Saturday, February 27, 2010

Хорин таван нас

Хорин таван нас
Яруу найрагч Чинзориг гэж цангинасан хоолойтой, их сэтгэгч хүмүүсийн хайш яйшхан төрхийг өөртөө агуулсан залууг би залуухан оюутан байхдаа анха харж байж билээ. Түүнийг “Хорин таван нас” гэдэг шүлгээ уншиж байхад нь сонсоод сууж байлаа. Тэр шүлэгнээс би өөрийгөө голуулахгүй байх, хэн нэгэнд басамжлуулахгүй байх философийг өөртөө зах зухаас нь авсан гэж боддог. Уг шүлэг “...хотгойдын Чингүнжавын цэрэг голоогүй хорин таван нас...” гэж уянгалаг сайхан хэлсэн байдаг юм.
Тиймээ, хүн бүр хорин таван насгы туулдаг, рэгэхдээ хүн бүр өөрийг нь залуу, жулдрайгаар нь дуудахад дургүй. Тэр үеийн хорин таван нас гэдэг бол цэргийн албаа хаасан эрчүүд, эрдэм боловсролоо дуусгаад ирсэн сэхээтнүүд, эхнэр авах хүсэлтэй залуус байдаг байлаа.
Нийгмийн амьдрал буцалж буй аль ч газар очсон ажлын цөм нь хорин тавтай охид, хөвгүүд байлаа. Хэн ч тэднийг “бага залуу, шальдар бульдар” гэж голж байсангүй ээ.
Хорин таван настнуудыг нялх балчаар нь дуудаж эхэлсэн үе гэвэл нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтийн давалгаанд албан байгууллага, үйлдвэр, заводад явагдсан цомхотголтой холбоотойгоор гарч ирсэн яриа, цуурхал юм шүү дээ. Аливаа цомхотголын сураг гарахаар нийт ажиллагсдаас үлдээж ажиллуулах хүмүүсийг шигшихэд ажил хийдэггүй, хийдүүлдэг, туршлага багатай, залхуу нэгнээ шалгаруулан ажлаас халах бодлого байдаг ч, нийт ажиллах хүчний насны харьцаа, аливаа ажиллах цөмийн залгамж чанарыг хадгалах нь хүний нөөцийн, хуучнаар боловсон хүчний дарга нарын алсыг харсан чигч харааны илрэл байдаг байсан байх.
Харин одоо үед бол өөрөөр эргэсээн хөө. Хэн илүү сайн ажилтан байсан ч залуу, нялхаар нь дуудаж өөрсдөө дайраагүй нас мэт аяглах нь их болжээ. Хэдий мэдлэгтэй залуу боловсон хүчин байсан ч өөрөөс нь илүү гарчих вий гэх харм сэтгэлдээ дийлдээд цомхотгочих нь бий. Тэгэхдээ нөгөө алдарт “нялх сэнгүм” гэдэг хочоо өгнө дөө.
Одоо тэгээд ерээд онд гаргасан тэр алдааны илрэл нь аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болж залгамж чанартай хүний нөөц үнэхээр байхгүй, нэг үеийнхэн олноор үлдэж нөгөө үеийнхнийг олноор гаднаас авсанаар байгууллагын ажил доголдох үзэгдэл уламжлал мэт болжээ. Төрийн захиргааны байгууллагууд, онцлог чиг үүрэгтэй агентлагууд дээр бол дүр зураг эмгэнэлтэй байгаа шүү дээ. Үүнийг мэдэрч байх үүрэгтэй Удирдлагын хөгжлийн академи нь зөвхөн орлого, ашгийн хойноос хөөцөлдөж явдаг нэгэн бүлэглэл болж хөгжөөд байдаг.
Тэгэхээр эх орондоо сурсан мэдсэнээ бүтээе гэсэн сэтгэлтэй залуучууд нь ямартаа ч хийх юмгүйгээс дээр гээд юутны ширээнээс мастер, докторын ширээ рүү шууд л шилжээд суучихаж байна.
Э.БОЛОР

No comments: