Wednesday, April 6, 2011

Ядуу байдлыг арилгах дөрвөн сайн чанар



Бүүдгэр амьдралд хөтлөгдөж байгаа хүн доошоогоо зузаарч буй зовлон гачаалаа хэзээ ч нухэлж гарч
чаддаггүй. Тийм хүний гээгдэж ганцаардсан, чадал хүчгүй амьдрал нь өршөөлгүй үргэлжилж удалгүй
нийгмийн булан руу хөөгдөж, цаг хугацааны ширүүн давалгааны тоглоом болдог. Тийм хүний өөрийгөө
хүндэтгэх сэтгэл нь арилж алга болдог учир хавь орчны хүндлэлийг ч эс олно. Уналт доройтолдоо нүд нь
эрээлжилсэн хүн шууд л яахаа үл мэдэх гацаанд унадаг. Их бага ч гэсэн хурааж хуримтлуулсан зүйл байвал,
хийе гэсэн сэтгэл нь өндийж болох авч, тийм юм үгүй бол бусдын амаар хөдлөхөд хүрдэг ажээ. Буурь
суурьтай мэдрэмжтэй хүн ийм амьдралаар амьдрах дээр тулвал эхнэр хүүхдийнхээ явах зүгийг төсөөлөөд
шуудхан л бие нь зарсхийн дагжин чичрэх бизээ.
Улс төрч Гобеден Ха ажилчин хүнд:
"Эртнээс нааш, хорвоо ертөнцөд хоёр төрлийн хүмүүн байдаг. Мөнгө хурааж хуримтлуулдаг,
мөнгийг үрж зардаг, өөрөөр хэлвэл хэмнэж хямгаддаг хүн, үрэн хийсгэдэг энэ хоёр болой. Хямгач хүн бол
гэр, үйлдвэр, гүүрийг барьж байгуулж, цаашлаад асар их ажлыг хийж гүйцэтгэн, бидэнд иргэншил хийгээд
баяр баясгаланг бэлэглэж байдаг. Гэтэл өөрийнхөө хөрөнгийг дэмий үрэн таран хийж ирсэн хүн ямагт
хямгач хүний боол байсан.
Ямар ч цаг үед ийм үзэгдэл байгалийн хууль бөгөөд бурхны зарлиг юм. Хэрвээ би "ирээдүйгээ огт
бодолгүй дэмий сул бүүдгэр амьдралаар явж ирсэн ч амжилт олж чадна" гэх мэтээр ам гарвал утгагүй
мэхлэгчийн муу нэрийг зүүж орхих бизээ"гэжээ.
Улс төрч Жон Плойд ч 1847 онд Рождейлын ажилчдын цуглаан дээр мөн адил зүйлийг хэлсэн
байдаг. "Одоогийн амьдрал чинь таатай байгаа бол түүнийгээ тэтгэж хадгалж, сайн бус байгаа бол засан
сайжруулж явах ёстой бөгөөд ингэхэд баталгаатай арга зөвхөн ганц байдаг. Тэр бол хичээл оролдлого,
хэмнэж гамнах, биеэ барин тэвчих, тэгээд зөв сэтгэл хэмээх сайхан суртахууныг дагах явдал юм. Дутагдаж
гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан
чанарыг гүйцэтгэн биелүүлэхээс өөр ойрын зам үгүй юм.Ийм амьдралаа өөд нь татаж, амжилтыг барьж авч
байгаа хүн олон байдаг юм шүү".
Жирийн ажилчдын дотор ч гамнаж хямгадахаар чармайж, өндөр эрмэлзлэл өвөрлөн, эрдэм
ухаанаар бялхаж, хангалуун амьдралаар амьдарч буй хүн олон. Тэд зөвхөн тэр байдлаараа л хүндлэл
хүлээхээр аз жаргалтай хүмүүс, тэднийг нийгэмдээ ч хангалттай хүчин зутгэж байгаа гэж хэлж болох бизээ.
Тэгвэл хэн ч гэсэн ингэж амьдаръя гэж бодвол чадах билээ. Тэдэнтэй адилхан аргаар ажиллавал үр дүн нь ч
мөн адил гарах бөгөөд тэр ерөөс хэцүү хэрэг биш юм.
Өдрийнхөө хөдөлмөрөөр зөвхөн өдрийнхөө л амьдралыг залгуулж явдаг хүн аль ч улсад бий. Тэд
хэмнэж гамнадаггүй бөгөөд, юм мэдэхгүйн хийгээд хувь тавилангүйн нажидыг эдэлж явдаг, тэгээд тийм буй
өөрийнхөө нөхцөл байдалдаа ямагт гомдолтой байдаг гэтэл энэ нь өөрсдийнх нь сул тал, дур зоргоороо,
зөрүүд гөжүүд байдгийнх нь уршиг юм. Ажил хийдэг хүмүүсийн дунд өөртөө туслахын ухаан үр үндсээ
таривал тэд шуудхан л өндөр дээд оюун санаа, сайн суртахуунаар бялхсан амьдрал руу татагдан дээшлэх нь
зайлшгүй.
Монтеннью өгүүлэхдээ: "Янз бүрийн зан суртахуун шилдэгсайн хүмүүсийн амьдралд төдийгүй, нэрийг ч үл
мэдэх жирийн харц хүмүүсийн амьдралд ч нэгэн адил хамаатай. Хун хэн ч байсан өөрийн дотоод сэтгэлдээ
хүн болж амьдрахын төлөөх нөхцлүүдээ бүрэн төгс бүрдүүлсэн байдаг юм"гэжээ.

No comments: