Thursday, September 30, 2010

"Би одоо ч суралцсаар л байна"



Өмнө өгүүлсэн зураач Леонорстой нэгэн адил Микеланжело ч оролдлого зүтгэл нэн чухал гэдэгт
хатуу итгэж ирсэн билээ. Сэтгэлийн хөдлөлөөсөө шалтгаалж, цүүцээ чөлөөтэй эзэмших хүртэл дадал сууж
чадвал толгойдоо орж ирсэн бодлоо том чулуунд тэр хэвээр нь илэрхийлж чаддаг болно гэж тэр хэлдэг байв.
Микеланжело цуцахаа мэдэхгүйгээр уран бүтээлдээ улайрдаг хүн байв. Тэрээр тухайн үеийнхээ уран
бүтээлчдийн хэнээс нь ч илүү удаан цагаар ажилладаг байсан бөгөөд энэ нь түүний эгэл даруухан
амьдралын дадал хэвшлийнх нь ач байлаа.
Бараг бүх л өдөржингөө бүтээлтэйгээ зууралдах Микеланжелод хэрэгтэй гэж үздэг зүйл нь нэг
зүсэм талх, нэг хундага дарс төдий байв. Орондоо орлоо ч голдуул шөнө дунд босч, ажлаа үргэлжлүүлнэ.
Тэр үедээ зузаан цаасан малгай дээрээ лаа хавчуулаад гэрэл гаргаж, тэр малгайгаа өмсөөд сийлбэрээ
гэрэлтүүлж, цүүцээр засч эхэлнэ. Ядарвал хувцастайгаа зүүрмэглэж, ядаргаагаа гарвал тэр даруй ажилдаа
эргэж ордог ажээ. Микеланжелогийн өөрийнх нь хайртай бүтээлүүдийн нэгэнд элсэн цаг гартаа барьсан
өвгөн хүн тэргэнцэр дээр сууж буй сийлбэр орох бөгөөд уг элсэн цагдээр "би одоо ч суралцсаар байна" гэсэн
үг сийлээстэй байдаг.
Уран бүтээлчийн агуу их бүтээлийг үзлээ ч түүнд шингэсэн хүчтэй тэвчээр бүхий хичээл зүтгэл
хийгээд он удаан жилийн нөр хөдөлмөрийн ул мөрийг мэдрэх хүн цөөхөн. Мэдээжээр тэдгээр бүтээл
хялбархан, богинохон хугацаанд бүтээгдсэн мэт бодогддог. Гэвч түүний цаана уран бүтээлчийн төсөөлөхийн
аргагүй зүдэргээ оршиж байдаг билээ.
Нэг өдөр Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж, өөрийнхөө цээж баримлыг бүтээж
өгөхийг хүсчээ. Тэрээр арав хоногийн дотор түүний баримлыг дуусгаад тавин ширхэг алтан лэвсгэрт
төлөхийг хүсчээ. Язгууртан "арав хүрэхтэй үгүйтэй хоногт бүтээсэн бүтээлийн тухайд ёсноос гадуур их
мөнгө байна даа" хэмээн ундууцав.
Микеланжело хариуд нь: "Ноёнтон, та нэг зүйл мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан
хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд миний бие гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг..." гэжээ.
Түүний энэхүү үгнээс харахад урлаг угаас хүний амьдрал өөрөө мөн бөгөөд амжилтынх нь нөхцөл түүн
дотор нуугдаж байдаг болой.

No comments: