэл тунхаглал гэсэн нэртэй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг хэр зэрэг мэдэх билээ. Бидэнд түүнийг хэр зэрэг мэдүүлсэн билээ. Манай улсад хуулиар л зөвшөөрөөгүй бол болохгүй гэдэг ерөнхий ойлголт хаана хаанаа хатуу чанга үйлчилсээр л байгаа. Түүний маш хатуу илэрхийлэл нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний оройн үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд хариу цуст аллагаар төгссөн явдал юм.
Энэ орой бол иргэдийн энэ тэмцлийн туйл нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Ху намын байрны өмнөх цуглаан байлаа. Түүнийг хэн ч зохион байгуулаагүй. Тэр цуглаан бол сонгуулийн саналыг луйвардуулсандаа бухимдсан хилэнт иргэдийн “иргэний зориг”-оороо газар газраас хуран оролцсон арга хэмжээ байлаа. Хэдийгээр гунигтайгаар төгссөн мэт боловч энэ нь иргэдэд эрх чөлөөгөө тэмцэж олж авахаас өөр аргагүй гэдгийг харуулсан юм. Ийм төгсгөлд бид нүд дасаж болохгүй ээ.
Бид эд хөрөнгөө дээрэмдүүлэхэд нүд дасаж болохгүй ээ. Цэнхэр, ягаан тасалбарыг мөн л иргэдэд ямар ч сурталчилгаа, ойлголтгүй хэрэгжүүлснээр тэр их хөрөнгө одоо тухайн үеийн албан тушаалтнуудын гарт орж нийгмийн баялагийн ихэнх хувь нь хэдхэн хүний гэр бүлийн өмч болсон байна. Монголын баялагийн 80 хувь нь зөвхөн 150 гэр бүлд эзэмшигддэг гэсэн тоог сонсоод сэтгэл давчдаж байна.
Бороо гоулдын алтыг нэгэн этгээд гадаадынханы нөмөр дор хил давуулаад зөөчихлөө. Этгээд гэдэг үг ч хөнгөднө. Алсдаа энэ хүнийг олон нийт шүүх болно. Энэ бол болсон явдал учраас тодруулан өгүүллээ. Харин болох гэж байгаа, болж байгаа асар их луйвар, хулгай байна. Нийслэлийн иргэдийн татвар, тэтгэврийн сангийн луйвар гэх мэт.
Яагаад гэвэл, улсын санд орох байсан ашгийг оруулалгүй, гадаадынханд найр тавих замаар өөрсдөдөө ашиг оруулж байгаа тохиолдол болгон иргэдээсээ хулгай хийж байгаа гэмт хэрэг юм. Үүнд жижиг, том гэж байхгүй. Хэрэг хуучрахгүй. Нийтийн халамжинд, үйлчилгээнд зарцуулагдаж байгаа мөнгийг хянах ёстой байгууллага байна уу? Санхүүгийн зохицуулах хороо нь ер нь юу хийдэг хоолны сав юм бол доо. Ийм хулгайд бид нүд дасаж болохгүй ээ.

Бид эрдэм мэдлэгээ уландаа гишгэхэд нүд дасаж болохгүй ээ. Хуучнаар Зөвлөлт холбоот улсад суралцаад ирсэн мэргэжилтэй залуусыг тосож аваад ажлын байраар хангадаг байлаа. Заавал ч гадаадад суралцсан гэсэндээ биш л дээ. Улсын хөрөнгөөр сураад ирсэн хүний мэдлэгийг ашиглах гэж тэр байхгүй юу.
Тэр үед мэдлэгийг шүтдэг байжээ. Одоо бол гадаад, дотоодод сурсан залуус сүлжээ дэлгүүрийн худалдагч болох хувь тавилантайгаа эвлэрдэг болсон байна. Дотоодын сургуулийн тоо нь ч яасан их юм бэ. Гадаадад суралцсан залуус ч ямар ирдэггүй юм бэ. Шалтгаан нь нутагтаа очоод ажил олдохгүй, ажилд ордог нь дандаа том албан тушаалтны үр хүүхэд, ач гуч, хамаатан садан. Тэд гадаад, дотоодод сургууль төгсөөгүй ч байж болно. Тэд нарыг авахын тулд ажиллаж байсан туршлагатай, мэдлэгтэй нэгнийг золиосонд явуулах юу ч биш. Тэгэхээр танилгүй бол мэдлэгтэй байх гол нь биш. Мэдлэг хөсөр хаягдахад бид нүд дасаж болохгүй ээ.
Бид эрүүл мэндээ хохирооход нүд дасаж болохгүй ээ. Монгол улсын иргэн эрүүл явах эрхтэй тухай үндсэн хуульд тунхагласан шүү дээ бид. Энэ нь улс нь иргэний татварын хөрөнгийг эрүүл явахад нь зарцуулах үүрэгтэй гэсэн үг. Иргэн нь эрүүл явахаас өөр ямар ч эн тэргүүний бодлого ямар ч засгийн газарт байж таарахгүй. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө төсөв гаргахгүй байгаа гэдэг чинь иргэний эрүүл мэндийг хохироох шууд үйлдэл гэж ойлгож болно. Татвараа зүсэм талхнаасаа хүртэл өгч байгаа бид түүнийхээ хариу болгож эрүүл мэндийн зохих үйлчилгээг авч чадахгүй байгаа нь дэндүү хайхрамжгүй явдал биш үү.
Эрүүл мэндийн тогтолцооны доголдолтой зохион байгуулалт, эмч нарын хариуцлагагүй ажиллагаа, төсвийн хүрэлцээгүй гэх түмэн тайлбарыг иргэн хүн сонсох ч ёсгүй. Эх нялхсын эндэгдэл, бага насны хүүхдийн нас баралт, гадаадад эмчлүүлэгсдийн урсгал энэ бүхэнд бид нүд дасаж болохгүй ээ.
Бид хариуцлагагүй удирдлагуудын хууль бус ажиллагаанд нүд дасаж болохгүй ээ. Нийслэлийг хөдөөжүүлэх, утаажуулахад хүргэсэн эс үйлдлүүд, архины дэлгүүрийн хязгаар 600 байхыг 1000 хол давуулсан гэм буруу, хотын замын сүлжээ нь хамгийн нягтаршилгүй болсоныг, төрийн байгууллагуудын ажил гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадваргүйгээ нисдэг тэрэгний осол гэх мэт онцгой үед харуулсныг, нийгмийг цочроосон томоохон гэмт хэргүүд болох банкны 13 тэрбум төгрөг завшсан, удахгүй болох газар хөдлөлтийн гамшигт бэлэн бус байгааг хэн ч хайрахгүй, анзаарч харахгүй байгааг амьдрал өөрөө бидэнд сануулах болно. Тэр үед хэнбугай нь юу ч гэж хэлсэн өнгөрсөн хорвоо болох учиртай.
Бидний төр улсыг авч явна гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа одоогийн эрхтэн дархтнууд амиа хоохойлоод гадаад улс руу зугатаахад бэлтгэж үр удмаараа гадаадад тохижиж байгааг бид сонссоор л байгаа. Тэднээс ам асууха цаг өнөө биш юм гэхэд үр хүүхдээс нь асуух цаг ирнэ. Гэсэн хэдий ч, бид хариуцлагагүй удирдлагуудын хууль бус ажиллагаанд нүд дасаж болохгүй ээ.
Бид эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Хуучин нийгмийн тогтолцоог халж, эрх зүйт төр байгуулах, захиргаадалтын үеийн томоохон албан тушаалтнуудын онцгой хангамж, ямбыг хязгаарлах ёстой гэж өрнөж үр дүнд хүрсэн өөрчлөлт маань өнөөдөр үр дүнгүй болжээ. Хуучнаар улс төрийн товчооны 11 гишүүн л хэрэглэж байсан өндөр эрх ямбыг одоогийн УИХ-ын 76 гишүүн, дээр нь Засгийн газрын 13 гишүүн, түүнчлэн аймаг, нийслэлийн энэ олон засаг даргууд гээд улам л олон ямбатнууд хүртдэг болжээ. Тэр эрх ямба болгон иргэний идэх талх, хэрэглэх эмчилгээ, сурах сургуулиас хасаж байна гэсэн үг. Ху намын байрыг барих 13 тэрбум төгрөгөөр 600 хүүхэд суралцах 5 сургууль барих байсан гээд бод л доо. Тэгэхээр бид эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид ирээдүйн баталгаагаа алдаж байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Монголчуудын тархины гоожилт явагдаад дуусч байгааг бид мэднэ. Эхний ээлжийн гоожилт үргэлжлээд саяын эдийн засгийн хямралаар түр саараад байна. Эх нутагтаа эрдэм мэдлэгээ зориулж, түүнийхээ хэрээр төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө санаа сэтгэл, хүсэл эрмэлзлэлтэй залуусыг бий болгохын тулд одооноос анхаарахгүй бол бид улс үндэстнээрээ мөхөх аюулд ороход ойрхон байна шүү. Одоо бол оройтож байж ч магадгүй ээ. Түүхийн хүрднээ энэхэн жилүүд өчүүхэн мэт боловч хүний амьдралд асар их хугацаа алдагдаж байна даа. Бид ирээдүйн баталгаагаа алдаж байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид эх орноо хайрлахгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Өнөөдөр бид зөвхөн хэрэглэгч, авч идэхийн донгоор амьдарч байна. Ядуу нэгэнд нь арга ч үгүй биз ээ. Харин амьдралын бололцоотой болсон хэн нэг нь бусдын төлөө, ирээдүйн ач үрсдээ хөгжил дэвшлийг үлдээхийг бодохгүй хэт аминч үзлээр амьдарч байна. Бид чинь шүтэх мөнх хөх тэнгэр, наминчлал хүсэх бурхан тахил, гэм нүглээ цайруулахыг хүсэх ард түмэнтэй улс шүү дээ. Өнөөдрөөр өөрийн амьдралыг хэмжээд байх нь харалган хүний ч хийх ажил биш баймаар юм.
Эх орноо хайрлана гэхээр нянжа нар руу хуруугаараа чичигчид их болжээ. Харин тэр чичигч нар нь өөрсдөө хөгжлийг боомилж, баялагийг нь хумслагчид байгаа гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байна. Хулгайч өөрөө хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг юм гэдэг шүү дээ. Тэгэхээр аливаа хөгжлийн үүдийг хааж, эрмэлзлэлийг мохоож, завхарлыг өөгшүүлэгч хэн бүхэн эх орноо хайрладаггүй байж таарна шүү дээ. Бид эх орноо хайрлахгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид эзэн нь гэж өөрсдийгөө мэдрэхгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Та гэртээ байгаа эд хогшлоо тоолохгүйгээр нүдэн баримжаагаар мэдэрч чаддаг шигээ өөртөө ногдох баялагийг хаана хэн завшаад байгааг мэдэрдэг болж сурах хэрэгтэй. Та биднээс өөрсдөөс минь өөр хэн ч тэр баялаг, эрх мэдлийг бидэнд өгөхгүй.
Ядахдаа бидний өтөл насандаа авахаар хуримтлуулсан тэтгэврийн санг төр идэж завшаад байгааг ч бид мэдрэхгүй явна. Хотын эзэмшил, нийгмийн халамж, нийтийн хэрэгцээ, үйлчилгээний асар их хөрөнгийг хэн гартаа бариад, хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг ч мэдэх арга алга. Аргагүй юм, мэдүүлдэг тэр байгуулллага, тогтолцоо нь алга байна. ОХУ-ын Счётная плата гэдэг байгууллага, барууны хөгжилтэй улсуудад мөн адил байдаг бөгөөд иргэд, олон нийтийн санаачлагаар хүртэл нийтийн зориулалттай төсвийн зарцуулалтыг хянаж байдаг Үндсэн хуулийн байгууллага байна. Энэ бол ардчилал, бүгд найрамдах засаглалын үндсэн хэв шинж юм. Бид эзэн нь гэж өөрсдийгөө мэдрэхгүй байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Бид бусдаас үргэлж хоцорч байгаадаа нүд дасаж болохгүй ээ. Бидний хүрээлэн байгаа бүс нутагт манайхаас өөр буурай орон бараг алга. Бид яахав ямаан омогтой, элэн өвгөдийн жаран жарны дайны олзоор цамаан амьдраад ирсэн халуун гентэй хүмүүс. Тиймдээ ч төрөөс өгөх хайр хишгийг горьдож хүлцэнгүй амьдарсаар өдий хүрлээ.
Тэд нар тэгж л байдаг юм, болох байлгүй гэсэн хоосон атаархлын манандаа төөрсөөр сүүлдээ энэ нь бүүр зан болж хувирсан. Тиймдээ ч одоо бид нар шиг арчаагүй улсыг энэ бүс нутгаас хайгаад олдох болов уу. Бидний өтгөс өвгөдийн өв хөрөнгийг тооцохгүйгээр өөрсдийн бүтээн байгуулах баялагийг ярьж байгааг ойлгож байгаа буй заа. Бид сүүлийг мушгисаар л унтаж байх хооронд дундад зууны соёл иргэншилтэй байсан Япон, Солонгосын хөгжөөд байгааг хар даа. Ядаж тэд сайныг дагаж хөдөлмөрлөсөөр ийнхүү баялагаа бүтээлээ. Бид бусдаас үргэлж хоцорч байгаадаа нүд дасаж болохгүй ээ.
Миний нийгмийн хоцрогдлын шалтгааныг өчүүхэн ч болов оношлох гэсэн энэхүү эссье бол зөвхөн мөсөн уулын жижг хэсэг юм шүү. Уншигч авхай та үүнийг оюун ухаандаа тунгаан тольдож баяжуулан ойлгох биз ээ.

Э.БОЛОР

2 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.