Wednesday, September 15, 2010

Хичээнгүй хийгээд төлөв даруу амьдрах



Чарльз Белл мэдрэлийн системийн талаар шинээр шинжлэх ухааны тайлбар хийсэн бөгөөд тэрээр
хатуу тэвчээртэй, нугарашгүй хүн байлаа.
Мэдрэлийн үйл ажиллагааны тухайд тэр үед янз бүрийн тайлбар үй олон байвч , энэ салбарын судалгаа
гурван мянган жилийн өмнө эртний Грекийн Демокрит, Анаксагорын үеэс бараг урагш дэвшээгүй байсан нь
тодорхой байлаа.
Белл олон жилийн турш, анхааралтай, нарийн нягт туршилт дахин давтан хийж, 1812 оноос хойш
судалгаандаа тулгуурлан өөрийн байр сууриа цуврал илтгэлээр илэрхийлж иржээ. Тэрхүү илтгэлд бүдүүлэг
биет амьтнаас амьтдын ертөнцийн хаан- "хүн"-ийг хүртэл мэдрэлийн системийн хөгжлийг нягт нямбай
судлаж, тов тодорхой тайлбарлажээ .
Беллийн нээсэн баримт ийм юм: нугасны мэдрэлд хоёр хөдөлгөөн байдаг. Тэр нь нугасны хоёр үндэснээс
үүсдэг. Нэг талын үндэснээс үүссэн мэдрэл хүний сэтгэхүйг дамжуулж, нөгөө талаас үүссэн мэдрэл нь
мэдрэхүйг дамжуулдаг байна.
Белл энэхүү санааг дөчин жилийн турш сэтгэлдээ хадгалсаар 1840 онд хамгийн сүүлийн илтгэлээ
Английн шинжлэх ухааны хүрээлэнд өргөн барьжээ. Гэвч тэрвээр Харвей, Женнер нарын адил доог тохуу,
эсэргүүцлийн угаал хүртсэн байна.
"Дараа дараалан илтгэлээ гаргахын хэрээр эмч хэмээх нэрээ хадгалахад бэрх түвэгтэй болж, нэг мэдэхэд нэг
ч өвчтөн ирэхгүй болсон байв" гэж хожим бичиж үлдээсэн байдаг. Гэвч түүний онолын үнэ цэн хүлээн
зөвшөөрөгдөх болоод ирмэгц "би ч энэ тайлбарыг анх нээсэн юм" хэмээн шаардах хүн дотоод, гадаадад
гэнэт олноороо үзэгдэх болсон гэдэг. Харин юутай ч Беллийн амжилт эцсийн эцэст шинжлэхухааны
баталгаатай тайлбар мөн хэмээгдэж бүрэн төгс хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Амьсгал хураахынхаа өмнөхөн, алдарт биологич Кюбиер өөрийнх нь нүүр нэг тал руугаа
татваганан мурийхыг хуруугаараа заан асрагчдаа "Хараач хөөе! энэ шинж тэмдэг Беллийн онолын зөв
гэдгийг баталж байна" гэж хэлсэн гэдэг.
Одон оронч Вилъям Харшел-ийн амьдрал ч дуусашгүй хичээл чармайлтаас бүтсэн билээ.
Германы ядуу хөгжимчний гэр бүлд төрсөн Харшел залуудаа Англид очиж, цэргийн хөгжмийн
салаанд орж, цоор хөгжим үлээдэг байв. Түүний хөгжмийн авъяасыг удалгүй нэгэн эмч мэдээд, түүний гэрт
очдог болов. Харшел концертод хийл тоглож, сүмийн найрал хөгжимд оролцох зэргээр орлого олж, завтаа
цагтаа эмчийн гэрийн номын санд шамдан хичээллэдэг байлаа.
Тэр үед одон орны нээлт удаа дараалан гарч Харшел ч энэ шинжлэхухааныг ихээхэн сонирхох болов. Эхлээд
найзаасаа жижиг дуран авай зээлж авсан бөгөөд удалгүй тэр нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй болж, бүр
том дуран авай хэрэгтэй болжээ. Гэвч авъя ч гэсэн өндөр үнэтэй учир аргагүй байдалд орж гар хийцний
дуран авайг өөрөө бүтээе гэж бодох болжээ.
Дуранд тусгалын толь хамгийн чухал агаад гүвгэр талын металл толийг бүтээхэд өндөр технологи
хэрэгтэй байдаг. Харшел цуцалтгүй хөдөлмөрлөсний үр дүнд диаметр нь таван фут-ийн тусгалтай толь
бүхий дуран авайг бүтээж, Санчирын тойрог болон түүний дагуул одыг ажиглаж тооцоолоход амжилт
олжээ.
Харшел энэ амжилтдаа сэтгэл ханалгүй цаашлан асар том дуран авай бүтээхийг оролдох болов.
Диаметр нь долоон фут-ийн тусгалын толь бүтээхийн сацуу, санаанд хүрснээ хийх хүртлээ мянга нэг зуун
ширхгийг туршин бүтээсэн гэдэг. Түүгээр үл барам амьдралынхаа салшгүй хэсэг болсон хөгжмөө
орхисонгүй. Концерттой үедээ завсарлагын цаг болонгуут тайзаа орхиж, дуран бүтээж буй газраа эргэн ирж
ажиллаад цоороо үлээх ээлжээ дөхөнгүүт буцаж очдог байжээ.
Ийнхүү урт удаан жилийн хичээл зүтгэлийн үр цэцэглэж, Харшел удалгүй нарны аймгийн долоо
дахь гариг Тэнгэрийн ванг нээсэн байна. Тэрээр энэхүү гаригийн хөдөлдөг зам хийгээд хөдөлгөөний
хурдыг нарийвчлан тооцож, үр дүнгээ Английн шинжлэх ухааны академид илтгэв. Жирийн цоор
хөгжимчний нэр гялалзан гэрэлтэх болж, 3-р Жорж-ийн хүндлэлийг хүлээжээ.
Харин Харшел алдар цуутан болсон ч, алдар нэр олоогүй байсан үеийнх шигээ элгэмсэг хийгээд төлөв даруу
зангаа ер хувиргаагүй гэдэг.
Бэрхшээлийг гэтлэн давж ялаад агуу их амжилт олсон энэ мэт хүмүүсийн жишээ эрт эдүгээгийн
түүх намтар бичлэгт ч цөөхөн буй за.

No comments: