Thursday, June 9, 2016




Сэргэлэн цовоо байдал хүмүүний оюун санаанд уян хатан чанарыг огдог 
           Сэргэлэн цовоо байдлаа алдалгүй ажил хөдөлмөрт шуранхайлж орсон хүний яриа утга учирлаг чанараар арвин төдийгүй нөлөөлөх хүч нь агуу их юм. Цовоо сэргэлэн байдал нь хүний оюун санаанд уян хатан чанарыг өгч байдаг. Цовоо эрчимтэй ажиллавал аягүйрхэх сэтгэл арилан хийсч, ямар ч бэрхшээлтэй тулгарлаа ч түүндээ "түлэгддэггүй". Энэ бол хүсэл эрмэлзэл сэтгэлийн тулгуур болдогийн учир бөгөөд, хүсэл эрмэлзлэлээр дүүрсэн оюун санаа нь амжилтын боломжийг огтхон ч үргээж хулжаадаггүй билээ. Хүсэл эрмэлзлэлээр шатаж яваа хүний сэтгэл нь эрүүл чийрэг хийгээд аз жаргал гэгч зүйл тэр биеэрээ байгаа нь тэр буй за. Өөрөө цовоо сэргэлэнээр ажилдаа шамдвал мөн ялгаагүй бусдын идэвхийг хөөрөгдөн босгох нь бий. Махран ажиллавал ямар ч хар бор ажил байсан хүндлэлтэй золгуулдаг билээ. Өөртөө итгэлтэй байгаа эсэхээс ажлын бүтээмж өөр өөр болдог. Чин сэтгэлээсээ баяр хөөртэй ажиллавал биеийн хүчний ч бай, оюун санааны ч бай ажил утга учиртай үр дүн төрүүлдэг юм. Гүн ухааны эрдэмтэн Хьюм "хэзээ ямагт сэргэлэн цовоо байдлаа алдалгүй, юм үзэгдлийн гэгээ гэрэлтэй талыг дандаа харж явууштай. Жилийн орлого нь нэгэн түмэн фунтын үнэтэй томоохон газрын эзэн боллоо ч бүүдгэр сэтгэлээр амьдрах нь үнэндээ муухай" гэж амны уншлага мэт ямагт хэлдэг байжээ. Сурган хүмүүжүүлэгч Арнольд сэргэлэн цовоо, гайхамшигтай оюун санааны эзэн хүн мөнөөс мөн байлаа. Тэрээр бүхий л бие сэтгэлээ залуус, багачуудыг сурган хүмүүжүүлэх хэмээх агуу их үйл хэрэгт зориулсан билээ. Түүний амьдралын замналыг гайхалтай сайхан намтар бичлэг болгон үлдээсэн бөгөөд түүнд дараах мөрүүд бий. "Арнольдын сургуульд хачирхмаар шахам эрүүл саруул уур амьсгал сургуулийнх нь байрын өнцөг буланд хүртэл нэвт шувт хүрсэн байв. Шинээр орсон сурагчид хүртэл шууд л анзаармаар, хэчээнгүй махруу сургалт хүмүүжлийн ажил явагддаг байв. Сурагчид хүн бүр өөр өөрийн үүрэгтэй байлаа. Хийх ёстой зүйлээ сайн биелүүлэх нь сурагчдын үүрэг бөгөөд мөн баяр баясгалан нь ч болдог. Үүнийг сурагчид өөрсдөө маш сайн мэддэг байсан.              Хүүхдүүд цөм л амьдралын талаар хэлж үл мэдэх сонирхлоор дүүрэн байв. Нийгэмд хэрэгтэй хүн, аз жаргалтай хүн болоход чухам юу хийвэл дээр вэ? Ингээд түүний хариултыг тэд олж харахаараа сэтгэл зүрх нь үгээр хэлэхийн аргагүй баяр баясгалангаар бялхдаг ажээ. Хүүхдүүд удалгүй хүний амьдрал хийгээд хүний үнэ цэнийг ойлгуулж, өөрсдийнх нь урагшлах ёстой замыг зааж өгсөн ачит багшдаа хандаж гүн гүнзгий хүндлэл хийгээд хайр энэрлийн гараа сунгадаг ажээ. Сурган хүмүүжүүлэх ийм нөхцлийг бий болгож чадсан нь Арнольдийн хүн чанарын агуу дэлгэр хийгээд нэвт харах чадварынх нь ач юм. Тэрээр энэ ертөнцийн жинхэнэ бодит үнэнийг мэдэж шавхсан сурган хүмүүжүүлэгч байлаа. Ажлаараа нэр төр.албан тушаал хөөлгүй, нийгмийн дэвшил хийгээд хувь хүний хөгжилд эрхэлсэн ажил юу юунаас чухал юм гэсэн бодит баримтыг биеэрээ үзүүлж иржээ. Энэ ухамсар л түүний сурган хүмүүжүүлэх үзэл бодролын тулгын чулууг хэлбэршүүлсэн гэж хэлж болно. Арнольд өөрийн төлөвлөсөн төлөвлөгөөгөө илүү дутуугүй гүйцэтгэдэг байлаа. Сурагчдын хүлээх үүрэгт ч ялгаварлах зүйлгүй, нэг тал руу хэлбийсэн зорилгод хэт шахах явдал гаргаж байсангүй. Тэрээр зөвхөн ажил л хүний амьд яваагийн баяр баясгалан агаад бүхий л авъяас чадвараа түүнд юүлвэл авир араншин ч дээшилж, дэвшил хөгжлийг ялж байж л гартаа оруулна хэмээн хатуу итгэж байснаас тэр юм" гэжээ.
              Арнольдын сургуулиас олон тооны чухаг нандин хүмүүс төрж гарсан билээ. Тэдний нэг, цэргийн хүн болох Ходсон Энэтхэгээс эх орондоо, гэрийнхэндээ илгээсэн захидалдаа хүндэтгэн хайрлах ёстой ачит багшийнхаа тухайд ийн өгүүлсэн нь бий."Арнольд багшийн нөлөө үнэхээрийн арилж алга болдоггүй шахам хүчтэй эд юм байна. Алс холын Энэтхэг оронд байлаа ч багшийн сургааль амьд ,үргэлжилсээр л байх юм даа" гэжээ. Ийнхүү зөв, чин үнэнчээр, эрчим буцалсан хичээнгүй чармайгчийн амьдралын замнал хавь орчныхоо хүмүүс, тэр байтугай нэгэн улсын ирээдүйд ч лавтайяа ашиг тустай нөлөө үзүүлдэг ажгуу.

No comments: