Tuesday, July 2, 2013

Сайн нөхөртэй нөхөрлөхөд заавал үр нөлөөг нь хүртдэг.

 
Зохиолч Жон Старлинг найз нөхөртөө ер хэчнээн их ашигтай тустай үр нөлөөг хүртээж ирсэн
тухайд одоо ч ам дамжин яригдсаар байдаг билээ. Түүний ачаар олон хүн өөрийгөө шилдэг гайхалтай оршихуун гэдгээ анзаарсан гэдэг. Өөрөө өөрийнхөө хэн болох, юуг хийх ёстой гэдгээ түүнээс сурч авсан гэдэг. Шашны нэгэн зүтгэлтэн, Старлингийн тухай ингэж дурсаж бичсэн нь бий. "Түүний эрхэмсэгзан аальтай учирангуут би ч гэсэн сэтгэл өндөр болсон мэт бодогддог юм. Түүнээс салсны дараа ямагт идээшиж дассан орчноосоо илүү зорилготой орчин руу миний сэтгэл татагдан гарсан мэт санагддаг билээ"гэжээ.
Гайхамшигтай сайн араншинт хүн иймэрхүүгээр хавь орчныхоо хүмүүсийг хөдөлгөөнд оруулж
байдаг. Бид тэдний хүчээр, үл анзаарагдах хооронд өөдөө дээшээ болж, юмыг мэдрэх арга, үзэх үзэл ч тэдэнтэй төсөөтэй болж ирдэг билээ.Оюун санааны харилцан эерэг хийгээд эсрэг үйлдэл ийнхүү асар том хүчийг хөдөлгөж байдаг ажээ.

Monday, June 24, 2013

Сайн хүнтэй нөхөрлөсөн нөхөрлөл мянган боть номноос илүү

 
Залуу хүн ямагт сайн нөхрийг эрж хайн, өөрийгөө өндөржүүлье хэмээн оролдлого зүтгэл гаргаж байх ёстой юм. Улс төр судлаач Францис Хорнер зориг чанга ухаалаг хүмүүстэй шууд хувь хүний хувьд нөхөрлөж байх явдал өөрт нь хэчнээн учир утгатай байсныг ийн өгүүлж: "Шуудхан хэлвэл, өнөөг хүртэл уншиж ирсэн ном зохиолыг бүгдийг нийлүүлснээс тийм хүмүүстэй нөхөрлөж байсан нь оюун санааг минь хавьгүй өөд нь татаж өгсөн билээ" гэсэн нь буй. Нэгэн улс төрч залуу байхдаа Францын нэрт улс төрч Марселеб-ыг зорьж очоод гүн гүнзгий сэтгэгдэлтэй буцсан гэдэг. Тэрээр хожим дурсахдаа: "Би энд тэнд бишгүй аялаж явлаа. Тэр үе шиг, тийм хүнтэй учирсан учрал сэтгэлд хоногшсон удаа үгүй. Энэ явдлаас хойш хүмүүсийн төлөө зүтгэнэ гэвэл, Марселеб гуайтай учирсан дурсамж л миний оюун санааг хөглөж өгснөөс зайлахгүй" гэжээ. Өмнө өгүүлсэнчлэн буяны зүтгэлтэн Бакстоны залуу цагийн зан араншин төлөвшихөд Гарнир-ын гэр бүлийнхэн асар их нөлөө үзүүлсэн билээ. Тэрээр ямагт "Тэр гэр бүлийн хүмүүс миний амьдралд амьдрах хүчийг үлээн дүүргэж өгсөн юм" гэж ярьдаг байлаа. Тэрээр Даблин-ы их сургуулийг гарамгай амжилттайгаар дүүргэсэн бөгөөд түүнийгээ ч тэрээр "Тэдний гэр бүлийнхэнтэй орж гарч явсны ач юм. Тэр хүмүүсийн өөрийгөө гэгээрүүлэн боловсруулахуйн сэтгэл надад ч "халдварласан" билээ" гэж шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Monday, June 17, 2013

Сайн багш, сайн нөхөр хүний амьдралын хамгийн том үнэт эрдэнэс мөн

 
Зан араншингийн хүмүүжил хэрхэн төлөвших нь хэнийг үлгэр загвараа болгож байгаагаас
хамааардаг.Бидний араншин орчин тойрны хүмүүсийн зан авир, байдал төрх, заншил, үзэл бодол зэргийн улмаас үл ухамсарлагдан хэлбэрээ олдог юм. Сайн дүрэм журам хэрэг болдог хэдий ч сайн үлгэр загварыг гүйцэхгүй. Сайн үлгэр загвар дотор бодитой үйлдлийг туулсан сургааль- амьд ухаан багтаж байдаг юмаа.
Сайн зөвлөлгөө өгөвч, муу үлгэр дуурайлал үзүүлэх нь баруун гараараа гэрээ барихын
сацуу зүүн гараараа түүнийтээ эвдэлж буулгаж буйтай адил бөлгөө. Үүнээс улбаалаад ялангуяа
залуу цагтаа маш их анхааралтай хянамгай байж, нөхрөө сонгох ёстой юм даа.
Залуу хүнд харилцан татагдаж нийлэх хүч оршиж байдаг бөгөөд нөхөрлөж байхын зуур
хэзээ ч юм зан ааш, авир ааль нь төсөөтэй болоод ирдэг. Зохиолч Эдвис-ын тайлбараас үзвэл
"ялангуяа залуу хүн улаан шаргалтай харьцвал улаан болох шинж чанар хүчтэй тул хамгийн үлгэр загвар болох найзыгаа зөв сонгох ёстой юм" гэсэн байдаг. Түүгээр барахгүй түүний хэлэх дуртай үг нь "Сайн нөхөртэй нөхөрлө, тийм эс аваас хэнтэй ч бүү нөхөрлө" гэдэг үг байв.
Далайн цэргийн офицер Колингвудт залуу нөхөртөө бичсэн захидалдаа: "Дэмий хүнтэй
нөхөрлөснөөс ганцаараа амьдрах нь дээр. Үүнийг баринтагтай сургаалиа болгож сэтгэлдээ гүн
гүнзгий сийлэгтүн! Өөрөөсөө илүү шилдэг, үгүй ядаж өөртэйгээ эн сацуу хүнтэй нөхөрлөх ёстой юм. Яагаад гэвэл хүмүүний үнэ цэн найз нөхрийнхөө үнэ цэнээр шийдэгддэг болохоор л тэр" гэжээ.
Нэрт эмч Сиднем "Хүн гэдэг зовлон жаргалаа хуваалцах найз нөхөр нь сайн хүн үү, муу
хүн үү гэдгээс болж сайн муугийн аль нэг нь болдог" гэжээ. Холландын зураач Питер Лейр
тааруухан зурсан зураг үзэхгүй байхыг хичээдэг хүн байлаа. Дэмий зурагны нөлөөнд автагдвал
өөрийнхөө бийрийг хүртэл бохирдуулчихна гэж итгэж байснаас тэр юм. Үүн лугаа адилаар, ужид самуунд унасан хүнтэй нөхөрлөх аваас өөрийн чинь бие сэтгэлд хүртэл бузар нялзаад язгуур чанараа алдаж орхихын үүдийг нээдэг билээ.

Tuesday, May 14, 2013

Амьдралыг эргүүлсэн ганц ширхэг зураг


Байр суурь, хэргэм зэрэг хичнээн доогуур байлаа ч үг төдий бус, бодитой үйл ажиллагаа
явуулж, чин сэтгэлээсээ, бүхий л чадлаараа хичээж зүтгэдэг хүн л их амжилт гаргадаг билээ.
Жирийн гуталчин Жон Фаунз ядуучуудын сургууль (ядуу гэр бүлийн хүүхдүүдийг сургаж,
хооллодог сургууль) байгуулах хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд, тэрээр ийм
төрлийн сургуулийн хэрэгцээтэй гэдгийг анх хэлж тайлбарласан биш юм. Харин дуугуйхан байж байгаад, үйл ажлаараа өөрийнхөө үзэл итгэлийг хүндэтгэхээр шийдсэн ажээ. Түүнд үг дуугүй туршихаас өөр зүйл толгойд нь байгаагүй ажээ.
Ядуучуудын сургууль үүсгэн байгуулах хөдөлгөөнийг дэмжихэд тэргүүн зэргийн үүрэг
гүйцэтгэсэн Гасли, Жон Фаунз хэмээх загвараас хэчнээн их нөлөө авснаа дараах байдлаар
өгүүлсэн байдаг. "Миний бие нэг зурагны нөлөөгөөр ядуучуудын сургуулийг сонирхон дэмжих болсон билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн тосгонд очоод түр амсхийхээр буудлын өрөөнд ортол тэр өрөөний пийшингийн дээд талд нэгэн гайхамшигтай зураг өлгөөтэй байсан юм. Уг зурагт
гуталчны өрөөг дүрсэлсэн байлаа. Гуталчин хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод хоёр
өвдөгтөө нэгэн хуучин гутал хавчуулж яарангуй ажиллаж байх юм. Түүнийг тойроод навтас
хэдэрсэн хөвгүүд, жаал охидууд зогсоогоороо хичээллээд гуталчин өтгөн хөмсгөн дороосоо хайр энхрийллээр бялхаж дүүрсэн нүдээр харж сургаалиа айлдаж буй...Би сониучирхалд автагдаж, тэрхүү зургийн тайлбар бичгийг уншлаа. Түүнээс үзвэл уг зургийн бодит дүр нь гуталчин Жон Фаунз ажээ. Олон тооны ядуусын хүүхэд сүмийн ламтан, хотын дарга, ноёд хатагтай нараас нүд үзүүрлэгдэж, хий дэмий сэлгүүцэн гудамжаар тэнэж байгааг үзээж харж байсан тэрээр эгэл дарууханаар хонь хариулахын зэрэгцээ хүүхдүүдийг цуглуулж, сурган хүмүүжлийн ажлыг эрхэлжээ. Түүгээр зогсохгүй хөлсөө дуслуулж олсон өчүухэн бага мөнгөөрөө амьдралаа залгуулж, 500 гаруй хүүхдийг зовлонгоос татаж гаргасан гэдэг.
Би өөрөө өөрөөсөө ичив. "Чухамдаа би өнөөг хуртэл юу хийж ирэв ээ" гэсэн өөрийгөө буруушаах сэтгэл цээжинд минь дүүрээд ирсэн билээ. Тэр үеэс би Жон Фаунзын намтрыг судалж эхлэсэн юм.
Боомт хот Потсмасын эрэг хавиар навтас хөдөрсөн жаал хүүхдүүдтэй хөөцөлдөн, өөрийнхөө гэрт аваачихаар зүтгэх түүний дүр төрх сайн харагдаж байлаа. Харин цагдаа шиг хүч түрээгүй.
Хүүхдүүд төмсөнд дуртай гэдгийг сайн мэдэх тэрээр өөрөө ч навтас хэдэрч, чанаж болгосон
төмсийг хүүхдүүдийн өмнө сарвайн гүйх ажээ.Түүний зургийг анх харсан үедээ, би тэр л хүн
төрөлхтний бахархал мөнөөс мөн гэж бодсон бөгөөд тэр бодол минь одоо ч гэсэн өчүүхэн ч
хувираагүй байгаа билээ" гэжээ.

Sunday, May 12, 2013

Жинхэнэ уран үг үггүй туршилт дотор байдаг

 
Энэ хүртэл өгүүлсэнчлэн, бидний харсан сонссон үйлдэл хийгээд үг ярианаас гадна бидний
өөрийн үг яриа үйл хөдлөл ч нөлөөлөх томоохон хүчийг авч явдаг. Тэр хүч нь өөрийн ирээдүй
төдийгүй нийгмийг бүхэлд нь зүг чигийг бүхэлд нь савлуулахгүй гэхийн газаргүй юм.
Ямар ч хүн энгийн цагаан мөртлөө чухал ховор сургамжийг бусдаас авч байдаг билээ. Ингэж үзвэл ямар ч нөхцөл хүмүүнд заавал учир утгатай ажээ. Яагаад гэвэл намхан газар тавьсан лаа, уулын толгой дээр тавьсан лаатай өчүүхэн ч ялгаагүй хавь орчноо гэрэлтүүлж байдаг билээ. Түр зуурын гадаад өнгөн тал бага хэрэг.Хувь муутай нөхцөлдд тухайлбал бөглүү буйд газрын овоохой болон их хотын давчуухан гудманд амьдрахаар таарчихвал жинхэнэ хүн л бол тэр дундаа өсч хөгжөөд явж чадна. Хэр хэмжээгээрээ өөрийнхөө булшийг булах төдий өчүүхэн газраас өөр зүйл үгүй ч тэндээ үнэнхүү хичээнгүйлэн ажиллавал түүнээс хэдэн мянга дахин өргөн уудам газрыг өвлөж авсан хүнээс илүү гайхалтай зорилтыг гүйцэтгэж чадах билээ.
Хүний амьдрал хэмээх хэн ч болов дамжиж туулах ажлын талбараас хичээл зүтгэл, эрдэм
ухаан, өндөр суртахуун төрж мэндэлдэг гэвэл, бас үүний эсрэгээр залхуу хойрго, хөнгөн хуудуу
явдал, ужид самуун ч бас эндээс төрж мэндлэх нь бий. Алинаар нь явах нь уг хүн сайн явдлын
боломжийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаацдаг гэж хэлж болох бизээ. Гайхамшигтай алхаж байгаа хүний амьдрал, чин шударгуу зан чанар хоёр үр удам, нийгэмдээ хамгийн үнэ цэнтэй өв хөрөнгө болдог билээ. Ийм амьдрал, хүн чанар хоёр нь сайн үйл гэдэг юу болохыг уран цэцэн сургаж, муу үйлийг хурц шүүмжилж байдаг. Энэ бол хүмүүсийн хувьд хамгийн гайхамшигтай баялгийг төрүүлэх эх булаг болдог билээ.
Яруу найрагч Робб, нэгэн удаа ядуу доройгоос гаралтай гэж тохуурхал сонсох үедээ
дараах байдлаар ихэмсэг сүрлэгээр тас цохиж хариулсан гэдэг. "За тиймээ, миний эх эцэг өчүүхэн хүмүүс байсан хэдий ч, хүү намайгаа нүүр улайлгахаар, ичгүүргүй авирлаж байсан удаа лавтайяа нэг ч байгаагүй юм даг. Хүү нь болсон би ч гэсэн таны харж буй байдал төрхтэй яваа хэдий ч эх эцэг хоёрыгоо уйлуулж байсан удаа огтхон ч байхгүй билээ. Энэ хангалттай бус уу" гэжээ. Бусдыг хөдөлгөе гэсэн үед, энийг тэрийг гэж тушаах төдийгөөр хэрэг бүтэхгүй бизээ.
Юуны өмнө, өөрөө урагшилж загвар болгон санаагаа илэрхийлж байхгүй бол болдоггүй. Нэгэн
хатагтай өөрийн амжилтын нууцаа ийн өгүүлсэн байдаг. "Хүнээр ямар нэгэн зүйл хийлгэе гэж
хүсвэл өөрөө үлгэрлэн, дуурайлгах хэрэгтэй. Амаараа төдий түрүүлэгч ямар ч хэрэг бүтээхгүй"
гэжээ. Зөвхөн үгээр хэлэх нь жинхэнэ уран илэрхийлэл болж чаддаггүй. Гарчигийг нь хэчнээн
уянгалуулавч, төлөвлөгөө нь өчүүхэн ч урагшлахгүй, тэгээд чалчихын хананаасаа нэг алхам ч
гардаггүй билээ. Үүнийг мэдэж тангараг тавьсан эрхэм хатагтай өөрийн зүгээс үйлдлийг эхлэдэг ажээ. Тэр эмэгтэйг үнэхээр төлөвлөснөө биелүүлэхийг хараад, хавь орчны хүмүүс түүний эрс шийдлээс цохилт авч, туслахаар боссон байна. Гайхамшигтай бүтээл бий болгох нь уран цэцэн үгтэн бус, өндөр дээд онолч бус, харин үйл ажлаараа бусдыг дагуулагч хүн л мөн билээ.

Wednesday, April 17, 2013

Сэтгэлд амьдарсаар байх залуу цагийн сургааль

 
Эцэг эхийн араншин нь үйлдлээр дамжиж хүүхдийн зан авирт тусдаг билээ. Өдөр бүр
илэрч байдаг эцэг эхийн хайр энхрийлэл, сахилга бат, хичээл зүтгэл, өөрийгөө эзэмдэх сэтгэл зэрэг
нь чихээрээ сурсан мэдлэг мартагдаж арилсан хойно ч хүүхдийн сэтгэл зүрхэнд амьдарч, түүний
үйлдлийг шийдэж өгч байдаг юм.
Эцэг эхийн үггүй үйл хөдөлгөөн, харц хүртэл заримдаа хүүхдийн зан араншинд хэзээ ч
мартагдахааргүй сэтгэгдлийг тарьж суулгадаг билээ. Сайн эцэг эхийн амьдралын замналыг санаж,
муу уруу татлагыг тэвчин тасалсан хүн тиймгүйгээсээ их байх учиртай. Тэд нар лавтай ичгүүргүй
үйлдэлд автагдан, буруу муухай бодолд хөтлөгдвөл, эцэг эхийнхээ үзэсгэлэнтэй сайхан дурсамж
юуг хиртүүлэх болно гэж өөртөө тангарагласан болов уу.
Буяны үйлстэн Бакстон хэргэм зэрэгтхүрсэн хойноо өөрийнхөө ээжид хаяглаж явуулсан
захидалдаа: "Хүүхэд байхад ээжээсээ сурсан зөв сэтгэл хийгээд ёс суртахуунлиг байдал хэмээх
сайхан сургамжийг одоо ч гэсэн огтхон ч мартдаггүй юм. Ялангуяа бусдын тулд ямар нэгэн зүйл
хийж өгье хэмээх үед ээжийнхээ бахархал болсон сайхан сэтгэлийг хүчтэй мэдрэхгүй байж
чаддаггүй билээ" гэжээ.
Бакстон бас, өөрт нь ач тус хүрггэсэн агнуурын газрын манаачид ч талархлын сэтгэлээ
илэрхийлэхээ мартаагүй ажээ. Залуу байхдаа Бакстон тэр эртэй ан хийж, морь унан зугаалдаг
байжээ. Тэр эр бичиг үсэгт тайлагдаагүй байсан ч төрөлхийн хар ухаанаар баян хүн байсан.
Бакстон хожим ингэж өгуулсэн байдаг.
"Түүний бусдаас давуу чанар бол зөв сэтгэл, алдар хүндлэлийг амьдралынхаа итгэл болгож
байсан явдал юм. Миний ээж эзгүй үед ч, ээжид мэдэгдэхэд ч эвгүй үг хийгээд үйлийг ердөө ч
гаргадаггүй байсан. Хэзээ ямагт өндөр дээд хиргүй тунгалагийн жишээ загвар мэт байж, бидний
залуучуудын сэтгэлд цэвэр ариун, эрхэмсэг оюун санааг цутгаж өгсөн билээ. Миний хувьд тэрээр
амьдралын минь хамгийн анхны, бас хамгийн сайн багш байсан" гэжээ.
Дээр өгүүлсэнчлэн хүмүүний үг яриа, үйл хэрэг эцэстээ ямар нэгэн хэлбэрээр бусад хүнд шингэж
байдаг. Тэр бол цохиж арилгахад бэрх хөдөлшгүй баримт мөн. Ямар ч хүн байсан бидний
амьдралд их ч бай, бага ч бай жишээ нөлөөгөө үзүүлсээр нэг л мэдэхэд нөлөөлчихсөн байдаг.
Гайхалтай үг яриа, үйл ажил,үгс нь эцсийн дүнд үр дүнгүй зүйл мэт байлаа ч хэзээд хүний
сэтгэл зүрхэнд амьдарсаар байдаг. Муу муухай үйл ажил, үгс ч мөн адил юм. Шальдар бульдархан
хүнд хүртэл тэрхүү үг яриа, үйл ажил нь сайн загвар, муу загварын аль нэгнэээр тусаж байдаг.
Хүний оюун санаа арилж үгүй болдоггүй. Тэр бидэнтэй хамт амьдарч, бидэнтэй хамт алхаж
байдаг. Улс төрч Дейзлейр хамтран зүтгэгч Ричард Гобден нас нөхчсөнд эмгэнэн парламентын
доод танхимд хэлсэн үгэндээ:
"Гобден талийгаач болсон авч одоо ч гэсэн парламентын гишүүдийн нэгэн байсаар байна.
Парламент тарах, сонгогч түмний адайрлал, бас цаг хугацааны явцтай хамаагүйгээр эрхэм нөхөр
маань бидний сэтгэлд үүрд мөнх амьдарсаар байх бизээ" гэжээ.
Дейзлерийн үгэнд тодорхой буйчлан хүний амь нас үхлээр огтхон ч тасардаггүй. Энэ хорвоод
ганцаархнаа амьдарч буй хүн үгүй юм. Нийгэм дотор хүн заавал хэлхэлдсэн барилдлагаат
харилцаанд байж, хүн бүрийн үйлдлийн сайн муу нь одоо үе, ирээдүйн нийгмийн бүхий л аз
жаргал мандал бадралыг савлагаанд оруулж байдаг.
Одоо үеийн үндэс өнгөрсөн үеийн дотор байж, өвөг дээдсийн амьдрал хийгээд загвар
бидэнд эдүгээ ч гэсэн асар их нөлөө үзүүлж байдаг. Түүний зэрэгцээ бидний өдөр тутмын үйлдэл ч
үр ач нарын зан араншин төлөвшихөд зориулагдаж байдаг юм. Орчин цагт амьдарч буй хүн
болбоос өмнөх олон үеийн соёлоор боловсорсон үр жимсээс өөр юу ч бишээ, түүний хамт тэрээр
нэлээд холын өнгөрсөн цаг хийгээд алсын алс ирээдүйтэй үйлдэл, загвар хоёрыг холбох
соронзонгийн уүргийг хүлээж байдаг билээ.
Хүмүүний үйлдэл бүрэн төгс мөхдөггүй. Тухайлбал бие махбодь манан будан лугаа адил
сарнин арилж үгүй боловч сайн муу үйлдэл өөр өөрийнхөө таарч тохирсон үр дүн бий болгож,
ирээдүй үед нөлөө эрхшээлээ үзүүлж байдаг билээ. Хүмүүн амьд явж, амьдрахын хамгийн том
үүрэг хариуцлага болоод тарих аюул нь үнэн хэрэгтээ энэхүү нэн чухал, хөдөлшгүй баримтаас
урган гардаг билээ.

Tuesday, April 2, 2013

Гайхамшигтай учрал-Хүмүүний амьдралын багш, нөхөр, ширээний ном

Хүний амьдралын бэлгэ тэмдэг болох "юм хэлдэггүй тоо ширхэггүй загвар"-ын тухай

Загвар гэдэг бол үг хэлгүйгээр биднийг сурган удирдах нэртэй багш юм. Зүйр цэцэн үгс,
сургааль үг ч лавтайяа бидний урагшлах ёстой замыг зааж өгдөг билээ. Гэлээ ч үнэн хэрэг дээр
хүнийг хөтөлдөг зүйл бол юм хэлдэггүй, тоо ширхэггүй загварууд, өөрөөр хэлбэл амьдралыг эргэн тойрон хүрээлэх бодит байдлын жишээ юм. Сайн сургааль үгэнд тэр хэрийн чухал зүйл байх авч, сайн загвараас шалтгаалахгүйгээр эцсийн дүнд төдий л үр дүн үгүй. Хүмүүсийн дотор "Миний хэлснээр хий, миний хийх ажлыг дуурайх гээд хэрэггүй" гэхчилэн ярих нь олонтоо байдаг ч, жинхэнэ бодит амьдралын туршлага дээр үг ярианаас үйл хөдлөл нь илүү чухалчлагддаг юм.
Хүн хэн ч байлаа, их ч бай бага ч бай, чихнээсээ илүү нүдээр дамжсаныгаа сайтар ухааран ойлгож байдаг. Бодитоор харсан зүйл, тэр нь хэчнээн өчүүхэн бага зүйл байсан ч зөвхөн уншиж, сонссон зүйлээс хавьгүй гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг.
Ялангуяа бага залуу насанд энэ шинж хүчтэй байх бөгөөд "нүд бол мэдлэгийг эзэмшихийн үүд хаалга мөн" гэхэд хэлсдэхгүй буй за. Хүүхэд үзсэн харсан зүйлээ юуг ч байсан ухамсарлалгүйгээр дуурайдаг юм. Хорхой шавьжны бие идсэн өвснийхөө өнгөтэй адилхан
байдагчлан, хуүхэд нэг л мэдэхэд хавь орчныхоо хүмүүстэй адил төстэй болдог ажгуу.
Гэрийн хүмүүжил нэн чухал гэж хэлцдэгийн учир үүнд байна. Сургуулийн сурган
хүмүүжил хэчнээн ашиг тустай ч гэр бүлд илэрхийлэгдэж буй жишээ загвар нь хүүхдийн зан
араншингийн төлөвшилд хавьгүй их нөлөө үзүүлдэг. Гэр бүл бол нийгмийн талст бөгөөд
иргэнлэгчанарын цөмийг бүрдүүлж байдаг. Бидний нийтлэг хувийн амьдралыг эзэмдэж байдаг
заншил, сүсэг бишрэл,үзэл баримтлал нь цэвэр ч зүйл байсан, бохир ч зүйл байсан гэр бүлийн
дотор л өсч төлжиж байдаг. Төр улс хүүхдийн өрөөн дотор төрж мэндэлдэг. Онол бодролын
томоохон хэсэг гэр бүл дотор өсч бойждог. Бас хамгийн өндөр дээд хайр ч айл бүрийн тулганд
төрдөг юм шүү."Нийгмийн дотор бидний харьяалагдаж буй хамгийн бага нэгж, өөрөөр хэлбэл гэр бүлийг хайрлах явдал нь нийгмийг бүхэлд нь хайрлах хамгийн анхны алхам юм" гэж улс төрч Бак өгүүлжээ. Шийдмэг сэтгэл жижигхэн гэр бүлийн хайраас эхэлж улмаар өргөжин, удалгүй дэлхийг бүхэлд нь бүрхэн нөмөрдөг билээ.