Monday, August 23, 2010

Хөндийн замаар алхаж яваа мэт чимээгүйхэн амьдрал



Женнерийн нээлт яаж байж хүлээн зөвшөөрөгдөх болов? Эхлээд үл ойшоогдож, тун удалгүй яс
хугарам эсэргүүцлийн үгсээр булагдаж байв. Цэцэг өвчний вакцины үр ашгийг тайлбарлаж
түүнийг дэлгэрүүлэхээр Лондонг зорьсон Женнер тэр цагийн анагаах ухааны ертөнцөөс хоосон ам
өмхөж, гурван сар шахам дэмий чармайлт гаргавч тэр болгондоо нутаг орондоо буцахаас өөр
замгүйд хүрдэг байлаа.
Түүгээр зогсохгүй Женнерийн эрмэлзлэл хүмүүсийн дунд гуйвуулагдан тархаж, хов жив
хийгээд гүтгэлгээр гутаагдаж байв. "Тэр муу золиг, үхрийн сүүнээс гардаг өвчний нянг хүний
биенд суулган, хүнийг "адгуус мал" болгон тамд унагаахаар зэхэж байна гэнэ" гэж байлаа. Малчид
вакциныг "шулмын нэг төрлийн увидас" хэмээн эсэргүүцнэ. Вакцин хийлгэсэн хүүхэд "царай нь
үхэр шиг болж хувирдаг гэнэ", "дух нь хавдаад эвэр ургадаг гэнэ", "дуу хоолой нь хүртэл үхэр
мөөрч байгаатай ав адилхан болдог гэнэ" гэх мэт эцэс төгсгөлгүй цуу яриа энд тэндгүй тархжээ.
Нэг тосгонд хамгийн анх Цэцгийн вакцин хийлгэсэн эрэгтэй хүнийг гадаа явж байхад тосгоны
хүмүүс чулуу нүүлгэж, гэр лүүгээ зугатааж орохоос өөр аргагүй болж байсан гэнэ.
Гэлээ ч Женнерийн аргад лавтай үр өгөөжтэй зүйл байсан тул, ийнхүү эсэргүүцлээс
хамааралгүй цэцгийн вакцинд итгэдэг хүмүүсийн тоо удалгүй өсөв. Хоёрын зэрэг язгууртан эмэгтэйн
нэр хожим хүмүүст ам дамжин яригдаж, их хүндлэлийг хүлээсэн билээ. Яагаад гэвэл тэд зориглон өөрийн
хүүхдүүддээ цэцгийн вакцин хийлгэсэн ажээ. Язгууртан давхрааны иймэрхүү үйлдэл тэр цагийн завхралыг
арилгах үүд хаалга болж өгсөн байна.
Ийнхүү анагаах ухааны ертөнцөөс үлээх хорт салхи бага багаар хувирах болов. Цэцэг өвчний
вакцин чухал гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхлэнгүүт Женнерийн үр дүнг завших гэсэн эмч хүртэл гарчээ.
Гэвч эцсийн дүнд Женнерийн нотолгоо ялж, тэр цэцэг өвчний вакциныг анх нээсэн хэмээн олон түмнээс
хүндлэл хүлээх болсон байна.
Женнер амжилтын оргилд хүрснийхээ дараа ч хувь муутай, алдар нэргүй үеийнхээ номхон
хүлцэнгүй байдлыг алдахгүй байдаг байлаа.
"Лондонд шилжин суурьшиж, эмчээр ажилла, жилийн орлого чинь баараггүй нэг түмэн фунт" гэж түүнд
хэлэхэд тэрээр эрс эсэргүүцэв.
"Залуу байхдаа би хөндийн замаар алхаж буй мэт чив чимээгүй, илүү дутуугүй амьдралыг хүсч
ирсэн билээ. Тийм мөртлөө өтөл настай өнөө цагт яаж өөрийн биеэ өндөр газар луу өгсөөн хөтлөх билээ дээ.
Баян чинээлэг хийгээд нэр, алдрыг хүсэх нь миний дуурайхуйц амьдрах арга биш байхаа" гэсэн гэдэг.

Monday, August 16, 2010

Бодоод суулгуй туршаад уз



Харвейгээс дутахгүй халуун чулуу долоосон нь цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх
аргыг нээж, түүнийгээ хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг хүссэн Эдвард Женнер билээ.
Тэр цаг үед, хэзээний үхрийн бодоо өвчин байдаг нь мэдэгдэж, Женнерийн төрсөн нутгийн
саальчин хүүхнүүдийн дунд" үхрийн бодоогоор өвчилсөн хүнд цэцэг өвчин тусдаггүй" гэсэн яриа
өргөн тархсан байлаа. Харин анагаах ухааны ертөнцөд тэрхүү тайлбар ор үндэсгүй, дэмий
ярианаас хэтрэхгүй хэмээн нэгэнт шийдэгдсэн, хэн ч тэрхүү үнэнийг баталж үзье гэсэнгүй.
Женнер ч тэрхүү асуудалд анхаарлаа хандуулах болсон нь тохиолдлын учралаас болсон ажээ.
Залуудаа тэрээр Содбелид эмчийн туслагч болж эрдмийн ажилдаа шамдаж байсан бөгөөд, тэнд
тосгоны нэг охин хааяа үзүүлэхээр ирдэг байлаа. Эмч түүнийг цэцэг өвчтэй гэж оношлоход сайхь
охин гайхсан мэт хүзүүгээ гилжийлгээд "Цэцэг өвчин гэжүү?,тийм учиргүй байх аа. Яагаад гэвэл
би, үхрийн бодоо өвчин тусч байсан удаатай юм чинь" гэжээ.
Охины үг Женнерийн зүрхийг зүүгээр хатгах мэт болов. Тэгээд тэрхүү асуудлыг шууд
судлан шинжлэхээр шийдэж, ажиглалтаа хийж эхэлжээ.
Женнер үхрийн бодоод, хүнийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэгэн зүйл байгаа юм
биш биз гэсэн санааг хамтрагч эмч нартаа хэлсэн байна. Гэвч цаадуул нь эл саналыг нь сонсоод
инээлдэж байсан төдийгүй, бүр тийм үл гүйцэлдэх тайлбар дэгдээгээд хамтран зүтгэгчдээ эвгүй
байдалд оруулаад байх юм бол эмчийн ертөнцөөс хөөхөөс өөр аргагүй гэж түүнийг буруутгаж
байв. Түүний дараа Женнер Лондон явж, нэрт эмч Жон Хантерт очиж шавь оржээ. Тэр явдал
түүний хувьд туйлын азтай хэрэг байв. Хантерт өөрийн бодлоо ярихад тэрхүү нэрт анатомич:
"Бодоод суугаад байлгүй, туршаад үзэгтүн. Харин тэвчээртэйгээр, бат ноттой хийж үзэх нь чухал
шүү" гэжээ.

Wednesday, July 7, 2010

5.Итгэл хүч болдог



Бусдад хүлээн зөвшөөрөгдөлгүй байсаар халуун чулуу долоосон хүн аггуу хүмүүсийн дунд олон.
Гэвч агуу хүн, бусдын үнэлэлт сэлтийг тийм ч ихээр тоодоггүй. Өөрийнхөө хувь нэмрийг чин үнэнчээр
гүйцэтгээд сэтгэл нь ханавал, тэдний хувьд зүйрлэшгүй баяр хөөр болж байдаг. Вильям Харвей цус биеийн
дотор эргэлдэж байдаг гэсэн баримтыг анх нээсэн эмч билээ. Тэрээр энэхүү тайлбарыг нийтэд зарлах
хүртлээ найман жил гаруй судалж, бэрх төвөгтэй туршилтыг дахин дахин хийж өөрийнхөө нээлтийн зөв
болохыг баталсан юм. Гэлээ ч тэрхүү тайлбар тэр цагийн эрдэмтдийн ертөнцөөс улангассан эсэргүүцэл
хүлээнэ гэдгийг тэрвээр багцаалдаж байсан бололтой. Харвей удалгүй өөрийн нээлтийг нэг ном болгон
нийтлэв.
Тэрхүү илтгэл хэллэг нь хүртэл эеврүү агаад илтгэлийн гол утгыг хялбар тайлбарлаж, сэнхрүүлэх
чадвараар баялаг байв. Гэсэн хэдий ч түүнийг зөвхөн тохуурхлын дуу хоолой хүлээж авсан юм.
Түүний тайлбар нь галзуу солиотой луйварчны чалчаа үг гэж тооцогдон зүйл дуусчээ.
Хэсэг хугацаанд Харвейн тайлбарыг дэмжих хүн нэг ч гарсангүй. Түүний чихэнд хүрч буй бүхэн
нь доромжлол, доог тохуу л байлаа. Тэрээр эртнээс нааш гүн хүндэтгэн үзэж байх ёстой анагаах
ухааны сүр хүчинд эргэлзээ төрүүлсэн мунхаг мугуйд этгээд хэмээгдэж, түүний тайлбар Библийн
судрын бишрэл итгэлийг эвдэж, ёс суртахуун хийгээд шашин шүтлэгийн үр үндэс сэлтийг ч
эвдлэх зүйл хэмээн буруутгагдсан байна.
Харвей эмчийн ажлаа ч санаснаараа хийж чадахгүй болов. Найз нөхдийн ихэнх нь
түүнийг орхин оджээ.
Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа сэтгэлгээний сайн мууг ялгадаг хүмүүсийн
дунд түүний тайлбар бага сагаар анхаарал татаж эхлэсэн байна. Харин цусны циркуляци шинжлэх
ухааны батлагдсан үнэн болж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэлээ хорин таван жил
шаардагдсан билээ.

Monday, July 5, 2010

"Цаг хугацаа гэдэг арилж үгүй болдог зүйл,арилж үгүй болохын нүгэл нь бидэнд буй"



Цаг хугацаа гэдэг арилж үгүй болдог зүйл, арилж үгүй болохын нүгэл нь
бидэнд бий. Оксфордын нэгэн коллежийн цаг дээр сийлсэн энэхүү гайхамшигтай үг шиг залуу хүмүүсийн
хүмүүжил сахилгад тохиромжтой үг үгүй юм. Мөнхийн энэ ертөнцийн үнэн дотор, өчүүхэн бага цаг хугацаа
л бидний чөлөөтэй шийдлийн мэдэлд байдаг. Тэгээд хүний амьдралтай адилхан, цаг хугацаа ч гэсэн өнгөрч
орхивол дахиад дуудан эргүүлж болдоггүй. Санваартан Жексон: "Хорвоогийн эд баялгийн тухайд бол урьд
нь ужид самуунд байдгаа барлаа ч гэсэн ирээдүйдээ арвилан хэмнэлтэд шамдаж чадвал түүгээрээ тэнцээд
авч магадгүй юм. Харин "өнөөдөр дэмий үрсэн цагийг маргаашийн цагаар зээлдэж нөхье" гэж хэн хэлж
чадах юм бэ?" гэжээ. Цаг хугацаа гэдэг ховор чухал өмч юм. Өнгөрсөн үеийн суут хүмүүс бүгдээрээ цагийг
үр ашигтай ашиглаж баялаг сэтгэлгээ болон амжилт бүтээлийг төрүүлж, тэрхүү эрдэнэсийг хойч үеийн
бидэнд үлдээж өгсөөр ирсэн билээ. Амжилт олох хүртлээ асар их цаг хугацааг тэвчин элээж, хичээн
зүтгэсээр ирсэн хүний жишээ цөөнгүй байдаг. Ньютон "Он дарааллын бичиг" бүтээлээ өөрийн санаандаа
хүртлээ арван таван удаа засварлан бичиж, түүхч Гибон "Өөрийн намтар"-ын гар бичмэлээ 9 дахин зассан
гэдэг. Хьюм "Англи улсын түүх" бүтээлээ бичиж байхдаа өдөрт 13 цаг ширээндээ суудаг байжээ.
Монтескью өөрийн бүтээлийн тухай найздаа ярихдаа: "Чи энэ номыг хоёр гурван цагийн дотор уншаад
дуусгаж магадгүй. Харин туүнийг бичихээр адгаж суух үеийн миний алжаал ядаргаа гэдэг толгойны үс цайх
шахуу бэрх зүйл байсан юм шүү гэжээ
Сэтгэлдээ орж ирсэн санаа, үзэж сонссон бодит баримтыг зайлшгүй бичиж тэмдэглэж үлдээдэг
заншлыг эзэмших хэрэгтэй. Ингэвэл хүчтэй сэтгэгдэл санаанд тод үлдэж, чухал зүйлийг марталгүй авч
хоцордог. Бэкон олон тооны гар бичмэл үлдээгээд эцэслэсэн бөгөөд түүнийгээ "бүтээлдээ хэрэглэхээр
бичиж тэмдэглэж авсан санаанууд" гэж гарчигласан байжээ.
Пай Смитт залуу байхдаа эцгийнхээ хамтаар номын үйлдвэрт очиж үзэж байсан бөгөөд тэр цагаас эхлэн
өөрийнхөө уншсан номын чухал хэсгийг товчлон авч, өөрийн шүумж сэтгэгдлээ ч бичиж буулгах заншилтай
болжээ. Тэрээр бүхий л амьдралдаа материал цуглуулахад идэвхийлж ирсэн бөгөөд "цаг ямагт суралцаж,
урагшилж, мэдлэг хуримтлуулж байх" гэж намтар бичигч хүнд ахадмаар шахам мэрийн чармайгч байлаа.
Ийнхүү бичиж тэмдэглэсэн дэвтэр нь зохиол бүтээл туурвихын сацуу эрт эдүгээгийн хэрэг явдлын гайхам
эрдэнэсийн агуулах болох нь дамжиггүй.
Нэрт эмч Жон Хантер ой тогтоох чадвараа муудахаар тэмдэглэл хийж нөхөж байсан бөгөөд
тэмдэглэл хийхийн ач холбогдлыг тайлбарлаж:"Санаандаа орсноо болон үзсэн харсанаа бичиж тэмдэглэж
авах нь худалдаачин хүн эд бараандаа тооллого хийхтэй адил юм. Түүнийг хийхгүй бол өөрийн дэлгүүртээ
юу байгаа, юу байхгүйг огт мэдэхгүйтэй адил биз дээ" гэжээ.

Monday, June 28, 2010

Мунхагийг агуу болгон хувиргахад "ганц цаг"ч нөлөөтэй



Багахан цагийг ч дэмий үрэлгүй байнгын хүчин чармайлтаа ҮРгэлжлүүлж байвал хуран
хуримталсаар том үр дүнд хүрдэг. Өдөр бүр ганц цаг ч бай, зорилго үгүй өнгөрөөж байгаа хормыг
ямар нэгэн ашиг тустай зүйлд хандуулж үзэх нь сайн. Тэгвэл жирийн, ердийн чадвараас илүүгүй
хүн хүртэл заавал нэгэн эрдэм зэргийг төгөлдөр эзэмшиж чадах болно. Ингэвэл ямар ч мэдлэггүй
хүн хүртэл арван жил хүрэхгүй хугацаанд замаа өөрчлөх хүртэл асар мэдлэгтэй агуу хүн болон
хувирах нь лавтай.
Цаг хугацаа бол сурвал зохих үнэ цэнтэй мэдлэгийг хурааж, аихалтай итгэл, зоригийг
төрүүлж, сайн дадал заншлыг биедээ эзэмшихийн тулд л зарцуулагдах ёстой зүйл билээ. Үр жимсгүй
амьдралаар цагийг барахыг өршөөж боломгүй.
Эмч Мейсон Гүүд хүн үзэхээр Лондонгийн гудамжаар морин тэргээр давхиж явахдаа хүртэл жуузан дотор
эртний Ромын яруу найрагчийн шүлгийг орчуулсаар байсан гэдэг. Дарвин мөн адил морин тэргээр
өвчтнүүдийн гэрийг тойрч байсан бөгөөд тэмдэглэлийн цаасыг барьж алхлан толгойдоо орж ирсэн санааг
тэр дор нь тэмдэглэж авахаар хичээж байжээ.
Чарльз Барней франц болон итал хэлийг шавьдаа хөгжим заахаар явах замдаа мориныхоо эмээл
дээр сурч, яруу найрагч Кирк Вайт грек хэлийг ажиллаж байсан хуулийн товчоондоо очих, буцах замдаа
эзэмшжээ. Америкийн хэл шинжлэлч Элихю Варрит "миний амжилтанд хүрсэн нь гоц авъяас бус. Өдөр бүр
өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх" гэж өгүүлсэн байдаг. Тэрээр амьдралын хэрэгцээгээ
дагаж металлургийн ажилчнаар ажиллах явцдаа эрт эдүгээгийн арван найман хэл, европын хорин хоёр аман
аялгууг төгс эзэмшсэн ажээ.

Friday, June 4, 2010

4 Аз жаргал чиний гар хүрэх газарт чамайг хүлээж буй



Дахин давтан хэлж буйчлан биднийг аварч туслах нь тохиолдлын хүчин бус, хатуу
тогтсон зорилгодоо хандаж тэвчээртэй шургуу урагшлах явдал л юм. Зориг зүрх муутай, залхуу
хүн, бас зорилгогүй сэлгүүцэх хүнд ямар ч аз жаргал хүртэл утга учиртай байдаггүй. Тэдний
нүдний өмнүүр бололцоо жирэлзэн өнгөрлөө ч түүний утгыг ч ойлголгүй үүлгэртэн байсаар хараа
алдан хоцордог юм.
Нөгөө талаар, аз жаргалын охин тэнгэрийг тэвэрч тогтоое гэж анаж байгаад дайрвал
заавал ч үгүй гайхмаар амжилт олж магадгүй. Боломж ямагт бидний гар хүрэх газар хүлээж буй.
Гагцхүү хэргийн гол нь түүнийг сэргэг барьж авч гүйцэлдүүлэхийн тулд урагшаа алхаж чадах уу
үгүй юу гэдэгт байдаг.
Вутт тооцоолуур зохион бүтээхийн хажуугаар хими болон физик судлаж, Швейд будагчнаас
герман хэл сурсан гэдэг. Уурын хөдөлгүүрт машин зохион бүтээсэн Стифсон нүүрсний уурхайд
машин барингаа ээлжгүй шөнөө тоо бодлого, Геометр үздэг байлаа. Үдийн ундны өчүүхэн
чөлөөндөө нүүрсний тэрэгний тэвшийг самбарын оронд хэрэглэж ,цэрдээр тоо бодлогын дасгал
хийдэг байсан гэдэг.
Физикч Дальтоны хувьд хичээл зүтгэл гэдэг бага наснаасаа биедээ эзэмшсэн амьдралынх
нь хэвшил байлаа. Тэрээр ердөө арван хоёрхон насандаа хөдөө тосгоны сургуульд багшилж
байжээ. Өвөл хичээлтэй, зун нь эцгийнхээ тариан талбайд ажиллана. Эрхэмсэг санваартны гэр
бүлд төрсөн хэдий ч тэрээр найзуудтайгаа ямагт мөнгөөр дэнчин тавих хүртлээ эрдмээр өрсөлддөг
байв. Нэгэн удаа түвэгтэй асуудлыг амжилттай шийдэж, тоймгүй их мөнгө гартаа хийсэн ч тэр их
мөнгөөрөө өвөл хэрэглэх лаа худалдан авч бэлдсэн гэдэг.
Дальтон нас барахаасаа нэг хоёр өдрийн өмнөхөн хүртэл үзэгдэл зүйн хуулийг үргэлжлүүлэн
судалж байсан бөгөөд бүхий л амьдралдаа хурааж бөөгнүүлсэн ном судар нь хорин түм давсан
гэдэг.

Friday, May 28, 2010

Залуу цагийн гэнэтийн учрал нэг насны чиг болох учир бий



Өчүүхэн, өдөр тутмын явдал судалгааны ажлын шалтгаан хийгээд дуудлага болох
тохиолдол олон байдаг. Мэдээж хэрэг, уг хүн соргогоор тэрхүү боломжийг шүүрч ашиглаж чадвал
шүү. Физикч Фарадей ном хавтаслагч байхдаа архины ганц шил ашиглаж цахилгааны туршилтыг
анх хийжээ.Жирийн ажилчин хүн шинжлэх ухаанд зориглох нь нэлээд содон явдал боловч, түүний
шалтгаан өчүүхэн бага зүйлээс улбаатай байлаа. Нэг удаа Фарадей нэвтэрхий толь бичигний
хавтасхийж байсан өгөөд тэнд "цахилгаан" гэсэн бүлэг байхыг санаандгүй анзаарчээ.
Сонирхолтой байсан тул тэр хэсгийг байн байн уншдаг байсан бөгөөд тэднийд хааяа вангийн
шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн нэг хүн ирдэг байлаа.
Тэрээр ажилчин залуу цахилгааны асуудал сонирхож байгааг мэдэж хүрээлэн дээрээ
очиж лекц сонсох боломж олгожээ. Тун удалгүй Фарадей тийш очиж, эрдэмтэн Дейбийн
цахилгааны тухай лекцэнд суусан байна. Тэрээр лекц тэмдэглэсэн дэвтрээ түүнд үзүүлтэл Дейби
түүний тэмдэглэл шинжлэх ухааны хувьд яв цав зөв болсныг анзаарчээ. Тэр үед Фарадейг ердийн
л ажилчин хүн гэдгийг сонсоод бүр ч гайхсан гэдэг.
Фарадей шинжлэх ухааны судлалд сонирхолтой гэдгээ илэрхийлэхэд нь Дейби энэ бодлоо
орхихыг түүнд ятгаж байсан удаатай. Гэвч нэг мэдэхэд залуу хүүгийн эргэлт буцалтгүй халуун
хүсэлд цохигдож, түүнийг туслахаа болгон вангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ам бүл нэгэн
гишүүнээр нэмэгджээ. Дейби ч өөрөө, угтаа эмийн санчийн шавь байсан бөгөөд түүний бүтээл
ийнхүү Дейбигээс дутахгүй ухаалаг, ном хавтаслаач залуу Фарадейд
уламжлагдсан ажээ.
Францын эрдэмтэн Кюбиэр туйлын зөв тодорхой, няхуур, шургуу, ажиглах хараа бүрдсэн
хүн байв. Байгалын шинжлэлд татагдсан шалтгаан нь хүүхэд байхдаа Вьюхоны бичсэн нэг номтой
учирсан явдал байлаа. Тэрээр уг номын зургийг буулган авч, номонд тайлбарласан ёсоор өнгөөр
будаж хичээллэсэн ажээ. Бас сургуулийнхаа багшаас Линнерын "System of Nature" номыгбэлгэнд
авсан бөгөөд эл ном тэр цагаас хойш арав гаруй жилийн турш түүний ширээний ном байсан гэдэг.
Кюбиер 18 настайдаа Норманж мужид айлд гэрийн багшаар очсон байна. Тэднийх далайн эрэг
хавьд байсан тул гайхамшигт далайн амьтдын амьдралын хэв маягийг бүр ойрхноос ажиглаж
чадах болжээ. Нэг өдөр элст эргээр зугаалж явтал нэгэн наймаалж усны захад хэвтэж байлаа.
Тэрээр тэрхүү ховорхон хэлбэртэй амьтныг сонирхож түүнийг задлан үзье хэмээн гэртээ авч
иржээ. Ийнхүү зөөлөн биет амьтны судалгаа нь эхлэсэн түүхтэй. Энэ судалгаагаараа тэрээр сүүлд
нь өндөр алдар хүндэд хүрсэн билээ.
Кюбиер судалгаандаа хэрэг болох нэг ч гарын авлагатай байсангүй. Гагцхүү их байгаль
гэгч агуу их сурах бичиг тийнхүү хуудсаа нээгээд түүнийг хүлээж байсан байна. Тэрээр нэгд
нэгэнгүй няхуур ажиглах чадвараа соргог ашиглаж одоогийн далайн амьтдын анатоми болон
чулуужилт хоёрыг харьцуулсан судалгаагаа үргэлжлүүлсээр гурван жилийн дараа далайн амьд
амьтдын цоо шинэ системийн хуулийн үндсийг тавьсан билээ. Энэ судалгааныхаа ачаар залуу
биологич Клобиерын нэр удалгүй дэлхий дахины анхаарлыг татах болсон гэдэг.