Monday, September 5, 2011

Өөрийгөө боловсруулахуй



Хамгийн дээд мэдлэг нэгэн өдрийн ажил дундаас тодордог
1.Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй
"Хамгийн сайн боловсрол гэдэг хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг" гэж
Вольтер Скотт хэлжээ. Шинжлэх ухаан, урлагийн салбарт агуу их бүтээл туурвисан хүмүүст
лавтайяа дээрх үг тохирч байна. Сургуулийн сурган хүмүүжүүлэх ажил жинхэнэ боловсролын өчүүхэн эхлэл төдийгөөс хэтрэхгүй, оюун санааг өнгөлж зүлгэн хичээл хийх дадал хэвшлийг бий болгох гэдэг утгаар л үнэ цэнтэй юм. Бусдын дэмтэй боловсрол, өөрөө хичээнгүйлэн зүтгэж олсон шиг биед хэвшдэггүй. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг л бүрэн төгс өөрийн өмч болдог. Өөрөө хичээл хийвэл,түүний агуулгын талаарх сэтгэгдэл хэзээд тод үлддэг. Тэр нь бусдаас хүртсэн хангалттай бус мэдээллээс ялгаатай бөгөөд уураг тархинд тодтомруун сийлэгдэж хоцордог билээ. Өөрийн боловсрол нь эрдэм судлал руу хандсан урам онгодыг дуудан босгож, түүнийг хүчтэй болгож байдаг. Нэг асуудлыг давбал, тэр нь дараагийн асуудлыг байлдан дагуулахын хүчин зүтгэлийг нэмж, мэдлэг улам улмаар бодитой хэрэглээг хангах зүйл болж хувирдаг.
Өөрөөр хэлбэл, идэвхтэй суралцах төрх маяг л хамгийн чухал юм. Яаж ийгээд шилдэг
сайн ном зохиол, багштай учирахсан гэх нь ч, цээжлэх хичээлийг аль болох хийх гэх мэтийн
өөрийгөө боловсруулах арга маяг ч хэрэгцээгүй болох учиргүй юм.
Аль ч үед хамгийн сайн багш нар өөрийгөө боловсруулахын чухлыг эн түрүүнд шаардаж,
өөрийн хүчээр мэдлэгийг олж авахыг шавь нартаа захиж ирсэн. "Хичээл"-ээс илүү "хэвшил
дасгал"-ыг чухалд үзэж, шавь нар нь өөрсдөө урагшилж эрдэм ухаанд шамдахад бүхнээ зориулах нь чухал. Ийм арга нь мэдлэгийн өчүүхэн хэсгийг ирмэгийн нэг тал руу чичлэдэг анги танхимын хичээлийн хүрч очихгүй шахам үр дүнг өгөх билээ.
Нэрт сурган хүмүүжүүлэгч Арнольдийн арга барил ч энэхүү санаанд тулгуурласан байдаг.
Тэрээр оюутнуудад хүнд найдалгүй, өөрийн хичээл зүтгэлээрээ хүчээ тэлж байх ёстой юм гэж сургадаг байлаа. Тэрээр өөрөө оюутнуудаа зөвхөн залж, шамдуулж, зоригжуулдаг төдий л байжээ. Хүүхдээ Оксфордын Их сургуульд оруулах нь сайн хэдий ч, тансаг амьдралд будагдаж, өөрт оногдсон нөхцөл байдлаа амьдруулъя гэдэг сэтгэлээ алдаж байвал тэдэнд идэх талхаа олохын тулд хөдөлмөрлүүлэх нь дээр юм гэж тэр хэлдэг байв.
Бас нэгэн удаа тэрээр: "Энэ хорвоод үнэхээрийн гайхан шагширах ёстой зүйл нэг байдаг. Тэр юу вэ гэвэл төрөлхийн авъяас билгэтэй учраагүй хүүхэд бага багаар хичээнгүилэн зүтгэл гаргасаар жинхэнэ боловсрол биедээ эзэмшиж явахыг харах явдал юм. Тийм хүүхдэд би малгайгаа аван толгойгоо бөхийхөөс түвдэхгүй" гэжээ.
Арнольд нэг удаа ойлгоц удаантай жаал хүүд зааж байгаад ширүүхэн загнасан ажээ. Гэтэл нөгөөх сурагч түүний нүүрийг нухацтай гэгч харж байгаад:
"Багшаа! Та юунд уурлаад байгаа юм бэ, намайг үнэхээр байдаг чадлаараа хичээл зүтгэл гаргаад байхад..." гэжээ.
Хэдэн жилийн дараа тэрээр энэхүү яриаг өөрийнхөө хүүд яриад, "Миний амьдралд үүн шиг хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл байгаагүй. Тэр жаалын сургамж, тэр үг одоо ч ердөө мартагддаггүй юм" гэж нэмж хэлсэн гэдэг.

No comments: