Thursday, September 23, 2010

Ажил хөдөлмөр


Өөдлөх хүслийн өмнө хаалт байдаггүй
1.Өөрийгөө боловсруулахуй
Аугаа их урлаг бусад салбарын нэг адил чөмөг дундрам хүчин зүтгэлийн дүнд буй болдог.
Гайхамшигт уран зураг ч, чансаатай уран баримал ч аль аль нь тохиолдлын бүтээлээс эрс өөр юм. Уран
бүтээлчийн гаршиж мэргэшсэн бийрний таталт, хурдан шалмаг ажиллагаа нь хэдийгээр тэнгэрлэг авъяас гэж
хэлж болох боловч, яах аргагүй тасралтгүй боловсорсны үр дүн билээ.Зураач Леонорс ч иймэрхүү үзэл
бодолд итгэж иржээ. "Гайхалтай урлагийн бүтээл нь гоц авъяас, төрөлхийн билгийн нүд, бурхан тэнгэрээс
хайрласан хишиг зэрэг үгээр илэрхийлэгддэг боловч угтаа бол зохиогчийн нөр их зүтгэлийн хүчээр бүтдэг
зүйл болой" гэж өгүүлсэн байдаг. Бас тэрээр нэгэн захидалдаа "Уран зурагт ч тэр, бусад ямар ч урлагт
ялгаагүй, төгөлдөр бүтээл бий болгоё хэмээн шийдсэн л бол, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бүхий
л оюун санаагаа тийш нь цутгахгүй бол болохгүй" гэжээ.
Бас өөр нэг тохиолдолд "Уран бүтээлч болж бусдын өмнө нуүр улайхгүй явъя гэвэл, санаа бодлоо
нөгөө тийш хандуулахгүйгээр өглөө ч, өдөр ч, шөнө ч нэгэн үзүүрт сэтгэлээр бүтээл рүүгээ чиглүүлэх ёстой
юм. Үүнийг зугаа цэнгэлийг аль эрт огоорч, нямба барих гэж нэрлэвэл илүү зохилтой" гэж бичсэн байдаг.
Мэдээж хэрэг, төрөлхийн авъяасгүй хүн хичнээн хүчээ шавхан зүтгэж үзлээ ч гайхамшигтай уран бүтээлч
болж чадахгүй. Авъяасыг тэнгэрийн харьяат гэж үзвэл тэрхүү авъяасыг уудлан гаргаж, төгөлдөржүүлэх хүч
нь өөрийгөө боловсруулах арга юм. Харин бүх хүмүүст эрх тэгш бололцоо олгож байдаг сургуулийн сурган
хүмүүжүүлэхээс энэхүү өөрийгөө боловсруулах арга нь авъяасаа хөгжүүлэхэд хавьгүй илүү хэрэг болох юм
гэж хэлэхэд илүүдэхгүй.
Уран бүтээлч хүн нэр алдар олох нь ерөөс аз хийгээд тохиолдлын хүч бус, нөр их оролдлого, хичээл
зүтгэлийн үр дүн мөн.
Уран бүтээлчдийн дунд алдар нэрээрээ эд баялагт хүрсэн хүн бий боловч, зөвхөн эд баялаг тэдний
гол зорилго болох явдал ховор. Үнэн хэрэгтээ уран бүтээлч хүн залуугаасаа эхлэн өөрийгөө хөсөр хаятлаа
бүтээлч үйл ажиллагаанд зүтгэж байдаг бөгөөд зөвхөн мөнгө хүсэх хүн иймэрхүү бэрх хөдөлмөрөөр дүүрсэн
амьдралыг туулахгүй нь лавтай. Урлагийн сүнсийг нэхэмжлэгч нь баяр баясгалан бөгөөд тэрхүү баяр
баясгаланг олох төдийд уран бүтээлч хүн сэтгэл нь бүрэн дүүрэн ханадаг. Эд баялаг нь хааяа түүнд бараа
болох тохиолдлоос ер хэтэрдэггүй.
Өөртөө итгэлтэй уран бүтээлчдийн олонхи нь өөрсдийн тэнгэрлиг авъяасын зоргоор амьдардаг
агаад хүмүүсийг аялдан дагалдах дургүй. Испанийн зураач Либела өндөр алдар хүнд, эд баялаг олсон
хойноо ч тансаг амьдралд хордохоос дургүйцэж урьдынхаа ядуу буурай амьдралдаа эгэн очиж уран бүтээлээ
туурвиж байсан гэдэг.
Бас алдарт Микеланжело мөнгөний төлөө зураг зурж буй зураачийн тухайд юу хэлэх вэ? гэсэн
асуултад хариуллахдаа: " Яаж ийгээд баян чинээлэг болохсон гэсэн хүслээ хаяхгүй байх тусам уран
бүтээлчийн хувьд цааш хол ахих зам нь хаагдана" гэжээ.

No comments: