Tuesday, May 14, 2013

Амьдралыг эргүүлсэн ганц ширхэг зураг


Байр суурь, хэргэм зэрэг хичнээн доогуур байлаа ч үг төдий бус, бодитой үйл ажиллагаа
явуулж, чин сэтгэлээсээ, бүхий л чадлаараа хичээж зүтгэдэг хүн л их амжилт гаргадаг билээ.
Жирийн гуталчин Жон Фаунз ядуучуудын сургууль (ядуу гэр бүлийн хүүхдүүдийг сургаж,
хооллодог сургууль) байгуулах хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд, тэрээр ийм
төрлийн сургуулийн хэрэгцээтэй гэдгийг анх хэлж тайлбарласан биш юм. Харин дуугуйхан байж байгаад, үйл ажлаараа өөрийнхөө үзэл итгэлийг хүндэтгэхээр шийдсэн ажээ. Түүнд үг дуугүй туршихаас өөр зүйл толгойд нь байгаагүй ажээ.
Ядуучуудын сургууль үүсгэн байгуулах хөдөлгөөнийг дэмжихэд тэргүүн зэргийн үүрэг
гүйцэтгэсэн Гасли, Жон Фаунз хэмээх загвараас хэчнээн их нөлөө авснаа дараах байдлаар
өгүүлсэн байдаг. "Миний бие нэг зурагны нөлөөгөөр ядуучуудын сургуулийг сонирхон дэмжих болсон билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн тосгонд очоод түр амсхийхээр буудлын өрөөнд ортол тэр өрөөний пийшингийн дээд талд нэгэн гайхамшигтай зураг өлгөөтэй байсан юм. Уг зурагт
гуталчны өрөөг дүрсэлсэн байлаа. Гуталчин хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод хоёр
өвдөгтөө нэгэн хуучин гутал хавчуулж яарангуй ажиллаж байх юм. Түүнийг тойроод навтас
хэдэрсэн хөвгүүд, жаал охидууд зогсоогоороо хичээллээд гуталчин өтгөн хөмсгөн дороосоо хайр энхрийллээр бялхаж дүүрсэн нүдээр харж сургаалиа айлдаж буй...Би сониучирхалд автагдаж, тэрхүү зургийн тайлбар бичгийг уншлаа. Түүнээс үзвэл уг зургийн бодит дүр нь гуталчин Жон Фаунз ажээ. Олон тооны ядуусын хүүхэд сүмийн ламтан, хотын дарга, ноёд хатагтай нараас нүд үзүүрлэгдэж, хий дэмий сэлгүүцэн гудамжаар тэнэж байгааг үзээж харж байсан тэрээр эгэл дарууханаар хонь хариулахын зэрэгцээ хүүхдүүдийг цуглуулж, сурган хүмүүжлийн ажлыг эрхэлжээ. Түүгээр зогсохгүй хөлсөө дуслуулж олсон өчүухэн бага мөнгөөрөө амьдралаа залгуулж, 500 гаруй хүүхдийг зовлонгоос татаж гаргасан гэдэг.
Би өөрөө өөрөөсөө ичив. "Чухамдаа би өнөөг хуртэл юу хийж ирэв ээ" гэсэн өөрийгөө буруушаах сэтгэл цээжинд минь дүүрээд ирсэн билээ. Тэр үеэс би Жон Фаунзын намтрыг судалж эхлэсэн юм.
Боомт хот Потсмасын эрэг хавиар навтас хөдөрсөн жаал хүүхдүүдтэй хөөцөлдөн, өөрийнхөө гэрт аваачихаар зүтгэх түүний дүр төрх сайн харагдаж байлаа. Харин цагдаа шиг хүч түрээгүй.
Хүүхдүүд төмсөнд дуртай гэдгийг сайн мэдэх тэрээр өөрөө ч навтас хэдэрч, чанаж болгосон
төмсийг хүүхдүүдийн өмнө сарвайн гүйх ажээ.Түүний зургийг анх харсан үедээ, би тэр л хүн
төрөлхтний бахархал мөнөөс мөн гэж бодсон бөгөөд тэр бодол минь одоо ч гэсэн өчүүхэн ч
хувираагүй байгаа билээ" гэжээ.

Sunday, May 12, 2013

Жинхэнэ уран үг үггүй туршилт дотор байдаг

 
Энэ хүртэл өгүүлсэнчлэн, бидний харсан сонссон үйлдэл хийгээд үг ярианаас гадна бидний
өөрийн үг яриа үйл хөдлөл ч нөлөөлөх томоохон хүчийг авч явдаг. Тэр хүч нь өөрийн ирээдүй
төдийгүй нийгмийг бүхэлд нь зүг чигийг бүхэлд нь савлуулахгүй гэхийн газаргүй юм.
Ямар ч хүн энгийн цагаан мөртлөө чухал ховор сургамжийг бусдаас авч байдаг билээ. Ингэж үзвэл ямар ч нөхцөл хүмүүнд заавал учир утгатай ажээ. Яагаад гэвэл намхан газар тавьсан лаа, уулын толгой дээр тавьсан лаатай өчүүхэн ч ялгаагүй хавь орчноо гэрэлтүүлж байдаг билээ. Түр зуурын гадаад өнгөн тал бага хэрэг.Хувь муутай нөхцөлдд тухайлбал бөглүү буйд газрын овоохой болон их хотын давчуухан гудманд амьдрахаар таарчихвал жинхэнэ хүн л бол тэр дундаа өсч хөгжөөд явж чадна. Хэр хэмжээгээрээ өөрийнхөө булшийг булах төдий өчүүхэн газраас өөр зүйл үгүй ч тэндээ үнэнхүү хичээнгүйлэн ажиллавал түүнээс хэдэн мянга дахин өргөн уудам газрыг өвлөж авсан хүнээс илүү гайхалтай зорилтыг гүйцэтгэж чадах билээ.
Хүний амьдрал хэмээх хэн ч болов дамжиж туулах ажлын талбараас хичээл зүтгэл, эрдэм
ухаан, өндөр суртахуун төрж мэндэлдэг гэвэл, бас үүний эсрэгээр залхуу хойрго, хөнгөн хуудуу
явдал, ужид самуун ч бас эндээс төрж мэндлэх нь бий. Алинаар нь явах нь уг хүн сайн явдлын
боломжийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаацдаг гэж хэлж болох бизээ. Гайхамшигтай алхаж байгаа хүний амьдрал, чин шударгуу зан чанар хоёр үр удам, нийгэмдээ хамгийн үнэ цэнтэй өв хөрөнгө болдог билээ. Ийм амьдрал, хүн чанар хоёр нь сайн үйл гэдэг юу болохыг уран цэцэн сургаж, муу үйлийг хурц шүүмжилж байдаг. Энэ бол хүмүүсийн хувьд хамгийн гайхамшигтай баялгийг төрүүлэх эх булаг болдог билээ.
Яруу найрагч Робб, нэгэн удаа ядуу доройгоос гаралтай гэж тохуурхал сонсох үедээ
дараах байдлаар ихэмсэг сүрлэгээр тас цохиж хариулсан гэдэг. "За тиймээ, миний эх эцэг өчүүхэн хүмүүс байсан хэдий ч, хүү намайгаа нүүр улайлгахаар, ичгүүргүй авирлаж байсан удаа лавтайяа нэг ч байгаагүй юм даг. Хүү нь болсон би ч гэсэн таны харж буй байдал төрхтэй яваа хэдий ч эх эцэг хоёрыгоо уйлуулж байсан удаа огтхон ч байхгүй билээ. Энэ хангалттай бус уу" гэжээ. Бусдыг хөдөлгөе гэсэн үед, энийг тэрийг гэж тушаах төдийгөөр хэрэг бүтэхгүй бизээ.
Юуны өмнө, өөрөө урагшилж загвар болгон санаагаа илэрхийлж байхгүй бол болдоггүй. Нэгэн
хатагтай өөрийн амжилтын нууцаа ийн өгүүлсэн байдаг. "Хүнээр ямар нэгэн зүйл хийлгэе гэж
хүсвэл өөрөө үлгэрлэн, дуурайлгах хэрэгтэй. Амаараа төдий түрүүлэгч ямар ч хэрэг бүтээхгүй"
гэжээ. Зөвхөн үгээр хэлэх нь жинхэнэ уран илэрхийлэл болж чаддаггүй. Гарчигийг нь хэчнээн
уянгалуулавч, төлөвлөгөө нь өчүүхэн ч урагшлахгүй, тэгээд чалчихын хананаасаа нэг алхам ч
гардаггүй билээ. Үүнийг мэдэж тангараг тавьсан эрхэм хатагтай өөрийн зүгээс үйлдлийг эхлэдэг ажээ. Тэр эмэгтэйг үнэхээр төлөвлөснөө биелүүлэхийг хараад, хавь орчны хүмүүс түүний эрс шийдлээс цохилт авч, туслахаар боссон байна. Гайхамшигтай бүтээл бий болгох нь уран цэцэн үгтэн бус, өндөр дээд онолч бус, харин үйл ажлаараа бусдыг дагуулагч хүн л мөн билээ.

Wednesday, April 17, 2013

Сэтгэлд амьдарсаар байх залуу цагийн сургааль

 
Эцэг эхийн араншин нь үйлдлээр дамжиж хүүхдийн зан авирт тусдаг билээ. Өдөр бүр
илэрч байдаг эцэг эхийн хайр энхрийлэл, сахилга бат, хичээл зүтгэл, өөрийгөө эзэмдэх сэтгэл зэрэг
нь чихээрээ сурсан мэдлэг мартагдаж арилсан хойно ч хүүхдийн сэтгэл зүрхэнд амьдарч, түүний
үйлдлийг шийдэж өгч байдаг юм.
Эцэг эхийн үггүй үйл хөдөлгөөн, харц хүртэл заримдаа хүүхдийн зан араншинд хэзээ ч
мартагдахааргүй сэтгэгдлийг тарьж суулгадаг билээ. Сайн эцэг эхийн амьдралын замналыг санаж,
муу уруу татлагыг тэвчин тасалсан хүн тиймгүйгээсээ их байх учиртай. Тэд нар лавтай ичгүүргүй
үйлдэлд автагдан, буруу муухай бодолд хөтлөгдвөл, эцэг эхийнхээ үзэсгэлэнтэй сайхан дурсамж
юуг хиртүүлэх болно гэж өөртөө тангарагласан болов уу.
Буяны үйлстэн Бакстон хэргэм зэрэгтхүрсэн хойноо өөрийнхөө ээжид хаяглаж явуулсан
захидалдаа: "Хүүхэд байхад ээжээсээ сурсан зөв сэтгэл хийгээд ёс суртахуунлиг байдал хэмээх
сайхан сургамжийг одоо ч гэсэн огтхон ч мартдаггүй юм. Ялангуяа бусдын тулд ямар нэгэн зүйл
хийж өгье хэмээх үед ээжийнхээ бахархал болсон сайхан сэтгэлийг хүчтэй мэдрэхгүй байж
чаддаггүй билээ" гэжээ.
Бакстон бас, өөрт нь ач тус хүрггэсэн агнуурын газрын манаачид ч талархлын сэтгэлээ
илэрхийлэхээ мартаагүй ажээ. Залуу байхдаа Бакстон тэр эртэй ан хийж, морь унан зугаалдаг
байжээ. Тэр эр бичиг үсэгт тайлагдаагүй байсан ч төрөлхийн хар ухаанаар баян хүн байсан.
Бакстон хожим ингэж өгуулсэн байдаг.
"Түүний бусдаас давуу чанар бол зөв сэтгэл, алдар хүндлэлийг амьдралынхаа итгэл болгож
байсан явдал юм. Миний ээж эзгүй үед ч, ээжид мэдэгдэхэд ч эвгүй үг хийгээд үйлийг ердөө ч
гаргадаггүй байсан. Хэзээ ямагт өндөр дээд хиргүй тунгалагийн жишээ загвар мэт байж, бидний
залуучуудын сэтгэлд цэвэр ариун, эрхэмсэг оюун санааг цутгаж өгсөн билээ. Миний хувьд тэрээр
амьдралын минь хамгийн анхны, бас хамгийн сайн багш байсан" гэжээ.
Дээр өгүүлсэнчлэн хүмүүний үг яриа, үйл хэрэг эцэстээ ямар нэгэн хэлбэрээр бусад хүнд шингэж
байдаг. Тэр бол цохиж арилгахад бэрх хөдөлшгүй баримт мөн. Ямар ч хүн байсан бидний
амьдралд их ч бай, бага ч бай жишээ нөлөөгөө үзүүлсээр нэг л мэдэхэд нөлөөлчихсөн байдаг.
Гайхалтай үг яриа, үйл ажил,үгс нь эцсийн дүнд үр дүнгүй зүйл мэт байлаа ч хэзээд хүний
сэтгэл зүрхэнд амьдарсаар байдаг. Муу муухай үйл ажил, үгс ч мөн адил юм. Шальдар бульдархан
хүнд хүртэл тэрхүү үг яриа, үйл ажил нь сайн загвар, муу загварын аль нэгнэээр тусаж байдаг.
Хүний оюун санаа арилж үгүй болдоггүй. Тэр бидэнтэй хамт амьдарч, бидэнтэй хамт алхаж
байдаг. Улс төрч Дейзлейр хамтран зүтгэгч Ричард Гобден нас нөхчсөнд эмгэнэн парламентын
доод танхимд хэлсэн үгэндээ:
"Гобден талийгаач болсон авч одоо ч гэсэн парламентын гишүүдийн нэгэн байсаар байна.
Парламент тарах, сонгогч түмний адайрлал, бас цаг хугацааны явцтай хамаагүйгээр эрхэм нөхөр
маань бидний сэтгэлд үүрд мөнх амьдарсаар байх бизээ" гэжээ.
Дейзлерийн үгэнд тодорхой буйчлан хүний амь нас үхлээр огтхон ч тасардаггүй. Энэ хорвоод
ганцаархнаа амьдарч буй хүн үгүй юм. Нийгэм дотор хүн заавал хэлхэлдсэн барилдлагаат
харилцаанд байж, хүн бүрийн үйлдлийн сайн муу нь одоо үе, ирээдүйн нийгмийн бүхий л аз
жаргал мандал бадралыг савлагаанд оруулж байдаг.
Одоо үеийн үндэс өнгөрсөн үеийн дотор байж, өвөг дээдсийн амьдрал хийгээд загвар
бидэнд эдүгээ ч гэсэн асар их нөлөө үзүүлж байдаг. Түүний зэрэгцээ бидний өдөр тутмын үйлдэл ч
үр ач нарын зан араншин төлөвшихөд зориулагдаж байдаг юм. Орчин цагт амьдарч буй хүн
болбоос өмнөх олон үеийн соёлоор боловсорсон үр жимсээс өөр юу ч бишээ, түүний хамт тэрээр
нэлээд холын өнгөрсөн цаг хийгээд алсын алс ирээдүйтэй үйлдэл, загвар хоёрыг холбох
соронзонгийн уүргийг хүлээж байдаг билээ.
Хүмүүний үйлдэл бүрэн төгс мөхдөггүй. Тухайлбал бие махбодь манан будан лугаа адил
сарнин арилж үгүй боловч сайн муу үйлдэл өөр өөрийнхөө таарч тохирсон үр дүн бий болгож,
ирээдүй үед нөлөө эрхшээлээ үзүүлж байдаг билээ. Хүмүүн амьд явж, амьдрахын хамгийн том
үүрэг хариуцлага болоод тарих аюул нь үнэн хэрэгтээ энэхүү нэн чухал, хөдөлшгүй баримтаас
урган гардаг билээ.

Tuesday, April 2, 2013

Гайхамшигтай учрал-Хүмүүний амьдралын багш, нөхөр, ширээний ном

Хүний амьдралын бэлгэ тэмдэг болох "юм хэлдэггүй тоо ширхэггүй загвар"-ын тухай

Загвар гэдэг бол үг хэлгүйгээр биднийг сурган удирдах нэртэй багш юм. Зүйр цэцэн үгс,
сургааль үг ч лавтайяа бидний урагшлах ёстой замыг зааж өгдөг билээ. Гэлээ ч үнэн хэрэг дээр
хүнийг хөтөлдөг зүйл бол юм хэлдэггүй, тоо ширхэггүй загварууд, өөрөөр хэлбэл амьдралыг эргэн тойрон хүрээлэх бодит байдлын жишээ юм. Сайн сургааль үгэнд тэр хэрийн чухал зүйл байх авч, сайн загвараас шалтгаалахгүйгээр эцсийн дүнд төдий л үр дүн үгүй. Хүмүүсийн дотор "Миний хэлснээр хий, миний хийх ажлыг дуурайх гээд хэрэггүй" гэхчилэн ярих нь олонтоо байдаг ч, жинхэнэ бодит амьдралын туршлага дээр үг ярианаас үйл хөдлөл нь илүү чухалчлагддаг юм.
Хүн хэн ч байлаа, их ч бай бага ч бай, чихнээсээ илүү нүдээр дамжсаныгаа сайтар ухааран ойлгож байдаг. Бодитоор харсан зүйл, тэр нь хэчнээн өчүүхэн бага зүйл байсан ч зөвхөн уншиж, сонссон зүйлээс хавьгүй гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг.
Ялангуяа бага залуу насанд энэ шинж хүчтэй байх бөгөөд "нүд бол мэдлэгийг эзэмшихийн үүд хаалга мөн" гэхэд хэлсдэхгүй буй за. Хүүхэд үзсэн харсан зүйлээ юуг ч байсан ухамсарлалгүйгээр дуурайдаг юм. Хорхой шавьжны бие идсэн өвснийхөө өнгөтэй адилхан
байдагчлан, хуүхэд нэг л мэдэхэд хавь орчныхоо хүмүүстэй адил төстэй болдог ажгуу.
Гэрийн хүмүүжил нэн чухал гэж хэлцдэгийн учир үүнд байна. Сургуулийн сурган
хүмүүжил хэчнээн ашиг тустай ч гэр бүлд илэрхийлэгдэж буй жишээ загвар нь хүүхдийн зан
араншингийн төлөвшилд хавьгүй их нөлөө үзүүлдэг. Гэр бүл бол нийгмийн талст бөгөөд
иргэнлэгчанарын цөмийг бүрдүүлж байдаг. Бидний нийтлэг хувийн амьдралыг эзэмдэж байдаг
заншил, сүсэг бишрэл,үзэл баримтлал нь цэвэр ч зүйл байсан, бохир ч зүйл байсан гэр бүлийн
дотор л өсч төлжиж байдаг. Төр улс хүүхдийн өрөөн дотор төрж мэндэлдэг. Онол бодролын
томоохон хэсэг гэр бүл дотор өсч бойждог. Бас хамгийн өндөр дээд хайр ч айл бүрийн тулганд
төрдөг юм шүү."Нийгмийн дотор бидний харьяалагдаж буй хамгийн бага нэгж, өөрөөр хэлбэл гэр бүлийг хайрлах явдал нь нийгмийг бүхэлд нь хайрлах хамгийн анхны алхам юм" гэж улс төрч Бак өгүүлжээ. Шийдмэг сэтгэл жижигхэн гэр бүлийн хайраас эхэлж улмаар өргөжин, удалгүй дэлхийг бүхэлд нь бүрхэн нөмөрдөг билээ.

Tuesday, March 26, 2013

Нухацтай хичээл зутгэл эцэст нь ялдаг

"Нэгэн хөвгүүн нөгөөгөөсөө ялгарах ялгаа бол авъяас гэхээс илүү идэвхийлэх хүчний сайн саар
хоёроор шийдэгдэж байдаг" гэж Арнольд онцлон хэлсэн байдаг бөгөөд энэ нь том хүнд ч бас хамаарна.Шургуу тэвчээр, амьдрах хүч нь эхэндээ заяагдсан мэт байдаг боловч уг хүнд заншил болон биед нь хэвшдэг. Ягуу ягуухан чамбай хичээж зүтгэдэг тааруухан сурагч, залхамтгай онц сурлагатныг гүйцэж түрүүлдэг бус уу. Удаан ч гэсэн найдвартай алхдаг хүн, уралдахад эцэст нь ялдаг. Сургууль дээрх жагсаалт, жинхэнэ амьдрал дээрх жагсаалт хоёр бүрэн төгс байраа солих жишээ олон байдаг. Оюутан байхдаа үнэхээр алд тасархай байсан хүн, сүүлдээ жирийн хүний амьдралд булагдаж орхидог. Нөгөө талаар, ямар нэг юмыг найдах ч аргагүй байсан маруухан нөхөр цуцалтгүй хичээл зүтгэлийг үргэлжлүүлсний ачаар аажимдаа хүний дээр гарах нь бий. Гайхалтай үзэгдэл юм, гэвч түүний учрыг ухаарах түлхүүр тэр хүний шургуу хичээнгүйн давууд байдаг. Нэгэн түүх дурьдахад тааруухан сурагчын загвар мэт нэгэн хүү байдаг байв. Багш түүний сурлагын амжилтыг дээшлүүлье гэж хүчээ дайчилсан ч огтхон ч өөрчлөлт гарсангүй. Шийтгэлээ ч, тайтгарууллаа ч, аргадлаа ч ямар ч нэмэргүй. Эцэст нь багш нарын нэг нь түүнийг "хаана ч байхгүй агуу тэнэг" гэж хүртэл дуудсан гэдэг.
Гэтэл нөгөө сулхан амьтан, тархины ажиллагаа нь барагтайхан ч, муйхар гэмээр хатуу зоригийн хүч сууж байжээ. Тэгээд өсч томрохын хэрээр тэрхүү сайн тал нь ягуу ягуухан үндсээ сунгасаар удалгүй тэрээр бизнесийн ертөнцөд хөл тавьж, түүгээр барахгүй ангийнхаа нөхдийн ихэнх хэсгээс хавьгүй шилдэг хүн болж,хорвоод нэрээ гаргасан гэдэг. Түүний дараар тэрээр төрсөн нутгийнхаа хотын захирагч болж гайхамшигтай үйл ажиллагаа явуулсан юм.
Алхахдаа удаан яст мэлхий ч замаа зөв олбол, алдаатай буруу замаар явах өрсөлдөгчөө ялж чадах нь буй. Тиймээс чин сэтгэлээсээ шургуу зүтгэл гаргавал ахиц дэвшил удаан байсан ч сэтгэл өвдөхийн хэрэгцээ байхгүй.Залуу цагийн сэргэлэн цовоо байдал аягүй бол дутагдалтай тал болон хувирахгүй гэхийн газар үгүй. Юуг ч авхаалжтай сайн ойлгодог хүүхэд, тэр хэрээр юмыг мартахдаа амархан, тэвчээр оролдлого хэмээх чанараа дээшлүүлье гэдэггүй.
Гэтэл угтаа тэвчээр оролдлого хоёр л зан авирын хамгийн чухал эд эс билээ. Чадал сайнгүй хүүхэд харин тэрхүү сайхан суртахууныг бага сага ч болов биедээ хэвшүүлж байдаг. "Өнөө цагийн намайг буй болгосон нь миний өөрийн минь онцгой,цөхрөлтгүй хүч билээ" гэж Дейбнер өгүүлсэн байдаг агаад, энэхүү үг энэ үнэнийг баталж байгаа бус уу.

Wednesday, March 20, 2013

Сургуулийн сурлагын амжилтаар хэмжиж болдоггүй гоц авьяасын тухай

 
АНУ-ын ерөнхий командлагч болсон Ю.Гландыг багад нь ээж нь хүртэл " Юрселс (нэмэр тусгүйн) Гланд гэж дууддаг байжээ. Тийм нэгэн, болхи хүү байжээ.
Бас Ли генералын баруун гар болж хамгийн их итгэгдэж байсан дэд дарга Стонфор Жаксон
залуудаа эгээгүй усан тэнэгээрээ гайхагдаж явжээ. Вестфойнтын хуурай замын офицерын сургуульд орсон ч толгой нь бахь байдгаараа хоцорч байсан хэдий ч тэр хэрээрээ хүн хүнээс илүү шаргуу зүтгэлтэйгээр хичээлээ хийдэг байв. Гэрийн даалгавар хийхдээ хагаслаж хугаслаж оромдолгүй бүрэн төгс эзэмштэлээ барьж авдаг байлаа. Бас мэдээгүй ч мэдсэн юм шиг царайг огт үзүүлж байгаагүй гэдэг. Нэгэн найз нь тэр үеийн Жаксоны тухай: "Тэр өдрийн цээжлэх асуудлын талаар багшаас асуугдах үед, тэрээр дандаа ...энэ асуудалд хараахан гар хүргэж чадсангүй, өчигдрийн болон уржигдрын даалгаврыг эзэмшиж чаддаг болтлоо хичээнгүйлэн үзэж байсан болохоороо... гэж хариулдаг байсан" гэжээ. Ийнхүү Жаксон 70 хүнтэй анги дотроо 17-р байранд орж төгсчээ. Элсэж орох үеийн сурлагын амжилт нь хамгийн сүүлийн байранд байсан байх тул, тэр 53 сурагчийг гүйцэж түрүүлжээ гэсэн үг юм. "Сургууль маань 4 жил бус 8 жил байсан бол, мань эр яриангүй тэргүүлж төгсөх байсан даа" гэж тэр үеийн ангийнхан нь ам булаалдан өгүүлж байжээ. Буяны үйлстэн Жон Хаворд тааруухан сурагчийн сонгодог төлөөлөгч агаад сургуульд сурч байсан 7 жилийн хугацаанд хичээл шиг хичээл хийж байсан нь нэг ч үгүй. Зохион бүтээгч Стифсон ч залуудаа шилдэг давуу тал нь гэвэл бөөрөнцөг шидэх, бөх, дээр нь Инженерийн ажилд шургуу оролддогоос өөр зүйлгүй байв.
Нэрт химич Дейбер ч бусад хүүхдүүдтэй харьцуулахад тийм их Ухаантай гэхээргүй байлаа. "Намайг анги дааж байхад авъяас чадварын тал дээр тийм их шилдэг давуу гэж бодогдохооргүй байсан" гэж багш нь дурссан байдаг бөгөөд Дейбар ч хожим "сургуульд байхдаа ханатлаа залхуурч, тоглож нааддаг байсан тул өөртөө жаргалтай байдаг байсан" гэж өгүүлсэн байдаг.
Зохион бүтээгч Уатт-ын тухайд ч эрт гэгээрсэн юм гэсэн яриа үнэмшилтэй нь аргагүй ам дамжиж буй хэдий ч үнэн хэрэг дээрээ мань хүн сурлагаар гавихгүй эр байжээ. Харин тэр үнэхээрийн тэвчээр хэмээх шилдэг сайн чанартай байлаа. Тэрхүү шургуу хүчтэй тэвчээр болон аажим аажмаар төлжиж буй зохион бүтээх авъяасынхаа ачаар удалгуй уурын хөдөлгүүрт механизмыг бий болгон бүтээсэн билээ.

Tuesday, March 19, 2013

Тааруухан сурагчдын жишээний хэлхээс (Ньютоноос Наполеоныг хүртэл)

 
Бага балчир насандаа тааруухан сурагч байсан ч цэцэн ухаантай хүн болж өссөн хүмүүс олон бий. Зураач Петро де Голдуни үнэхээр дүйнгэдүү хүүхэд байж, хавь ойрынхон нь "илжигэн толгойт" гэж хочилдог байжээ. Яруу найрагч Томос Гиедер ч "МангууТоми" гэж дуудагдаж байсан бахичээнгүй зүтгэл гаргасны үр дүнд эцэст нь ялж гайхамшигтай алдар нэрийг олсон билээ. Сургуульд байхдаа Ньютон сурлагын амжилтаараа хойноосоо хоёрт байжээ. Нэг удаа тэрээр өөрөөсөө илүү ой сайтай сурагчид үл тоомсорлогдон гологджээ, тэгэхлээр нь зориг гарган тэр сурагчтай маргалдаад, юу ч үгүй бут цохигдсон ажээ. Тэр үеэс Ньютон хэрүүл төдийгүй сурлагаараа ч тэр нөхрийг ялахаар эрс шийдэж, асар ихээр махран хичээллэж эхлэсэн билээ. Удалгүй ангидаа толгой цохих хэмжээнд хүрсэн гэдэг.
Санваартнуудын дунд ч бага байхдаа лоймол байсан хүүхэд цөөнгүй. Тухайлбал Айзак Баро дунд сургуульд байхдаа зартай нөхөр байжээ. Тэрээр дээрэнгүй,юуны түруүнд хэрэлддэг, залхуу хойрго байв. Тэр эх эцгийнхээ хувьд гаслангийн үр байсан агаад эцэг нь "бурхан тэнгэр миний хүүхдүүд дотроос хэн нэгнийг нь эгүүлэн татаж хайрлавал хамгийн үзэшгүй Айзак-ийгл авч үзээрэй дээ" гэж хүртэл гуйдаг байв гэнэ.
Жүжгийн зохиолч болон улс төрийн салбарт гоц авъяасын алдарт санаснаараа хүрсэн Шеридан бага байхдаа эгэл жирийн чадвараар ч маруухан нэгэн байжээ. Ээж нь түүнийг гэрийн багшид танилцуулахдаа"гарт баригддаггүй гайхал юм шүү" гэж хэрэгболгон зориуддагалдуулан хэлдэг байсан гэдэг. Яруу найрагч Вольтер Скотт ч сурлагаар хоосон, дэмий хэрүүлд дуртай хүүхэд байжээ. Эдинбар-ын их сургуульд элсэн орсон хойно ч түүнийг "тэр одоохондоо тааруухан оюутан байгаа, цаашдаа ч нэг их өөрчлөгдөхгүй болов уу" гэж профессор нь батлан өгүүлдэг байв. Цэргийн хүн бөгөөд улс төрч Роберт Глайб ч залуу байхдаа бүтэлгүй нэгэн байв. Тэр зөвхөн муу муухайг хийх болон дэггүйтэх үедээ л асар их эрчимлэг эрч хүчээ гаргадаг байжээ. Түүнийг усан онгоцонд далайчнаар явна гэж шийдсэн үед нь ашгүй нэг далд орлоо гэж
гэрийнхэн нь бөөн баяр хөөр болж байжээ. Харин Глайб тийн явнаар өөрийнхөө амьдрах ёстой зүг чигээ гаргаж, удалгүй энэтхэгт буй Английн цэргийн сүр хүчийг өргөжүүлэн тэлэхэд мартагдашгүй амжилт гаргасан билээ.
Наполеон, Вейлингтон нар ч мангардуу хөвгүүд байж, сургуульдаа үл анзаарагдам сурагчид байсан гэдэг. Наполеоны хүүхэд насыг мэддэг нэгэн гүнгийн авхай "зөвхөн бие нь чийрэг байсан юм, түүнээс өөрөөр бусад сурагчдаас өчүүхэн ч давуутай юм байгаагүй л юм даа" гэжээ.