Friday, April 22, 2011

Мөнгөний өрний цаана худал зугаалж явдаг



"Хоосон уутыг босоо зогсоож болдоггүй" гэдэг зүйр үг байдаг агаад энэ бол өртэй хүнд нэгэн адил
хамаарах юм. Бас "худал нь өрний ар нуруун дээр сууж зугаалдаг" ч гэлцдэг. Үнэн хэрэг дээрээ өртэй хүн
барагтай л бол шудрага болдоггүй. Мөнгө зээлэхдээ, бас зээлсэн хүнд төлөх хугацааг сунгахдаа учирлалыг
сайн нягталж байж гаргахгүй бол болохгүй, сүулд нь нэг л мэдэхэд зохиомол яриагаар хүртэл хуурахад
хүрдэг.
Эхлээд өр тавих үед хэн ч үхэн хатан байж ,хугацаат өдөрт нь мөнгөө эргээж төлөхөө амлаж
байдаг. Гэсэн ч нэг удаа залилан эргалж чадвал амтшиж, дахиад зээлсэн ч дажгүй гэж бодоод эхлэнэ.
Тэгээд цай буцлахын зуургүй өрний там руу өнхөрч унаад, яагаад ч тэндээсээ сугаран гарч чадахгүй болно.
Ер нь өр зээл рүү нэг алхам алхах нь худал хэлэх рүү алхаж буй нэг алхам болдог. Тэгээд өр зээл нь хийлсэн
мэт томрохын хэрээр худал нь худлынхаа хүүг төрүүлэн үржих бөлгөө.
Зураач Хэйдоны уруудаж унасан нь өр зээлд гараа дүрсэн тэр өдрөөс эхэлсэн ажээ. Тэрээр "үгүйрвэл
мөхөхийн"-ын зүйр үгийг газар дээр нотлох мэт амьдралаар амьдарч ирсэн бөгөөд түүний өдрийн
тэмдэглэлийн нэг хуудсанд: "Мөнгөний өрөнд хөөгдсөн амьдралд хөлөө дүрснээс хойш, одоо хүртэл түүнээс
гэтлэн гарч чадаагүй явна. Лавтай энэ насандаа би энэ шавар балчигнаасаа зугатааж гарч чадахгүй бизээ"
гэжээ.
Тэрээр мөнгөний асуудалд аль хэр цөхрөнгөө барж, ажил ч барьж авч чадалгүй, хэзээ ямагт
шоовдорлогдохын ичгүүрийг амталж байсан нь түүний өдрийн тэмдэглэлийг уншихад тодорхой байна.
Тэрээр тэнгисийн цэргийн флотод алба хаахаар болсон нэгэн залууд бичсэн захидалдаа:
"Хүнээс л мөнгө зээлэхгүй бол гар дээр хүрч ирэхгүй байгаа цэнгэл мэтийг хэрхэвч хүсэмжилж
болохгүй. Мөнгө бүү зээлэгтүн! Өр хүнийг уруудуулж унагаадаг. Мөнгө зээлүүлнэ гэж бүү хэл, өөрийнхөө
өрийг эргүүлж өгөхгүй юм бол хүнд ч зээлүүлэхийн хэрэггүй. Ямарч гэсэн, ямар ч тохиолдолд мөнгө зээлж
огт болохгүй шүү" гэжээ.
Самуэл Жонсон "Залуу цагийн өр биеэ егүүтгэхтэй хөтлөлцдөг" гэж ямагт хэлдэг байжээ. Тэгээд
дараах ухаалаг үгийг бичиж үлдээсэн байдаг.
"Мөнгөний өрийг "жаахан базаахгүй эд" гэхчилэн хөнгөхөн бодож боломгүй. Өр бол аюул гамшиг
юм. Ядуу болох юм бол сайн Үйлийг хийеэ гэсэн ч арга чаргаа алдаж, бие сэтгэл хоёулаа муугаас хаацайлах
чадалгүй болдог. Тиймээс ядуурлаас л яаж ийгээд зугатаах естой юм. Ядуурлаас зайлс хийхдээ тэсч тэвчээд
хэнээс ч гэсэн мөнгө зээлэхгуй байвал сайн. "Ядуурч байх ёстой юу" гэж шүд зуу. Гартаа байгаа юуг ч гэсэн
арвилан хямгад. Хоосон ядуу байна гэдэг аз жаргалыг үргээдэг том дайсан юм.Тэр, эрх чөлөөг чинь эвдлэн
бусниулж, заримдаа сайн суртахууныг ч бас самууруулдаг эд.
Даруухан амьдралаар амьдарч чадвал сэтгэл зүрхэнд амар тайван зочлон ирж, бусад хүнд ч хишиг
буянаа өгдөг. Өөрт нь тусламж хэрэгтэй хүн, өрөөл бусдад туслана гэж байдаггүй. Хангалттай хурааж
цуглуулж байж хүнд түүнээсээ хувааж өгдөг юм" гэжээ.
Өрнөөс зайлсхийхэд, мөнгөний орлого зарлагадаа цаг ямагт санаа тавьж, орсон гарсныг
хичээнгүйлэн бичиж тэмдэглэж байх нь чухал юм. Гүн ухаантан Жон Локк "мөнгөний орлого зарлагыг
тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэж байх заншил бол чинээлэг амьдрахад хамгийн их хэрэг болдог"
гэж өгүүлсэн байдаг.
Вашингтон ч гэсэн мөнгөний асуудалд үнэндээ нарийн хандаж, санаа тавьдаг байлаа. Тэрээр ямагт
өөрийнхөө хүчин чадалд тохирсон шударга амьдралаар амьдаръя гэж зүтгэж байсан билээ. Америкийн
Ерөнхийлөгч хэмээх хамгийн дээд байр суурьт хүрснийхээ дараа ч, нөгөөх л зангаараа гэрийнхээ өрхийн
тооцооны дэвтрээ нарийвчлан нягталсаар байсан гэдэг.

No comments: