Friday, September 2, 2011

"Зан чанарын төрсөн ээж"-ийн тухай



Хамгийн сайн утгаар буй "эрхэмсэг шинж" нь гайхамшигтай чанар билээ.Өндөр дээд зан чанартай хүн хүндлэгдэж, эргэцүүлээд бодох төдийд татах хүч агуулж байдаг. Харин хүмүүсийг бүхэлд нь эзэмдэх гэсэн эрхэмсэглэлд л өчүүхэн ч үнэ цэн байхгүй. Баян тансаг муу хүнээс эрхэм сайн ядуу хүн нь дээр. Тансаг гэрт сууж, машин хөлөглөж сайхан ааш эсгэж буй танхай этгээдтэй харьцуулахад Дуугайхан, даруухан амьдарч яваа хүн ямар их сайхан бэ? Нийгмийн гарал ямар ч байсан хамаа алга, уужим амгалан сэтгэл, гүнзгий мэдлэгийг эзэмшиж, хүмүүст хэрэг болохоор хичээж зүтгэх нь нэг хэвийн эрхэмсэглэлээс бүр их чухал утгыг агуулж байдаг юм шүү.
Хүний амьдралын хамгийн дээд зорилго нь авир араншингаа хүчтэйхэн засан цэвэрлэж,
бололцооныхоо хэмжээгээр бие сэтгэлээ хөгжүүлж явах явдал юм. Энэ л цорын ганц зорилго, түүнээс өөр зүйл бүхэн үүнийг олохын төлөөх арга замаас хэтрэхгүй юм.
Хамгийн дээд тав тух, эд баялаг, эрх хүч, байр, суурь, нэр алдар, шагнал авлаа ч тэр нь хүний амьдралын хамгийн том амжилт биш билээ.
Тэгвэл хамгийн өндөр дээд хүн чанартай, бусдад хэрэг болох ажилд биеэ зориулж,
хүнийхээ хувьд үүргээ гүйцэтгэж явах л хамгийн эрхэм сайн амьдрах зам билээ.
Мөнгө мэдээж хэрэг их хэмжээний хүчтэй. Гэвч оюун санаа, хамтач сэтгэл, ёс суртахуун ч бас хүч буюу. Бүр мөнгөнөөс ч илүү хамгийн эрхэм зүйл юм. Колинвуд найздаа бичсэн захидаддаа:"Мөнгө байхгүй ч гэсэн би баян болж чадна. Янз бүрийн золгүй явдал, ядуу гуцууг даван туулна гэсэн оролдлого зүтгэлийн хүч л байвал надад хангалттай юм" гэжээ.
Нэгэнтээ өмч хөрөнгөтэй болсон хүн бол эрхэм дээдсийн хүрээлэнд багтаж орох нь тийм ч
хэцүү биш. Гэвч тийм хүрээлэнд чухалчлагдах юм нь тэнд таарч тохирох авъяас чадвар, аж төрөл, оюуны чадал билээ.Эс тэгвэл ердөө л их мөнгө өвөртөлсөн хэнд ч хэрэггүй хүүхэлдэйд
тооцогдоно.
Гэсэн атал өнөөгийн дээдсийн хүрээлэнд тийм чухал шинж чанарт бага ч болов санаа
тавьдаггүй, улмаар ойр хавийнхныхаа хүндлэлийг ч хүлээхгүй том баячууд олон болжээ.Яагаад тэр вэ? Тэд ердөө л амьтай түрийвчээс хэтрэхгүй, тэдний чадал мөнгөнийхээ авдар дотроос өөр газар байдаггүйд учир нь оршмой.
Нийгэмд үнэхээрийн нөлөөлөх хүчтэй, хүмүүсийн санаа бодлыг манлайлах үүрэг хүлээж,
жинхэнэ амжилтыг олж хүмүүст хүчин зүтгэх хүмүүс заавал баян хүн байна гэдгээр
хязгаарлагдахгүй. Бүр өндөр дээд ёс суртахуунтай, хэцүү бэрх зам туулж ирсэн, эрхэм сайн зан чанартай хүн л нийгэмд чухалчлагдаж байдаг. Ядуу зүдүү, бараг модоо барьсан хүн ч гэсэн зан төрхөө цэвэршүүлэх боломжийг алдаа эндүүгүй ашиглаж чадвал материаллаг хүч, авъяас чадварынхаа хэрээр хамгийн дээд амьдралаар алхаж явах болно. Тийм хүний зүгээс харвал, бусдын амжилтыг сүүдэр шигдагаж, мөнгөөр амжилт ологсод, мөнгөний боол хүн гэдэг атаархмаар зүйл гэж үү, үнэндээ бол хөөрхийлөлтэй агаад доог тохуутай хэрэг бус уу.

No comments: